МАН-ын Удирдах зөвлөлийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нарт намаас таван жилийн хугацаанд дэмжлэг үзүүлэхгүй гэсэн Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг хэлэлцээд хүлээж авах боломжгүй тул дээрх шийдвэрээ эргэн харах шаардлагатай гэж УЗ-ийн гишүүдийн олонх үзсэн байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд намаасаа гарах өргөдлөө өгчээ.
Эргэн сануулахад УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа Оюутолгойд шалгалт хийсэн ажлын хэсгийн дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцүүлэхээс өмнө Оюутолгой компанид хүргүүлснээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд уг асуудалтай нь холбогдуулан түүнд таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан байсан. Харин УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн хувьд Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацааг тооцохдоо гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр дуусгавар болгох заалтыг оруулсан. Тиймээс Ш.Раднаасэд гишүүнийг Хууль зүйн байнгын хорооны даргын албан тушаалаас нь чөлөөлөх, намаас таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх нь зүйтэй гэж үзэн мөн намаас таван жилийн хугацаанд дэмжлэг үзүүлэхгүй гэдэг шийдвэрийг тус намын Хяналтын ерөнхий хороо гаргаад байсан юм.
Холбоотой мэдээ