НӨАТ-ын урамшууллын 2019 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр /2019.05.19/ "Боловсрол суваг" телевизээр орон даяар шууд цацагдана.
Иргэн та 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны тавдугаар сарын 18-ны өдрийн 23:59 цагаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой. Энэ удаагийн тохирлын сугалааны супер шагнал 80 сая төгрөг байна. Ингээд өнгөрсөн хугацаанд НӨАТ-ын урамшууллын сугалааны супер азтангаар тодорсон азтануудыг танилцуулъя.
500 САЯ ТӨГРӨГИЙН СУПЕР АЗТАН Ж.АЛТАНЗУЛ
Ж.Алтанзул нь 2017 оны аравдугаар сарын 22-нд болсон сугалааны тохирлоор супер шагналын азтан болсон билээ. Тохирлыг төрийн байгууллагууд гурван сарын турш шалган баталгаажуулж ийнхүү гардуулжээ.
500 сая төгрөгийн супер азтан "БСБ сервис" компанид хүний нөөцийн мэргэжилтнээр ажилладаг Ж.Алтанзул. "Азтан болсондоо баяртай байгаа. Хэн ч өөрийгөө ийм их мөнгөний азтан болно гэж боддоггүй. Өнөөдөр л эргэлзээ маань тайлагдаж байна. Их баяртай байна. Гэрийнхээ доод талд байдаг дэлгүүрээс худалдан авалт хийгээд 500 сая төгрөг хожлоо. 500 гаруй баримт бүртгүүлсэн байж байгаад азтан болсон. Одоохондоо мөнгөө юунд зарцуулахаа төлөвлөөгүй байна" гэжээ.
100 САЯ ТӨГРӨГИЙН АЗТАН ХОЁР ТОДОРЧЭЭ
Тэгвэл 2018 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирлоор 10 сая төгрөгийн азтанаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Г.Чинзориг тодорсон юм. Харин супер шагнал буюу 100 сая төгрөгийн азтанаар хоёр сугалаа тодорсон бөгөөд журмаараа дээрх шагналыг хоёр азтан тэнцүү хувааж авсан аж. Супер шагналын эзнээр Баянгол дүүргийн 18-р хорооны иргэн С.Энхжаргал, Сонгинохайрхан дүүргийн долоодугаар хорооны иргэн Э.Туул нар тодорсон.
НӨАТ-ын 50 сая төгрөгийн сугалааны азтан Э.Туул “Би сувилагчаар 19 дэх жилдээ ажиллаж байгаа. Хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө цаг наргүй зүтгэдэг. Энэ ажлын минь буян ирж азтан болсон юм болов уу гэж бодож байна. Би өнгөрсөн сард 1700 төгрөгийн үнэтэй “Амтлаг” тараг зээ охиндоо авч өгөөд азтан боллоо. Би одоогоор гэр хороололд амьдарч байгаа. Тийм учраас хожсон мөнгөөрөө байр авах байх гэж бодож байна. 50 сая төгрөгийн азтан болсондоо маш их баярлаж байна” гэжээ.
100 САЯ ТӨГРӨГИЙН СУПЕР АЗТАН Х.БАТДУЛАМ
НӨАТ-ын урамшууллын сугалааны дөрөв дэх 100 сая төгрөгийн азтан Баянзүрх дүүргийн иргэн Х.Батдуламv 2017 оны аравдугаар сард тодорсон юм. Тэрбээр “Би охиноо хараад гэртээ байдаг Миний хувьд сэтгэгдэл маш өндөр байна. НӨАТ-ын урамшууллын сугалаанд итгэдэггүй байсан 100 сая төгрөг хожоод өөрийн биеэр үнэн гэдгийг мэдэрлээ. Шагналын мөнгөө юунд зарцуулахаа хараахан төлөвлөж амжаагүй байна” гэв.Азтан “Вива сити хороололд байрлах “Makoto Shop” дэлгүүрээс 15 мянган төгрөгийн худалдан авалт хийж азтан болжээ.
ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН 50 САЯ ТӨГРӨГИЙН АЗТАН БОЛСОН
Харин 2018 оны тавдугаар сарын 20-ны тохирлоор Сүхбаатар аймгийн Наран сумын иргэн Г.Батцэцэг тодорчээ. Тэрбээр “Сугалааны хонжвор нь өнгөрсөн ням гаригт явагдана гэдийг мэдэж байсан ч тухайн өдөр манай суманд тог тасарсан байсан болохоор тохирлыг үзэж чадаагүй. Нэг дэх өдөр утсанд та супер азтан боллоо гэсэн мессеж ирсэн. Тэгээд азтан болсноо мэдсэн. Эхэндээ мэдээж итгэж өгөхгүй байсан. Дараа нь утсаар залгаж та азтан болсон байна, 25-ны өдөр ирж супер шагналынхаа мөнгийг авна уу гэж залгахад нь сая нэг итгэсэн гэх үү дээ. Азын мөнгөө эмчилгээндээ зарцуулна” гэв.
225 САЯ ТӨГРӨГИЙН АЗТАНААР ӨНДӨР НАСТАН ТОДОРСОН
НӨАТ-ын урамшууллын 2018 оны арванхоёрдугаар сарын сугалааны тохирол "Боловсрол" телевизээр нэгдүгээр сарын 20-нд орон даяар шууд цацагдаж, супер азтан буюу 225 сая төгрөгийн азтан тодорсон билээ.
Супер азтаны талаар дэлгэрэнгүй мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаагүй байгаа ч өндөр настан азтан болсон гэдгийг албаныхан хэлж байгаа юм. Энэ талаар Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн төв" улсын үйлдвэрийн газрын олон нийттэй харилцах албаны менежер С.Чулуунхүүгээс тодрууллаа. Тэрбээр “Нэгдүгээр сарын 20-нд тодорсон супер азтанаар өндөр настан тодорсон нь үнэн. Хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй мэдээлж болохгүй. Супер азтан маань 225 сая төгрөг хожсон гэдгээ мэдээд, баримт, мэдээллээ баталгаажуулсан. Удахгүй 225 сая төгрөгийн батламжаа гардан авна. Азтанд батламж гардуулах өдрийг Сангийн яамнаас товлоно” гэв.
Уг тохиролд 2018 оны арванхоёрдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудыг хамруулсан юм. Энэ тохирлоор 63030046 сугалааны дугаартай 225 сая төгрөгийн супер азтан тодорсон.
Холбоотой мэдээ