Барилгын компаниуд бэрхшээлээ тоочив

Хуучирсан мэдээ: 2015.05.28-нд нийтлэгдсэн

Барилгын компаниуд бэрхшээлээ тоочив

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг гүйцэтгэж буй аж, ахуй нэгж, компаниудын төлөөлөл тулгамдаж буй асуудлаараа өнөөдөр Төрийн ордонд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Уг хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Хаянхярваа, М.Зоригт нар оролцлоо.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг нийт 24 байршилд 42 компани гүйцэтгэж байгаагаас хэлэлцүүлэгт 20 гаруй компанийн төлөөлөл оролцов.

“Цагаан хуаран” консалтинг компанийн захирал П.Ганзоригийн тайлбарлаж байгаагаар  20 сая төгрөгийн үнэтэй газар нэг жилийн дотор 120 сая төгрөг болж нэмэгддэг аж. Анх тус компанийг судалгаа хийхэд нэг газар 20 орчим сая төгрөгийн үнэлгээтэй байжээ. Дахин төлөвлөлтийн ажил эхлэх болоход иргэд газраа өндрөөр үнэлсэн гэнэ. Тус компани нэг айлын газрыг 120-140 сая төгрөгөөр худалдан авч гэрээ байгуулжээ.

“Пример инвест” компанийн төлөөлөл н.Мягмардорж “Газар өмчлөх эрхийн гэрчилгээтэй иргэдтэй бид гэрээ хийж байгаа. Гэхдээ газар өмчлөх гэрчилгээг компанийн нэр дээр шилжүүлдэггүй. Бид гурван талт гэрээнийхээ хавсралтаар тухайн айлуудыг чөлөөлж, байранд нь оруулдаг. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулах үед хорооллоор нь шийдэж байгаа. Тэгэхээр 100 нэгж талбайтай газар дээр 8-10 барилга бариад эхлэхээр газраа өгөхгүй гэсэн айлууд маш их саад учруулдаг. Ногоон байгууламж хийх, дэд бүтэц тавигдах зам дээр эсвэл барилгын аль нэг буланд нь таарсан айлууд гэдийгээд суучихдаг. Тэгэхээр 2020-2030 оны дахин төлөвлөлтийн чиг хандлагын дагуу ажил хийнэ гэхээр газраа чөлөөлдөггүй айлууд хүндрэл учруулж байна. Тэгэхээр бид хотын бусад барилгууд шиг шигүү, зайгүй барьсан барилгууд шиг хороолол барих юм уу орчин үеийн шилдэг хорооллоо барих юм уу гэдэг эргэлзээтэй байна. Манай компани м.кв газрыг 200 мянгаар үнэлээд авч байгаа. Үнэлгээний үнийг хооронд нь нэмээд байрны үнээ үржүүлээд ойролцоогоор 90 мкв байр өгч байгаа” гэлээ. Хэлэлцүүлгийн төгсгөлд  дүгнэлт гаргаж, УИХ-д танлцуулахаар болов.

Г.ДАРЬ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж