Йозеф Блаттер. EPA/RENE SOOBAROYEN
Олон улсын хөлбөмбөгийн холбооны (FIFA) Конгресс тус байгууллагын Цюрих дэх төв байранд өнөөдөр нээгдэж байна. FIFA-гийн 65 дугаар конгрессийн үйл ажиллагаа баасан гаригийн өглөө эхэлж, гол асуудал болох тус байгууллагын ерөнхийлөгчийг сонгох сонгуулиа явуулна. Конгресс нь FIFA-гийн удирдах дээд байгууллага бөгөөд гишүүнээр нь түүний гишүүн 209 үндэсний холбоод багтдаг юм. Хуралд Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар үндэсний холбоогоо төлөөлөн оролцож байна.
Энэ удаагийн конгрессоор 2014 оны Бразилын хөлбөмбөгийн ДАШТ-ий эцсийн дүнг санхүүгийн тайлангийн гаргах ёстой. Мөн FIFA-гийн 2011-2014 оны санхүүгийн үйл ажиллагаанд дүгнэлт өгч, 2016 оны төсвийг батлах юм.
Конгрессийн гишүүд арьсны өнгөөр гадуурхах асуудал, ялгаварлан үзэх бусад хэлбэр, спорт-улс төрийн болон стратегийн үүргийн талаар ч хөндөн ярилцана.
Конгрессийн өмнө FIFA-гийн Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, конгрессаар батлуулах хэд хэдэн чухал шийдвэр гаргасан байна. Тухайлбал, тус байгууллагаас Израилийг хасах Палестины саналыг дэмжээгүй бөгөөд уг асуудлыг улстөржсөн гэж заасан тогтоолын төслийг батлуулахаар конгресст оруулжээ.
Конгрессийн гол шийдэх асуудал нь ерөнхийлөгчийн сонгууль юм. Энэ албан тушаалд FIFA-гийн өнөөгийн ерөнхийлөгч, Швейцарийн Йозеф Блаттер болон Иорданы жонон Али бин Аль- Хусейн нар өрсөлдөж байгаа.
Өчигдөр дэлхий даяар цацагдсан дуулианы эзэн болж буй эл байгууллага дахь авлигын хэрэг сонгуульд нөлөөлж магадгүй юм. АНУ-ын асуулгын дагуу өчигдөр буу лхагва гаригт Цюрих хотноо FIFA-гийн өндөр тушаалтнуудыг баривчилсан байгаа. Мөн Швейцарийн цагдаагийн газраас 2018, 2022 ДАШТ-ий эзэн улсыг тодруулах явцад мөнгө угаасан авлигын асуудалд эрүүгийн хэргийг үүсгээд байгаа аж.
FIFA-гийн 65 дугаар конгрессийн нээлт энэ пүрэв гаригийн орой /Улаанбаатарын цагаар 23:00 цагт/ болох бол чуулганы ажил хэргийн хуралдаан тавдугаар сарын 29-ний өглөө эхэлнэ.
Сонирхуулахад, FIFA-гийн 66 дугаар конгресс ирэх жилийн тавдугаар сарын 12, 13-нд Мехико хотноо хуралдахаар төлөвлөгдсөн байна. Харин Куала-Лумпурт 2017 онд болох конгрессоор 2026 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий эзэн орныг шалгаруулах ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР