“Turquoise Hill Resources” компанийн санхүүгийн тайланд дурдсанаар, “Оюу Толгой”-ийн ил уурхайгаас нэгдүгээр улиралд 45 мянга 800 тонн зэс, 120 мянган унци алт бүхий баяжмал гарчээ.
Тус компанийн нэгдүгээр орлого нэмэгдсэн гол шалтгаан нь баяжмал дахь зэсийн хэмжээ 18 хувиар, алт 188 хувиар өссөнтэй холбоотой аж. “Turquoise Hill Resources” компанийн орлого нэгдүгээр улиралд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 43.6 хувиар өсөж, 352.7 сая ам.доллар, цэвэр ашиг нь 105.2 сая ам.доллар болж өсчээ.
“Turquoise Hill Resources”-ийн Гүйцэтгэх захирал Улф Куэлманы “Рио Тинто”-той хамтран “Оюу Толгой”-ийн гүний уурхайн төлөвлөгөөг шинэчлэхээр ажиллаж буйгаа мэдэгдсэн байна.
Тус компаниас мэдээлснээр, Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад нэгдүгээр улиралд нийт 296.4 сая ам.доллар зарцуулжээ. Мөн уурхайн хоёрдугаар босоо амны бүтээн байгуулалтын ажил аравдугаар сард дуусах төлөвтэй байгаа аж. Өнөөдрийн байдлаар “Оюу Толгой” төсөлд 16 мянга 600 хүн ажиллаж байгаагийн 92.6 хувь нь монголчууд юм байна.
Эх сурвалж: Turquoise Hill Resources
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ