МАН-ын ЖДҮ-чдээ хамгаалах Итгэлийн зээл

Хуучирсан мэдээ: 2019.05.19-нд нийтлэгдсэн

МАН-ын ЖДҮ-чдээ хамгаалах Итгэлийн зээл

МАН-ын ЖДҮ-чдээ хамгаалах Итгэлийн зээл

“Ньюс” агентлаг өнгөрч буй долоо хоногт Монголын улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.

Гурван хувийн хүүтэй итгэлийн зээлийн сураг

Жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг хүрэлцээтэй байлгаж чадахгүй, гурван жилийн турш чихээ хангинуулж буй  МАН өнгөрсөн долоо хоногийн даваа гаригт иргэддээ жилийн гурван хувийн хүүтэй итгэлийн зээл олгоно гэж шуугиулав.  Бизнесийн зээлийн хүүг буулгаад өг гэхэд ч гараа хөдөлгөөгүй эрх баригч хүчний гишүүд гэнэт Итгэлийн зээл нэртэй хуулийн төслийг санаачилж, УИХ  дахь МАН–ын бүлэг дэмжсэн нь улсынхаа эдийн засгийн чадавхи, иргэдийн амьжиргааг бодохоос илүүтэй ирэх онд болох сонгууль угтсан шоу гэж үзэх хэсэг ч байгаа юм.  Нөгөө талдаа Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан (ЖДҮХС) -гаас “хуссан” хулгайгаа цайруулах боломжийг эрэлхийлэх оролдлогынх нь илэрхийлэл ч гэж үзэж байна.

Итгэлийн зээлийн дээд хэмжээ 20 сая хүртэл байна. Орлогогүй, ажилгүй иргэн олон байгаа үед ажлын байр нэмэгдүүлэхэд анхаарахгүй бол Итгэлийн зээл жинхэнэ эзэддээ хүрэхгүй ЖДҮ-дүүлэх вий гэдэг болгоомжлол ч төрүүлээд байна.

Гэхдээ Итгэлийн зээлийн эх үүсвэрийг хаанаас босгох, хэдий хэмжээний санхүүжилттэй байх вэ гэдэг одоогоор тодорхойгүй байгаа юм.

Ерөнхийлөгч хүчингүй болсон хуулиар хориг тавьсан уу? 

УИХ-аас баталсан Татварын багц хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 14-нд бүхэлд нь хориг тавив.

Хориг тавих болсон үндэслэлээ төрийн тэргүүн “УИХ-аас баталсан уг хуулиуд нь аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учруулах, дарамт шахалтыг нэмэгдүүлэх, авлигын нөхцөл байдлыг хүндрүүлэх, татварын болон төсвийн орлого буурах, үндэстэн дамнасан корпорациудын улс дамнан үйлдэж байгаа татвараас зайлсхийх, мөнгө угаах, хүү хүүлэх зэрэг зарим үйл ажиллагааг өөгшүүлсэн байна” гэж үзсэн юм.

Гэвч Татварын багц хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар батлуулсан Сангийн сайд Ч.Хүрэлбаатар энэхүү хоригийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдэж, няцаав. Тэрбээр "Татварын багц хуулинд бүхэлд нь хориг тавихдаа 2006 онд хүчингүй болсон, байхгүй хуулинд хориг тавьчихжээ. Хуулиа уншдаггүй юм гэхэд ядахдаа хуулийн нэрийг нь уншиж баймаар юм." хэмээн мэдэгдсэн.

Мөн “Оюутолгой ХК-д давуу байдал олгох заалт оруулж ирлээ гэдэг зүйлийг Ерөнхийлөгч хоригтоо тусгасан байсан. Татварын багц хуульд бичсэн байгаа. Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулдаг хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшдэг компаниуд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт огтхон ч үйлчлэхгүй гэдгийг дахин хэлье. Хоёрдугаарт, “Үнэ шилжилтийн нимгэн капиталжуулалтын дүрэм”-ийг дордуулчихлаа гэсэн. Харин ч эсрэгээрээ. Манай улс Европын холбооноос гаргадаг татварын хар жагсаалтад орсон байсан. Үүнээс гарах нэг нөхцөл нь үе шилжүүлэхийн эсрэг заалт манай татварын хуулиуд дээр байхгүй байна. Үндэстэн дамнасан компаниудад олгоод байна гэсэн учраас хуульдаа оруулсан. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригт тусгагдсан асуудал нь үндэслэлгүй, гүтгэлэг” гэж няцаасан юм.

УИХ-аас баталсан хуульд Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хэсэгчлэн болон бүхэлд нь хориг тавихад УИХ хэлэлцэн, хүлээн авах эсэхээ шийддэг. УИХ хоригийг хараахан хэлэлцээгүй байгаа ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “УИХ хоригийг хүлээн авахгүй” гэдэг тайлбарыг урьдчилан өгөөд буй.

Онцолход, Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойш Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай холбогдох дөрөв дэх хоригоо тавьсан нь энэ бөгөөд өмнө нь 2018 оны төсвийн хуульд хэсэгчлэн хориг тавихад “Алдаатай хориг тавьсан” гэдэг асуудал хөндөгдөж байв. Тухайлбал, Ерөнхийлөгчийн хоригт улсын төсөв, нэгдсэн төсөв хоёрын агуулгыг нь ойлгоогүй, хольж бичсэн. УИХ нэгдсэн төсөв биш зөвхөн улсын төсвийг баталдаг. Нэгдсэн төсөв бол улсын төсөв, орон нутгийн төсөв, нийгмийн даатгалын сан зэрэг дөрвөн бүрэлдэхүүнээс бүрддэг гэх тайлбарыг тухайн үед Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өгч байлаа.

Харин хоригийг УИХ-аар хэлэлцүүлж байсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ““Хоригоо харсан чинь улсын гэдэг үгийг нэгдсэн гэж андуурсан байна. Хоёрдугаар хуудсан дээр 2.5 гэхийг 5.2 гээд хоёр тоог хооронд нь зөрүүлж бичсэн хоёр алдаа байна. Энэ алдааг гишүүд засаад уншаад явчихаарай гэж хүсч байна” хэмээн хэлж, олон нийтийг шуугиулж байв.

Ш.Раднаасэд МАН-аас гарах өргөдөл өгөв

МАН-ын Хяналтын ерөнхий хороо энэ сарын 16-нд хуралдаж УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт таван жилийн хугацаатай улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргасан юм. Эл шийдвэрийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд эсэргүүцэж, МАН-аас гарах өргөдлөө мэдүүлсэн бол Д.Дамба-Очир гишүүн “Ингэж байхаар намаас хөөчихгүй дээ” гэж мэдэгдсэн ч одоогоор өөрийн хүсэлтээр намын гишүүнчлэлээсээ татгалзах тухай шийдэмгий алхам хийгээгүй байна.

МАН-ын Хяналтын ерөнхий хороо нь УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг Оюутолгой төслийн хэрэгжилтийг шалгасан УИХ-аас байгуулагдан ажилласан ажлын хэсгийн нууц дүгнэлтийг Рио Тинто компанид хүргүүлсэн, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийг хэрэг хөөн хэлэлцэх хугацааг бууруулсан гэж үзэн, хариуцлага тооцох шийдвэр гаргасан юм.

УИХ дахь МАН-ын бүлэг Хяналтын ерөнхий хорооны эл шийдвэрийг эсэргүүцэж хүлээн авахгүй гэдэг байр суурьт нэгдсэн бол Ш.Раднаасэд гишүүн “Үндсэн хуульд Монгол Улсын Их хурлын гишүүн хэлсэн үг, гаргасан саналынхаа төлөө хариуцлага хүлээхгүй гэж заасан байдаг. Үндсэн хууль зөрчсөн шийдвэрийг Хяналтын ерөнхий хороо гаргасан” гэж хамгаалалт хийсэн.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир ч хоцрсонгүй, “Тагнуулын ерөнхий газар асуудлыг шалгаад улсын нууц задруулаагүй” гэдэг хариуг ирүүлсэн гэж мэдэгдээд байгаа.

МАН-ын Хяналтын хорооноос гаргасан шийдвэр, УИХ дахь МАН-ын бүлгээс гаргасан шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөл хэлэлцэнэ. Мөн МАН Ш.Раднаасэд гишүүний хүсэлтийг хүлээн авсан нөхцөлд олонхийн бүлэг УИХ-д 63 уулаа болно.

529 хүүхэд сүрьеэгийн халдвар авсан нь илрэв

Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт орших нийслэлийн 15 дугаар сургуулийн 529 сурагч сүрьеэгийн халдвар авч,  38 сурагч, 1 багш сүрьеэгээр өвчилсөн нь тогтоогдсон нь нийгмийг айдаст автууллаа. Уг өвчний улмаас нэг хүүхэд эндээд байна.

Мөн Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуульд энэ сарын 8-нд урьдчилсан шинжилгээг авахад 70 орчим сурагч сүрьеэгийн халдвартай, хоёр сурагч сүрьеэгээр өвчилсөн гэж оношлогджээ.

Төв аймгийн Сүмбэр сумын сургуульд явуулсан урьдчилсан сэргийлэх үзлэгээр сүрьеэгийн өвчлөлийн зургаан шинэ тохиолдол, халдвар авсан 200 тохиолдол бүртгэгдсэн нь энэ асуудал зөвхөн халдвар авсан болон өвчилсөн хүмүүстэй холбоотой асуудал гээд орхиж боломгүй болж тэлж байна.

Сүрьеэгийн нэг халдвар тээгчийн ард 10-20 хүн халдварлаж, өвчлөх магадлалтай гэж үздэг аж. Иймээс улс орон даяар онц байдал зарлаж, бүх сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээ сорилд хамруулъя гэх санаачлага ч гараад буй юм.

Сүрьеэ өвчин дэгдэхэд ерөнхий боловсролын сургуулиуд гурван ээлжээр хичээллэдэг, агаар орчны бохирдол ихтэй зэрэг нь нөлөөлж байна гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэжээ. Жил тутамд улсын хэмжээнд шинээр 4000 гаруй хүн сүрьеэгийн халдвар авсан дүн гарах болсон нь олон улсын байгууллагын анхаарлыг ч татах болсон аж.

Энэ асуудалтай холбогдуулж, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Бид бодит байдалтай эвлэрхээс аргагүй. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч нар үзлэг оношилгоог хийсний дүнд сүрьеэ өвчин илэрч байна. Халдвар авсан бүхэн өвчтэй биш" гэдэг тайлбар хийгээд буй юм. Гэвч олон нийтийн зүгээс "Ерөнхий боловсролын сургуулиуд сүрьеэгийн голомт болчихоод байгааг олон нийтэд мэдэгдэлгүй хугацаа алдсан нь хүрээг улам өргөтгөсөн байх талтай. Засгийн газар үүнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой" гэдэг асуудлыг ч хөндөөд байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж