АНУ-ын прокурор FIFA-гийн авлигын хэмжээг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2015.05.28-нд нийтлэгдсэн

АНУ-ын прокурор FIFA-гийн авлигын хэмжээг нэрлэв

Фото: Christian Hartmann / Reuters

Олон улсын хөлбөмбөгийн холбоон (FIFA) дахь авлигын хэмжээ 19 жилийн хугацаанд 10 тэрбум гаруй ам.доллар болсон талаар АНУ-ын Ерөнхий прокурор Лоретта Линч мэдэгдсэн байна. Энэ талаар ТАСС агентлаг дамжуулжээ.

Америкийн цомын 2016 оны тэмцээнийг бэлтгэх явцад 110 сая ам.долларын авлига тараасан гэж Линч ярьжээ. Өчигдөр Цюрихт конгресст оролцохоор ирсэн FIFA-гийн албан тушаалтнуудыг  баривчилсан нь урт хагацааны мөрдөн байцаалтын үр дүнд гаргасан шийдвэр гэдгийг тэрбээр онцолжээ.

Баривчлагдсан хүмүүст 20 жилийн турш үргэлжилсэн хууль бус үйлдэлд оролцож, мөнгө угаасан, бусдыг дарамталсан, залилан хийсэн зэрэг зүйл ангиар ял тулгаад байгаа ажээ.

Баривчлагдаад байгаа FIFA-гийн удирдлага бүхий зургаан хүн хууль бус орлогын 150 сая ам.долларыг эргүүлэн тушаахад бэлэн гэдгээ мэдүүлсэн байна. FIFA дахь авлигын хэрэгт нийт 14 албан тушаалтны нэр холбогдоод байгаа билээ. Америкийн мөрдөн байцаагчид тэднийг хэвлэлийнхэнтэй  хууль бус наймаа явуулсан, шүүгч нарт нөлөөлсөн зэрэгт буруутгаж байгаа.

Одоогоор Олон улсын хөлбөмбөгийн холбооны удирдлагууд болох Жеффри Уэбб, Эухенио Фигередо, Эдуардо Ли, Хулио Рока, Костас Таккас, Рафаэль Эскивель, Хосе Мария Марин нар баривчлагдсан нь лхагва гаригт тодорхой болсон. Мөн уг хэргийн сэжигтнээр Жек Уорнер, Хосе Мария Марин, Николя Леос, Чак Блейзер, Дэрилл Уорнер нарын нэрс яригдаж байгааг мэдээлжээ.

FIFA-гийн дэд ерөнхийлөгч асан, Хойд ба Төв Америк, Карибийн бүсийн орнуудын хөлбөмбөгийн холбоодын эвслийн экс ерөнхийлөгч Жек Уорнер, Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбоодын эвслийн ерөнхийлөгч асан Николя Леос нарыг мөн авлигын хэрэгт сэжиглэж байгаа аж.

Түүнчлэн 2018, 2022 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эзэн улсыг тодруулсан явдлын талаар ОХУ-ын Спортын сайд Виталий Мутко Швейцарийн Ерөнхий прокурорын газарт мэдүүлэг өгөхөөр дуудагджээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж