Онцгой байдлын ерөнхий газраас Цаг уур орчны шинжилгээний газартай хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ сарын 11-17-ны өдрүүдэд Баянхонгор, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Хэнтий, Сүхбаатар, Ховд аймгийн 28 сумын нутаг дэвсгэрт цаг агаарын аюулт үзэгдэл тохиолдсоны улмаас иргэд малдаа яваад төөрч сураггүй болсон, автомашинтай зорчиж яваад цасанд суусан зэрэг дуудлага Онцгой байдлын байгууллагад ирсэн.
Дуудлагаар Онцгой байдал болон орон нутгийн 240 гаруй хүн, 57 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 117 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Хүчтэй салхи шуурганы улмаас Өвөрхангай аймгийн Богд суманд 2 иргэн, Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 3 иргэн, мөн аймгийн Сэврэй суманд 1 иргэн малдаа яваад шуурганд осгож нас барсан байна. Амь насаа алдсан иргэдийн хувьд / 23-54 насны 4 эмэгтэй, 2 эрэгтэй/ дөрөв нь малдаа явж байгаад төөрсний улмаас, хоёр нь сумын төвөөс гэртээ харих замдаа төөрч, осгож нас баржээ.
Мөн цасан болон шороон шуурганы улмаас Ховд аймгийн Цэцэг, Үенч суманд 12 гэр, 4 модон шон унасан. Төв аймгийн Баяндэлгэр суманд 350 бог мал цасанд дарагдаж, Баян-Өлгий аймгийн Булган суманд 835 толгой мал Их ширэгийн голд унаж хорогдсон байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ