Бөхчүүд хилчдээ эргээд иржээ

Хуучирсан мэдээ: 2015.05.28-нд нийтлэгдсэн

Бөхчүүд хилчдээ эргээд иржээ

Хил хамгаалах ерөнхий газрын “Хилчин” спорт хорооноос “Бөхчүүд улсын хилд” арга хэмжээг тавдугаар сарын 15-25-ны өдрүүдэд Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын хороо, Хилийн ангиудтай хамтран зохион байгуулжээ.

Бөхчүүд хилийн анги, заставуудад ажилласан талаараа өнөөдөр мэдээлсэн юм.

Уг хэвлэлийн хуралд “Хилчин” спорт хорооны дарга, дэд хурандаа, улсын заан Ц.Мягмарсүрэн, тус хорооны дасгалжуулагч, улсын начин Ц.Бүрэнбаатар, ахмад, улсын заан Т.Санчир, ахмад, улсын харцага Ц.Содномдорж, ахлах дэслэгч, улсын харцага Ж.Амартүвшин,  ахлах дэслэгч, улсын начин С.Багахүү нар оролцлоо.

Улсын харцага Ц.Содномдорж “Энэхүү арга хэмжээнд “Хилчин” спорт хорооны дарга, улсын заан, дэд хурандаа М.Мягмарсүрэн,  улсын аварга, дэд хурандаа С.Мөнхбат, улсын гарьд, ахмад Ж.Бат-Эрдэнэ, дэд хурандаа Д.Баасандорж, М.Өсөхбаяр, ахмад Т.Санчир, Б.Соронзонболд, улсын харцага, ахмад Ц.Содномдорж, улсын начин, дэд хурандаа Н.Бүрэнбаатар нарын 11 бөх оролцсон. Аймгийн төвийн ангиуд болон хилийн застав дээр очиж, цэргийн бие бүрэлдэхүүн, алба хаагчидтай уулзаж ярилцан, бөхийн барилдаан зохион байгууллаа. Хил манаж байгаа алба хаагчид, хилчдийнхээ сэтгэл санааг дэмжих, урам зориг хайрлах гээд олон талын ач холбогдолтой энэ уулзалтад хилчид, алба хаагчид маань сэтгэл өндөр байсан. Их сайхан хүлээж авсан" гэлээ.


Хэвлэлийн хурлын үеэр “Хилчин” спорт хорооны дарга, дэд хурандаа, улсын заан Ц.Мягмарсүрэнгээс "Хилчин" спорт хорооны бөхчүүдийн наадмын бэлтгэл, сургуулилтын талаар тодруулсан юм.

-Аймгуудын галууд бэлтгэлдээ гарч эхэлсэн сураг байна. Та бүхэн наадмын бэлтгэлдээ хэзээ гарах вэ?

-Би “Хилчин” спорт хорооны дарга болоод удаагүй байгаа. Энэ жил Ховд аймгийн галд бус спорт хорооны бөхчүүдээ авч бэлтгэлд гарна. Бидний төлөвлөснөөр ирэх зургадугаар сарын 15-наас бэлтгэлдээ гарах байх. Бөхчүүд ерөнхийдөө аймаг, аймгаараа бэлтгэлдээ гарч эхэлсэн байгаа. Увс аймгийн гал гэхэд бэлтгэлдээ гараад нилээд удаж байгаа сураг байсан.

-Ахмад зааны хувьд энэ жилийн наадмын өнгийг хэрхэн илэрхийлэх вэ? Шинээр улсын цолонд хүрэх, наадамд дээшээ барилдах бөхчүүдээр та хэнийг нэрлэх бол?

Улсын аварга С.Мөнхбат, гарьд Ж.Бат-Эрдэнэ, заан М.Өсөхбаяр, харцага Ц.Содномдорж нар өнгөтэй байна. Манай харцага Ц.Содномдорж энэ жил бэлтгэл сайтай байгаа. Энэ жилийн наадамд "Хилчин" спорт хорооноос маань олон бөхчүүд улсын болон аймгийн цолонд хүрнэ гэдэгт итгэлтэй байна.

-Цолны найраагүй болъё гэж байнга ярьдаг ч жил бүрийн наадмын дараа найрааны бөхчүүд төрсөөр л байна. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Улсын цолонд хүрэх ёстой хүмүүс нь хүрч байгаа. Би цолны найрааг хүлээн зөвшөөрдөггүй. Урьд бол хэн мэдэхгүй нөхөр улсын наадамд ирж барилдаад, цол аваад харьдаг л байлаа. Одоо харин үндэсний бөх мэргэжлийн төвшинд очсон. Бид бэлтгэлээ жилийн дөрвөн улиралд хийж байж, амжилтад хүрэх боломжтой гэх мэтчилэн ярих зүй олон бий. Гэхдээ яах аргагүй үндэсний бөхийн дүрэм журамд өөрчлөлт оруулах цаг ирсэн болов уу гэж боддог.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж