Ажил хаягчдыг шүүхэд өгнө

Хуучирсан мэдээ: 2015.05.28-нд нийтлэгдсэн

Ажил хаягчдыг шүүхэд өгнө

Нийтийн тээврийнхэн цалингаа нэмэгдүүлэхийг шаардан ажил хаялт зарлаад гурав хонож байна. Тодруулбал, “Автобус 1”, “Автобус 2”, “Автобус 3” гээд төрийн өмчийн компанийн жолооч, кондукторууд үндсэн цалингаа нэг дахин нэмэгдүүлэхийг нийслэлийн удирдлагууд, “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн даргаас шаардаж буй.

Ажил хаяж буй жолооч, кондукторууд бусад ажлаа хийх хүсэлтэй, ажил хаяхгүй гэдгээ мэдэгдсэн ажилчдыг хүчээр ажил хаяхыг шаардаж, улмаар автобусных нь дугуйн дор хэвтэх зэргээр ажиллах эрхийг нь хязгаарлаж байгаа. Энэ байдлыг эсэргүүцэж буй ажилчдын төлөөлөл буюу “Автобус 1” баазын жолооч, кондукторууд ажил хаялтыг зогсоож, ажлаа хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн, өнөөдөр мэдээлэл хийлээ.

АЖИЛ ХАЯЛТ ЗОХИОН БАЙГУУЛСАН ХҮМҮҮСИЙГ ШҮҮХЭД ӨГНӨ

“Бид үйлдвэрлэгч байгууллага биш үйлчилгээний байгууллага учраас ажил төрлөө хийж ард түмэндээ үйлчилмээр байна. Гэтэл бидний ажиллах эрхийг хязгаарлаад гурав хоног болж байна. Хэсэг бүлэг хүний турхиралтын дагуу ажил хаячихаад энгийн ажилчид бидэнд үнэхээр саад болж байна шүү дээ. Ажил хийх хүсэлтэй иргэдэд саад болж байна. Бид нар ажлаа хийх гэхээр автобусны доогуур орж хэвтээд янз бүрийн хууль бус үйл ажиллагаа явуулж бидэнд саад болж байна. Одоогийн байдлаар гурав хоног ажиллалгүй цалингаа авч чадахгүй хүрээд байна. Иймээс бид хохирлоо төлүүлэхээр хуулийн байгууллагад гомдол гаргана. Иргэдийн ажлыг хийлгэхгүй байгаа нь бидний эрхийг ноцтой зөрчиж байна. Бид хохирлоо нөхөн төлүүлэхээр хууль хяналтын байгууллагад өгч, шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж “Автобус 1” баазын жолооч Ж.Ганбаатар ярьсан юм.

Нэг сая төгрөгийн цалин авч байгаа жолооч, кондукторын цалинг нэмлээ гэхэд эмч, багш нар яах бол?

Автобусны жолооч нар дунджаар 1.2-1.4 сая төгрөгийн цалинтай үүнээс даатгалын шимтгэлээ төлөөд 850 мянган төгрөгөөс доошгүй цалин авдаг. Бараг цалин авдаггүй гэж худал мэдээлж байгаад харамсч байна” гэдгээ мөн ажилчид онцолсон юм.

Мөн “Автобус 1” баазын дарга Ч.Ононбаяр “Хэсэг бүлэг хүнээс болж нийтийн эрх ашиг зөрчигдөх ёсгүй. Ажил хаях нь хаяад, ажлаа хаяахгүй ээ гэсэн нь ажлаа хиймээр байна. Гэтэл үйлдвэрчний эвлэлийн гишүүд тэргүүтэй хэсэг хүмүүс бусад хамт олныхоо ажил хийх эрхийг боогдуулж байна. Өнөөдөр жолооч, кондукторууд сая орчим төгрөгийн цалин авдаг. Энэ хүмүүсийн цалинг дахиад хүслээр нь нэмчихвэл 400-500 мянган төгрөгийн цалинтай эмч, багш нар хэрхэх билээ” гэсэн юм.

“ХЭВЛЭЛИЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙГААР ХИЙЛГЭСЭН”

Энэхүү хэвлэлийн хурлын дараа ажил хаялтын зохицуулагч хийж байгаа гэх Монголын тээвэр холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Рагчаатай утсаар ярин дараах зүйлийг тодруулсан юм.

-Ажил хаяхгүй гэж байгаа ажилчид мэдээлэл хийж, ажлаа хийх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Ажлаа хийе гэхээр та бүхэн саад болоод автобусыг нь хашааны үүдээр гаргахгүй байна гэж байна. Ажлаа хийе гэсэн ажилчдыг яагаад шугаманд нь гаргахгүй байгаа вэ?

-1500 гаруй ажилтны 1200 орчим хүн ажил хаялтыг дэмжиж байгаа. Дэмжихгүй байгаа нөхөд нь захиргааны албаны хэдэн ажилтан. Бид зорилгодоо хүрч байж л ажлаа хийнэ гэж жолооч, кондукторууд үзэж байгаа. Цалин нэмнэ гэх сургаар ажил хаялтаа зогсоож, ажилласаар байгаад хүмүүс ямар ч итгэлгүй болсон байна. Тиймээс л ийнхүү ажил хаяж байна гэсэн юм. Өнөөдрийн хэвлэлийн хурлыг зохион байгуулалттайгаар хийж байна. Ажилчдаа хүчээр хэвлэлийн хуралд суулгаж байгаа гэсэн мэдээлэл бидэнд ирсэн. Мөн биднийг эсэргүүцэж мэдээлэл хийж байгаа ажилчдын дунд ажлаасаа гарсан нөхдүүд цөөнгүй байна гэх хариултыг өгч байна.

Д.ЖАРГАЛ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж