Ипотекийн зээлийн санхүүжилтийг өнгөрсөн оныхоос нэмэгдүүлсэн ч эрэлтээ хангаж чадахгүй хэвээр байна. Үндсэндээ зээлийн санхүүжилтэд зарцуулахаар 100 тэрбум төгрөг улсын төсөвт суулгахад 1500 хүн орон сууцтай болж буй юм.
2018 онд ипотекийн зээлд нийт 310 тэрбум төгрөгийг зарцуулж 4700 иргэнд олгожээ. Зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр Монголбанк, Сангийн яам, БХБЯ хамтарч ажилласны үр дүнд энэ оны эхний таван сарын байдлаар нийт 170 тэрбум төгрөгийг 2500 гаруй иргэнд олгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа гэдгийг Монголбанкнаас мэдээлсэн. Үүнд арилжааны банкуудын 45 тэрбум төгрөг, улсын төсвөөс 45 тэрбум төгрөг, Монголбанкнаас 80 тэрбум төгрөгийн санхүүжилтийг эхний таван сард ипотекийн зээлд олгох аж. Үүнийг өнгөрсөн онтой харьцуулбал зээлдэгчийн тоо хоёр дахин өссөн үзүүлэлт юм.
2019 оны хувьд ипотекийн зээлийн санхүүжилтэд улсын төсөвт 110 тэрбум төгрөг суулгаж, арилжааны банкуудын өөрийн эх үүсвэр болох 115 тэрбум төгрөг, зээлийн эргэн төлөлтөөс олгож буй 200-230 тэрбум төгрөг буюу нийтдээ 450 тэрбум гаруй төгрөгийг ипотекийн зээлд зарцуулахаар төлөвлөжээ. Өнгөрсөн онтой харьцуулбал санхүүжилт 50 гаруй хувиар нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.
Удахгүй Засгийн газрын хуралдаанаар 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг баталж, төрийн албан хаагчид болон малчдыг хамруулна гэдгийг БХБ–ын сайд Х.Баделхан чуулганы хуралдаан дээр хэлсэн билээ.
Э.ЖОНОН
Холбоотой мэдээ