АНУ-ын Калифорни мужийн Өмнөд хэсэг, Риверсайд Каунти дахь агаарын цэргийн баазын агуулах дээр өнгөрсөн пүрэв гаригт орон нутгийн цагаар 15.30 цагт F-16 сөнөөгч онгоц унаж сүйрчээ. Тус баазын Олон нийттэй харилцах албаны ажилтан, хошууч Перри Ковингтоны мэдээлснээр, онгоцны нисэх, буух зурвасаас холгүй орших тус агуулах галд өртсөнийг даруй унтрааж, аюулгүй болгосон байна.
F-16 сөнөөгч онгоцны нисгэгчид эмнэлгийн тусламж үзүүлж, биеийн байдал нь сайн байгаа бөгөөд энэхүү ослын улмаас 12 хүн бэртэж гэмтжээ. Олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүднээс пүрэв гаригийн үдэш ослын газарт тусгай баг ажиллаж эхэлсэн байна.
Агуулахын ойролцоох бизнесийн байгууллагууд болон хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн талаар албаныхан мэдээлжээ. Одоогоор тус сөнөөгч онгоц ямар нэгэн зэр зэвсэг тээвэрлэж явсан эсэх нь тодорхойгүй байгаа аж.
Эх сурвалж: ABC news