Залуусын хүсэл мөрөөдөл ба улс төрчдийн хууль бус үйлдэл | News.MN

Залуусын хүсэл мөрөөдөл ба улс төрчдийн хууль бус үйлдэл

Залуусын хүсэл мөрөөдөл ба улс төрчдийн хууль бус үйлдэл

Залуусын хүсэл мөрөөдөл ба улс төрчдийн хууль бус үйлдэл

“Диваажинд хүмүүс далайн тухай ярилцдагийг мэдэх үү. Нар шингэхдээ улаан өнгөтэй болдог тухай, далайн хүйтэн амьсгал бүлээн болж, халуунаар үлээдгийг… Энд би үхлээ хүлээгээд л утга учиргүй амьдрахыг хүсэхгүй байна. Далай үзэх юмсан”…

Тархины хорт хавдраар шаналж буй Улаанаа гэх шийдэмгий, хурц зантай залуу эмнэлгийн шинэхэн танил Ганаад диваажингийн тухай ярьж буй нь энэ. Харин “хүүхэд” шиг Ганаа далайг амьдралдаа нэг ч удаа харж байгаагүй болохоор Улаанаагийн хамт далай үзэхээр аялалдаа гарна. Ганаа ясны хорт хавдраар шаналж “найдваргүй” гэсэн оноштойгоор эмнэлэгт хоёр жил эмчлүүлсний эцэст шинэхэн танилтайгаа анд нөхрийн холбоог ийнхүү тогтоодог.

Тэд эмнэлгийн цонхоор амьдрал хэрхэн өрнөж буйг уйтгарлан харж үхэх өдрөө хоног тоолон хүлээсэнгүй. Залуу хүний хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн далай үзэхээр аян замдаа гардаг ч санамсаргүй тохиолдлоор УИХ-ын гишүүний хулгайлагдсан охин Хулантай таарснаар “Диваажинд хүрэх зам” киноны үйл явдал  өрнөнө.

Найруулагч Д.Ганцогтын эл бүтээл өчигдөр /2019.05.17/ “Зайсан хилл” цогцолборын "Prime Cineplex" кинотеатрт албан ёсны нээлтээ хийсэн юм. Монгол HD телевиз, “Mesmerism” продакшн, “BRB” ХХК, ХMF-Хуур хөгжмийн наадам хамтран бүтээсэн энэхүү киноны өнгө дүрс, дууны чанар бусдаас ялгагдаж байлаа.

Киноны зургийг техникийн өндөр түвшинд буюу дэлхийн номер нэг АRRI камерыг ашиглан авчээ. Тус киноны гол дүрд найруулагч жүжигчин Д.Ганцогт, МУГЖ Ц.Төмөрхуяг, СТА О.Гэрэлсүх, СТА Б.Батзаяа, МУАЖУ С.Сарантуяа нар тоглосон бол зохиолыг Рой Кларкийн “Луйварчид” зохиолыг Монголын хөрсөнд буулгасан нь кино урлагийн ертөнцөд нэгэн шинэ өнгө төрхийг нэмжээ.

Нийт 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр зургаан сар ажилласны эцэст энэ бүтээл ийнхүү үзэгчдийн хүртээл болоход бэлэн болсон байна.

   САЙН КИНО БОЛСОН ГЭДЭГТ ИТГЭЛТЭЙ БАЙНА

Найруулагч Д.ГАНЦОГТ:

-Ямархуу уран бүтээл хийснээ шалгуулах цаг нь боллоо. Гэхдээ энэхүү кино маань сайн уран бүтээл болсон гэдэгт итгэлтэй байна. Амьдрал үнэхээр сайхан гэдгийг киноны гол дүр  Улаанаа, Ганаа гэх хоёр залуугийн далай үзэх гэсэн хүсэл тэмүүлэл, аян замын адал явдлаар харуулж байна. Миний гурав дахь уран бүтээл юм. Өмнө нь Орк киног үзэгчдэд хүргэж байсныг та бүхэн мэднэ. Рой Кларкийн “Луйварчид” зохиолоос сэдэвлэсэн. Энэ зохиолоос Герман, Англи, АНУ зэрэг орон кино бүтээж байсан. Миний хувьд Японд далайг харж байхад киноны санаа төрсөн. Далайг хараад хүн орилж хашгичих бус их чимээгүй болдог юм билээ. Манай улс далайд гарцгүй орон шүү дээ. Тиймээс далайгаар амьдралын үнэ цэнэ, залуу хүний хүсэл тэмүүллийг залууст харуулъя гэсэн бодол төрсөн. Далай харахаар явж буй хоёр залуугийн тухай кино хийх бодол төрж, судлахад өмнө дөрвөн ч удаа кино хийж байсныг олж мэдсэн. Гэвч бид Монголд болж буй үйл явдал, тулгамдаж буй асуудлаар сэдэвлэсэн. Улс төрчийн охиныг хулгайлдаг хэсэгт үзэгчдэд киноны үйл явдлыг илүү сонирхолтой байхаар тусгасан. Бид залуу хүмүүсийнхээ хувьд цаашид илүү даацтай уран бүтээл хийхээр зорьж ажиллах болно.

    ЭСРЭГ ДҮР ЭЕРЭГ ДҮРИЙГ ИЛҮҮ ТОДОТГОЖ БАЙДАГ

 “Диваажинд хүрэх зам” киноны  зохиолч Г.ГАНЛХАГВА:

-Бид хүсэл мөрөөдлийн тухай кино хийхээр шийдсэн нь “Диваажинд хүрэх зам”. Манай улс далайд гарцгүй. Тиймээс хүмүүсийн хувьд далай үзэхэд маш сайхан сэтгэгдэл төрдөг байх. Энэ үүднээс киноныхоо санааг олсон. Манай кино багийнхан Рой Кларкийн “Луйварчид” киноны цөм хэсгээс авсан ч монгол хүний сэтгэхүйг шингээж, Монголынхоо хөрсөнд илүү буулгах талаас зохиолоо бичсэн гэж хэлж болно. Ер нь киноны сэдэв, санааг зохиолч дангаараа гаргадаггүй багаараа хэлэлцэж байж кино зохиол бүтнэ. Амьдрал дээр бидний анзаардаггүй их олон үнэ цэнтэй зүйлс байдаг шүү дээ. Тиймээс амьдралын үнэ цэнийг илэрхийлж, бэлгэдэл болгон киногоо “Диваажинд хүрэх зам” гэж нэрлэсэн. Миний хувьд киноны эсрэг дүрийг бүтээсэн. Эсрэг дүр бол эерэг дүрийг илүү тодотгож өгдгөөрөө онцлогтой. Тиймээс эсрэг дүр бүтээхэд чамгүй ур чадвар шаардаж байлаа. Эсрэг дүрийг маш нарийн гаргаж өгөх хэрэгтэй байдгаараа жүжигчнээс илүү чадвар, торгон мэдрэмж шаарддаг. Залуу уран бүтээлчдийн хувьд киног аль болох сайн хийх гэж хичээсэн. Энэ бүхний ард гарч чадсан нь маш баяртай үйл явдал гэж бодож байна. Кино багийнхандаа баярлалаа.

МОНГОЛЫН КИНО ЕРТӨНЦӨД ӨНГӨ НЭМЭХ ГЭСЭН ТОМ ИТГЭЛ ТЭЭСЭН

“Диваажинд хүрэх зам” киноны Ерөнхий продюссер, “BRB” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.ЭНХЖАРГАЛАН: 

Энэхүү кинонд анх удаа ерөнхий продюссерын үүргийг гүйцэтгэлээ. Бидний хувьд кино дэлгэцийн чанартай бүтээлд хувь нэмрээ оруулж, Монголын кино ертөнцөд өнгө нэмэх гэсэн том итгэл тээн кинонд хамтран ажилласан. Дуу дүрсний хувьд маш өндөр чанартай бүтээл болсон. Киноны агуулга, амин чухал санааг үзэгчид үзээд, сэтгэгдлээ илэрхийлнэ гэж итгэж байна. Кинонд продессер их чухал үүрэг гүйцэтгэдэг юм билээ. Миний хувьд “Диваажинд хүрэх зам” киноны ерөнхий продессерээр зориг гарган ажиллалаа. Залуу хүнийхээ хувьд энэ салбарт продессерийн дутагдаж буй орон зайг сайн продюссерээр нэг ч гэсэн нөхөх болов уу гэсэн том итгэл тээж байна.

Эл кинонд залуу хүмүүсийн хүсэл тэмүүлэл амьдралын үнэ цэнийг өгүүлэхийн сацуу Монголын улс төрчдийн хууль бус үйлдлийн талаар шүүмжилжээ. Үзэгчдийн зүгээс тус киноны өнгө дүрсний чанар бусдаас онцгойрч байгаад санал нэг байв. Утга агуулгын хувьд хөнгөн жанрын бөгөөд үнэнч нөхөрлөлийг тодотгон харуулсан байлаа.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХөөрхөнХөөрхөн
11
ЗөвЗөв
9
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж