Австрали улсад өчигдөр /2019.05.18/ бүх нийтийн сонгуулийн санал хураалт болж өнгөрсөн. Ерөнхий сайд Скотт Моррисон тэргүүтэй Либераль нам болон сөрөг хүчний Хөдөлмөрийн намын хооронд гол өрсөлдөөн өрнөснөөс эрх баригч Либераль нам ялалт байгуулжээ.
Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Ерөнхий сайд Моррисон эдийн засгийн өсөлт, ажлын байрны нөхцөл байдал сайжирсан зэрэг Засгийн газрынхаа ололт амжилтуудыг онцолж, татварыг бууруулахаа амлаж байв.
Харин сөрөг хүчин Хөдөлмөрийн намын удирдагч Билл Шортен бага орлоготой хүмүүсийн төлөх татварыг бууруулж, татвараас зайлсхийхэд ногдуулах шийтгэлийг чангатгах амлалт өгсөн. Үүний зэрэгцээ байгаль орчныг хамгаалах чиглэлд олон арга хэмжээ авч хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдэж байжээ.
Сонгуулийн хороо "Өнөөдөр 10.00 цагийн байдлаар эрх баригчид Доод танхимын 151 суудлын 74-д, сөрөг хүчин "Хөдөлмөр"-ийн нам 66 суудал, бусад намууд 6 суудал авлаа" хэмээн мэдээлснээр сонгуулийн дүн тодорхой болжээ.
Үүний дараа Ерөнхий сайд ард түмэндээ хандан "Маш их баярлалаа. Та бүхний итгэлийг алдлахгүйн тулд бүхий л хүчээ дайчлах болно. Би үргэлж гайхамшигт итгэсээр ирсэн. Хамгийн түрүүнд хийх алхам бол улсынхаа эдийн засгийг хүчирхэгжүүлэх" гэж хэлсэн байна. Хөдөлмөрийн нам сонгуульд ялагдсанаа хүлээн зөвшөөрч, С.Моррисонд баяр хүргэж буйгаа илэрхийлжээ. Мөн тэрбээр албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдсэн байна.
Сонгуулийн өмнө явуулсан санал асуулгуудын дүнгээс үзэхэд хоёр намын санал тун ойролцоо байжээ. Сонгуульд санал өгөх эрхтэй 16.4 сая сонгогч байсан бөгөөд хамгийн сүүлд явуулсан сонгуулийн ирц 95 хувьтай байсан юм.
Эх сурвалж:REUTERS
Холбоотой мэдээ