Гадаадад аюулгүй аялах 10 зөвлөмж

Хуучирсан мэдээ: 2019.05.18-нд нийтлэгдсэн

Гадаадад аюулгүй аялах 10 зөвлөмж

Гадаадад аюулгүй аялах 10 зөвлөмж

Урин дулаан цаг ирж, аялал зугаалгын улирал эхэллээ. Хаашаа ч аялах байсан нэн тэргүүнд анхаарах зүйл бол аяллын үеэр гарч болох эрсдэлүүдийг тооцоолох. Хамгийн чухал зүйл бол аюулгүй байдал юм. Уншигч та бүхэндээ аяллын үеэр анхаарах ёстой наад захын зүйлүүдийн талаар зөвлөмж хүргэе.

Аялахаасаа өмнө маш сайн судалгаа хий

Энэ бол аюулгүй аялах хамгийн эхний дүрэм. Аялал гэдэг мөнгө байхад л болчихдог зүйл биш. Аялах газраа сонгохдоо ямар соёл уламжлалтай улс болох, улс төрийн нөхцөл байдал ямар байгаа эсэх, аялагчдын хамгийн их очдог болон очихоос зайлсхийдэг газрууд, өвөрмөц зан үйлүүд, буудаллах газраа зөв сонгох зэрэг алхам тутмаа сайтар тооцоолж байж явах хэрэгтэй. Дээрх зүйлсийг судлахгүй явах нь таныг эрсдэлд оруулна.

Очиж байгаа газартайгаа дасан зохиц

Та судалгаагаа амжилттай хийж аялалдаа гарсан бол очиж буй газартаа дасан зохицож, ард иргэдийнх нь нэгэн адил бусадтай харилц. Ерөнхийдөө бол усыг нь уувал ёсыг нь дага. Том үүргэвч үүрч, хүзүүндээ камер зүүчихсэн, эргэлзэж, балмагдсан царай гаргасан хүнийг хаанаас нь ч харсан гадны хүн гэж танихад хялбар. Ийм байдал нь халаасны хулгайч, залилагчид гэх мэт муу хүмүүсийн хараанд амархан өртүүлнэ. Мөн эмэгтэй аялагчдын хувьд сүсэг бишрэл ихтэй газраар аялах гэж байгаа бол хэт задгай хувцас өмсөхөөс зайлсхийж, аль болох даруухан хувцаслахыг хичээгээрэй.

Үнэтэй эд зүйлээ бүү ил гарга

Бэлэн мөнгөө ил гаргах, үнэтэй эдлэл хэрэглэлээ ил задгай зүүж, гангарах нь өөрийгөө халаасны хулгайчид, дээрэмчдэд барьж өгч байгаатай адил. Үүний оронд аль болох картаар төлбөр тооцоогоо хийж, хэрэв бэлэн мөнгө авч явах шаардлага гарвал хямдхан түр хэрэглээний, овор багатай хэтэвчинд багахан хэмжээний бэлэн мөнгөтэй явбал зохино.

Тээврийн хэрэгслээ зөв сонгох

Юун түрүүнд нислэг тань хойшлогдсон, цуцлагдсан эсэхийг байнга шалгаж бай. Цаг агаарын нөхцөл байдал, гэнэтийн осол гээд янз бүрийн байдлаас болж онгоц тань цагтаа нисэхгүй байх тохиолдол их гарна. Автобус үйлчилгээг сонгохдоо интернэтэд орж, үйлчлүүлэгдийн сэтгэгдлийг сайтар уншиж, аль болох олон хүн үйлчлүүлдэг, итгэлтэй газрыг сонгох хэрэгтэй. Үүнээс гадна тасалбараа аль болох эрт захиалахыг хичээгээрэй. Мөн орон нутгийн таксигаар үйлчлүүлэх гэж байгаа бол тухайн такси нь километр хэмжигчтэй эсэхийг шалгаад, хэрэв байхгүй бол жолоочтойгоо урьдчилан тохиролцох нь зүйтэй. Төөрөхөөс болгоомжилж хэзээд газрын зургаа ойр авч яваарай.

Эд зүйлсээ болгоомжтой авч яв

Хэтэрхий олон жижиг цүнх савтай зүйл авч явах хэрэггүй. Хэрэв жижиг сажиг зүйлсээ ил авч яваа тохиолдолд хэзээ ч хараагаа салгаж болохгүй. Мөн гар тээшээ хүнд анзаарагдахааргүй кодтой жижиг цоожоор цоожил. “RDIF” хамгаалалттай хэтэвчинд банкны карт болон бусад чухал бичиг баримтуудаа хийж яв. Орчин үеийн банкны болон бусад картууд RFID (Радио долгионоор холбогддог) чиптэй учир алсын зайнаас таны картаас хүсээгүй гүйлгээ хийгдсэнээр картын мэдээллээ хулгайд алдах боломжтой юм. RFID хамгаалалттай түрийвч нь тус эрсдэлээс таныг хамгаална.

Аяллын даатгалд хамрагд

Аялах гэж байгаа газар тань байгалийн гамшигт үзэгдэл болдог эсэхээс үл хамааран аяллын даатгалд эргэлзэлгүйгээр даатгуул. Аяллын үеэр таныг гэнэтийн байдлаар гэмтэж бэртэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, хулгайд эд зүйлсээ алдах зэрэг урьдчилан тооцоолоогүй бүх эрсдэлээс хамгаална.

Яаралтай үед холбогдох утасны жагсаалтыг гартаа ойр авч явах

Цагдаа, эмнэлэг, онцгой байдал гээд тухайн орон нутгийн яаралтай тусламж үйлчилгээний байгууллагууд болон өөрийн улсын Элчин сайдын яамны утас зэрэг байгууллагуудын утасны жагсаалтыг гартаа аль болох ойр авч яваарай.

Мөнгөө сайтар төлөвлөж зарцуулах

Хэрэв та аяллын үеэр зээлийн карт ашиглах гэж байгаа бол тухайн банкнаасаа гадаадад ашиглаж болох эсэх, карт тань түгжигдсэн эсэх, хүчинтэй хугацаа нь дуусч байгаа эсэх талаар мэдээллээ шалгаж байж яваарай. Мөн тухайн аялж буй газарт бэлэн мөнгө солиулахад хаана хамгийн нйадвартай байдгийг олж мэд. Ямар ч тохиолдолд багахан хэмжээний бэлэн мөнгөтэй яваарай. Мөн төсвөө зөв тооцоолж, хэт үрэлгэн байхаас зайлсхийгээрэй.

Эрүүл мэнддээ анхаарах

Хаана ч явсан өвчин намдаах эм, толгойны эм, гэдэсний эм зэрэг ойр зуурын эм бэлдмэлүүд биедээ авч яв. Аялахынхаа өмнө эмчээс зөвлөгөө авч, шаардлагатай бол вакцинд хамрагдах хэрэгтэй. Хэрэв жороор эм ууж байгаа бол аяллын хугацаанд хангалттай хүрэлцэхүйц, болж өгвөл илүү хэмжээгээр авч явах хэрэгтэй.

Ойр зуурын үг хэллэг сурах

Хэнд ч, хэзээ ч ямар эрсдэл тохиолдохыг урьдчилж мэдэхгүй. Тиймээс та аялах гэж буй улсынхаа хэлээр “Надад тусламж хэрэгтэй байна”, “Хамгийн ойрын эмнэлэг, цагдаагийн газар хаана вэ”, “Элчин сайдын яам хаана байдаг вэ” гэх мэт үг хэллэг, өгүүлбэрүүдийг чээжлэхэд илүүдэхгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж