Монтэки удмын залгамж хүү Ромео үзэсгэлэнт бүсгүй Розалинад дурласан ч өөрийн анд Мэркутио Бэнволио нартай нийлэн найр наадам хэсэн наргихын сацуу Капулэти овгийн эрчүүдтэй эр бяраа үзэлцэж, эв нь таарвал аминд нь хүрэх хүсэл тээсээр эргэх хорвоогийн өдрүүдийг элээнэ.
Ээлжит нэгэн өдрийн эхлэлд эцэс төгсгөлгүй, зуун дамжин өвлөгдсөн өс хонзонг агуулцгаасан Монтэки, Капулэти удмуудын ихэс дээдэс, энгийн ардууд өөр хоорондоо маргаан үүсгэж, хэд хэдэн хүний аминд хүрсэн аюул өрнөж байтал хан хүү Верона ирж дуусгавар болгоно.
Өрлөг эх хайрт охин Жульеттэйгээ эрхлэн наадаж байтал эцэг эх Капулэти хоёр орж ирээд, маргааш болох цэнгүүн дээр удам залгамжлагч Хан Хүү Паристай сүй тавих болсон тухай хэлээд, нас биед хүрсэн охин шиг харагдахаар биеэ авч явахыг сануулаад гарч явцгаана. Цэнгүүн ид дундаа өрнөж байтал Ромео хоёр найзынхаа хамт нууцаар орж ирнэ.
Ирсэн зочидтой наадан цэнгэж байсан Ромеогийн мэлмийн үзүүрт Жульет охины дүр хальт тусаад өнгөрөхөд сэтгэлд нь оч бадран өөрийн ухаан үгүй алмайран зогсоно. Үүнийг л отож байсан дурлалын "сахиус" сумаа тавьж түүний зүрхийг үүрд шархлуулна. Удам угсаагаа хамгаалах үүрэг хүлээсэн Жульет охины нагац ах Тибалт өстөн удмын залгамж хүү болох Ромеог хулгайгаар баяр цэнгүүнд орж ирснийг илрүүлнэ.
Анхны харцаар дурлацгаасан Ромео Жульет хоёр ирцгээсэн зочдын зай завсраар нууцхан уулзахдаа бие биедээ мөнхийн хайр амлана. Ламтан Лоренцо удам дамжсан гэр бүлүүдийн өс хонзонг эцэс төгсгөл болгох хүсэлдээ хөтлөгдөн дурлалт хосыг нууцаар адислана. Олон түмэн холхилдсон худалдааны талбай дээр Тибалт Мэркүтиотой тааралдаад өчүүхэн шалтгааны улмаас туялзуур сэлмийн үзүүрээр үхлийг урин дуудаад жаргал цэнгэлээр халгисан Меркүтиог бурхны орон луу илгээнэ.
Үнэнч нөхөр, зайгүй андаа үхэж байгааг нь өөрийн нүдээр харсан Ромео жигүүртэн шувуу мэт нисэн очиж авааль гэргийн авга ах Тибалтыг алж орхино. Нууцхан ч болов удам угсаагаараа холбогдсон гэр бүлийн нэгнийхээ аминд хүрсэн Ромео өөрийн гэргийтэй үүр цайтал хайр дурлалдаа умбаж байгаад магад ирэх шийтгэлээс зугтан өөр хотыг зорино.
Жульетийг эцэг эх нь Паристай гэрлүүлэхээр тохиролцоно. Гэвч хөөрхий түүнийг хайрт хүнтэйгээ нууцаар бурхны адислал хүртэж гэр бүл болсон тухай тэд хэрхэн мэдэх билээ. Ламтан Лоренцо учирч буй асуудлыг шийдэх арга олоод Жульетэд түр хугацаанд үхсэн мэт нойрсуулах эм өгнө. Тэр түүнийг ууна. Гэтэл ламтан Жульет хоёрын тохиролцоог мэдээгүй Ромео эхнэрийгээ үхсэн тухай мэдээ сонсоод энгэртээ хор өвөрлөсөөр ирнэ. Хувхай цагаан болтлоо цайрч амьдын шинж үгүй цэв хүйтэн бунханд чулуун хавцал дээр хэвтэх хайртынхаа цогцсыг харсан тэрээр тамын зовлонг агшин зуур мэдэрч, авч ирсэн хороо дусал ч үлдээлгүй ууж амиа егүүтгэнэ.
Хэзээ: 2019.05.18 17:00 цагаас
Хаана: Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт
Тасалбарын үнэ: 50 мянга, 80 мянга, 120 мянга.
Б.ЖАРГАЛ