Дорнод бүсийн аваргын төлөө өрсөлдөж буй “Милоуки Бакс” болон “Торонто Рэпторс” багийн цувралын хоёр дахь тоглолт боллоо. “Милоуки Бакс” багийн талбайд болсон тус тоглолтод талбайн эзэд өрсөлдөгч багаа 125-103 харьцаатай хожиж, цувралыг 2-0 болгож байна.
Талбайн эзэд тоглолтын эхнээс л санаачлагыг авсан бөгөөд довтолгооны самбар өрсөлдөгч багаасаа нэг дахин илүү байсан. Хоёр багийн довтолгооны хувь нэг их зөрүү байхгүй боловч самбартаа “Милоуки Бакс” илүү байв.
“Бакс”-аас нийт зургаан тоглогч 10-аас дээш оноо авсан ба Яннис 30 оноогоор багаа тэргүүлсэн. Мөн “Бакс”-ын хожил байгуулах нэг томоохон шалтгаан нь сэлгээний тоглогчдын сайн тоглолт байсан юм. “Бакс”-ын сэлгээ 51 оноо авсан бол Торонтогийн сэлгээ 34 оноо авсан бөгөөд сэлгээнээс Н.Поуэл ганцаараа 10-аас дээш оноо авчээ.
“Торонто Рэпторс” багийн гарааны тоглогчдоос К.Леонард 31, К.Лаури 15 оноо авсан бол бусад тоглогчид 10 оноо авч чадаагүй аж.
Хоёр багийн цувралын эхний хоёр тоглолтод “Милоуки”-гийн ялалтаар өндөрлөж байгаа бөгөөд дараагийн хоёр тоглолт Канадын Торонто хотноо болно. Мэдээж талбайдаа тоглох Торонто хожигдох эрхгүй.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ