Аавынхаа үргэлжлэл болж яваа “тал бичээч” Л.Энхбаатар

Хуучирсан мэдээ: 2019.05.17-нд нийтлэгдсэн

Аавынхаа үргэлжлэл болж яваа “тал бичээч” Л.Энхбаатар

Аавынхаа үргэлжлэл болж яваа “тал бичээч” Л.Энхбаатар

ЛУВСАНБАЛДАНГИЙН ЭНХБААТАР ГЭЖ ХЭН БЭ?

Хүн аливааг тархи хийгээд зүрхнийхээ шүүлтүүрээр шүүдэг гэдэг. Тэгвэл миний зорьж уулзсан Л.Энхбаатар яг тийм шүүлтүүртэй, таньж мэдэхийн аргатай нэгэн юм байна.

Хэн ч түүнийг ингэ, тэг гээгүй байхад  эмч гэдэг сайхан мэргэжлээсээ хөндийрөөд сав л хийвэл ном ноолж, архивт сууж цаг заваа баран үүх түүх сонирхож ном бүтээсээр явна л даа тэр.

Уг нь хүний их эмч хүн, нян судлаач гэсэн тодотгол бас бий. Энэ чиглэлээрээ Гоц халдварт, Арьсны өвчин судлалын төв, Халдвартын нэгдсэн эмнэлэгт ажиллаж байж.

Эмчлэн эдгэрүүлэх ажлынхаа хажуугаар эрдмийн ажил хийж 1999 онд “Нарны идэвхжил зарим халдварт өвчний дэгдэлтэд нөлөөлөх нь” сэдвээр анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан юм билээ.

Ийм сонирхолтой сэдвээр эрдэмтэн болсон нь санамсаргүй ч биш аж. Ямар ч сэдэв байсан аль л сонирхолтойг нь таньж мэдэхийг нь хичээдэг өөрийнх нь тэр зангийнх нь үр дүн байж. Докторын сэдвээрээ бичсэн номыг нь эрдэмтэн, зохиолч Лодонгийн Түдэв ариутган шүүсэн гэх. Редактор хайж яваад л Л.Түдэв гуайтай уулзахад тухайн сэдвийг нь өндөр үнэлж л дээ. Энэ тухай том эрдэмтэн хүнд мэдэхгүй, дуулаагүй юм бага, оюун санаанд нь олон талын юм багтаж байдгийн илэрхийлэл байсан байх. Тиймээс нарны идэвхжил гэсэн сэдэв их зохиолчийн анхаарлыг их татсан шүү гэж л Л.Энхбаатар олзуурхан ярьж байна лээ.

Тэгээд л Л.Энхбаатар докторыг сониныхоо “Хүмүүн судар” буланд урихдаа “тал бичээч” хэмээн хэлэхээр шийдсэн юм. Энэ бас учиртай. Аав Лувсанбалдан нь хэл шинжлэлийн ухааны доктор, том эрдэмтэн, олон ном бүтээлээ туурвин үлдээсэн ухаантны нэг байсан гэдгийг үе үеийн эрдмийн хүмүүс бахархан ярьж байхыг сонслоо.

Тэгвэл хүү Л.Энхбаатар нь одоо Монголын Анагаах ухааны талын нэг содон эрдэмтэн. 20 гаруй ном бүтээсэн бичгийн хүн байна. Тэгтэл эрдэмтэн бол эрдэмтэн, ном бичдэг гэвэл бас аавынхаа үргэлжлэл болж яваа хүнийг яагаад “тал бичээч” гэсэн юм бол гэж бүү гайхаарай.

Нэгэн цаг үед олон талын судалгаа, шинжилгээгээрээ Монголын хэл шинжлэлийн салбарын тулгуур багана болж явсан их хүн аавтай нь түүнийг эн чацуу авч үзэх болоогүй гэсэн үүднээс “тал бичээч” гэж овоглосон минь.

Түүх сөхөхөд дээхнэ үед хошуу, тамгын газарт тал бичээч гэж байсан. Тэр нь хаад, ноёдын зарлиг, хурал номын тэмдэглэлийг хуулан бичиж ард олонд хүргэдэг хүний нэр юм л даа. Их зохиолч Д.Нацагдорж хүртэл арван хэдхэн насандаа цэргийн яаманд тал бичээчээр ажиллаж байсан юм гэдэг.

Эрдэмтэн Л.Энхбаатар өнөө үеийн нэгэн нийтлэлч хүн болжээ. Олон ном бүтээсний гадна сонин сэтгүүлд түүхийн сэдэвтэй голдуу юм байнга бичдэг. Тэр чанараараа сэтгүүлч, нийтлэлч хүнд олгодог “Ган үзэгтэн” шагналтан болжээ.

Халдвартад эмч байсныхаа хойно “Томуугийн төсөл” дээр есөн жил ажиллахдаа “Монголын халдварт өвчин судлал” сэтгүүлийн хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажилласан. Одоо ч энэ сэтгүүлээ гаргаж байгаа гэхээр жинхэнэ бичгийн хүний үйл мөн биз.

Түүний судалгаа туурвилд Монголын Эрүүлийг Хамгаалах байгууллагын түүх гол байр эзэлдэг. Тэгэхдээ алив түүхийг сорчилж элдэв сонин содныг нь шүүрч авахыг хичээдэг тухайгаа өөрөө хэлж байна лээ.

Түүх сонирхож бас судалж, бичиж туурвиж яваа эрдэмтэн эмч Л.Энхбаатар бол ухаанаа ухаж амьдрахын жишээг үзүүлж яваа нэгэн гэдгийг дараахь ярилцлагаараа харуулахыг хичээлээ.


ХҮМҮҮНД НАМТАР, ХҮРДЭНД ТОО БАЙДАГ

-Та юуны өмнө өөрийгөө товчхон танилцуулна уу?

-Ер нь товчхон намтартай хүн л дээ би. 1961 онд Улаанбаатарт төрсөн. Дунд сургууль дараа нь АУДэС-ийг цэргийн эмчилгээний чиглэлээр төгсгөсөн. Арав гаруй жил эмчийн ажлаа хийсэн.

1990 оноос хойш гелиобиологи, анагаах ухааны түүх, олон улсын харилцааны чиглэлээр 20 гаруй ном бүтээж, 160-аад эрдэм шинжилгээний өгүүлэл, товчлол бичиж хэвлүүллээ.

Би ер нь зүгээр сууж чаддаггүй хүн л дээ. Бичих, нийтлэхээ амжуулахын зэрэгцээ “Орос эмч нарын дурсгалыг мөнхжүүлэх холбоо, Монголын Космобиологчдын нийгэмлэг бас Монголын анагаах ухааны түүх судлаачдын нийгэмлэг гээд санаачилж байгуулсан. Ингээд л бичээд суугаа хүн дээ.

-Гавъяа шагнал юутай билээ?

-Би гавъяа байгуулна гэж юм хийдэггүй л дээ. Яахав эрдмийн сэдэвтэй маань холбож Анхны гелиобиологич гэдэг талаасаа Монголдоо бас гелиобиологийн шинжлэх ухааныг үндэслэсэн гэгдэж явдаг.

Эрүүлийг хамгаалахын болон шинжлэх ухааны салбарын тэргүүний ажилтан цол, тэмдэг бий л дээ.

Би түрүүнд хэлсэнгүй орхиж, хэд хэдэн баримтат кино бүтээснээ. Энэ далимд аавынхаа тухай хэдэн үг хэлчихмээр байна шүү.

-За тэг л дээ.

-Миний аав Х.Лувсанбалдан Дундговь аймгийн Сайнцагаан сумын хүн. Хэл шинжлэлийн хувьд Монголдоо том эрдэмтэн байсан. Хэл зохиолын хүрээлэнд олон жил ажиллахдаа “Ачлалт ном”, “Арга вангийн хошуу”, “Тод үсэг түүний дурсгал” гэсэн бүтээлүүдээр тодорч гарсан хүн.

-За тийм юм билээ. Би аавын чинь тухай олон хүнээс үг сонссон. Тухайлбал эрдэмтэн, зохиолч судлаач С.Лочин Х.Лувсанбалдан гэж гайхамшигтай эрдэмтэн байлаа. Би түүнтэй номын садан болж явсансан. Тэр үсэг бичгийн дотроос тод үсгийн судалгаагаар алдартай. Тоо үсгийн зохиол бүтээлийн цуглуулгаар хэл зохиолын хүрээлэнгийн номын санг баяжуулсан хүн шүү дээ. Эрдэмтэн хүн даруу гэдгийн үлгэр жишээ нь байлаа. Надад зарим гар бичмэл нь хүртэл бий гэж байсан даа.

-Ийм үгийг аавын минь үеийн эрдэмтэд олон хүн надад хэлж байсан л даа. Бас нэгийг нь хэлэхэд манай аав Монгол ухааны их “уурхай” гэхээр хүн “Хурдан хүлгийн шинж” гэж ном нь монголд мэдэгдсэн 28 судрыг цуглуулж хэл найруулга, түүх судлалын үүднээс шинжилгээ хийсэн дорвитой бүтээл юм.

Эндээс монгол адууны үүсэл, эх нутаг, нас хүйсээр нь хэрхэн сонгон үржүүлж ирсэн уламжлалыг үе шатаар нь ойлгож болно.

Уг номыг академич Б.Ширэндэв гуай хянан тохиолдуулсан байдаг юм.

Гэтэл аавын минь номыг хавтаснаас нь бусдыг үг үсэггүй хуулж зурагжуулаад өөрийн бүтээл болгож гаргасан нэг хүн бий. Тэр “оюуны өмчийн хулгайч” бол тод манлай уяач Д.Даваахүү. Ичмээр юм хийдэг хүн.

-За одоо өөрийн чинь докторын зэрэг хамгаалсан сэдвийн тухай жаахан ярьмаар байна.

-Нарны идэвхжил зарим халдварт өвчний дэгдэлтэд нөлөөлөх гэдэг  нь геофизик, анагаах ухаан хоёрын заагаас төрсөн сэдэв л дээ.

Нарнаас гарч байгаа идэвхжил бол үе давтамжтай 11.2 жил тутамд илэрдэг. Идэвхжил өндөр нам үе гэж байна. Наран дээр гарч байгаа дэлбэрэлт, идэвхжлийн нөлөөгөөр энэ дэлхий дээр чинь янз бүрийн гоц үйл явц өрнөдөг байх юм. Тухайлбал хүний өвчлөл, ган зуд, царцааны нүүдэл болон нийгмийг өөрчлөх хувьсгал хүртэл гардаг.

Тиймээс би анхны номоо “Монголын түүхэн дэхь нарны идэвхжил ба түүхэн хэмнэл” гэж нэрлэсэн.

Монголын түүхэнд гарсан гол үйл явц нь нарны идэвхжлийн нам үед гарсан тухайд би судалсан. Нийгмийн талд гэхэд 1911 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, 1921 оны ардын хувьсгал, 1939, 45 оны дайн гээд аваад үзэхэд тийм байсан.

Миний бичсэн нарны идэвхжлийн сэдэвтэй номууд дотор “Нарны идэвхжил бөх”  гэж ном бий. Бөхчүүд бол нарны идэвхжлийн нам үе төрсөн байгаа юм.

Харин Европ талдаа бол аль ч үйл явц нарны идэвхжлийн өндөр үед өрнөсөн байдаг юм билээ.

-Эрхэм Энхбаатар гуай. Та бид хоёрын ярианы гол зорилго анагаах ухаан. Гэтэл сэдэв жаахан хазайгаад явчих шиг…?

-Уучлаарай. Сэдэв хазайж базаагаагүй ээ. Тэгэхээр халдварт өвчин ч ялгаагүй нарны идэвхжлээс шалтгаалж үе мөчлөгтэй байдаг. Харин халдварт өвчин нь өндөр идэвхжлийн үед тохиолддог судалгаа  бий. Менингет гэдэг өвчин гэхэд 21 жилийн давтамжтай, Хамуу сахуу ч ялгаагүй тодорхой хугацааны дараа дэгдэж байж. Улаанбурхан өвчинг устгалаа л гэдэг. Гэтэл бас 20-иод жилийн дараа гараад ирсэн. Ер нь энэ тухай тайлбарлахад наран дээр гарсан дэлбэрэлтээс болж элдэв нян идэвхжих юмуу, хүний биеийн эсэргүүцэл дархлаа сулрах зэргээс шалтгаалдгийг олон судалгаа харуулсан юм л даа.  Энэ судалгаандаа үндэслээд гахай хавдар өвчин 5-6 жилийн дараа дэгдэлт нь болно гэхэд хүмүүс итгэдэггүй юм. Гэхдээ тэр прогноз оносон л байдаг юм даа.

-Чингис хаан бөх хүн байсан гэсэн содон баримт өөрийн чинь номд харагданалээ. Огт сонсоогүй л юм байна.

-Би цэцэн мэргэндээ үүнийг бичээгүй ээ. Их түүхч Инжин-Аашийн “Хөх судар” түүхэн зохиолд Чингис хаан Мухулайтай анх уулзахдаа эр чадлаа үзэн барилдаж Чингис хаан Мухулайг хаясан гэж бичсэн байгаа. Цааш нь Мухулай Чингисийн эр зориг, хүч чадлыг шүтэн биширч насан туршдаа нөхөрлөж их үйл хэрэгт хамтран зүтгэжээ гэсэн өгүүлбэр байдаг юм шүү дээ тэнд .

МОНГОЛЫН АНАГААХ УХААН 5000 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ

Одоо улсын хэмжээнд эрүүл мэндийн 1500 шахам байгууллага ажиллаж байна. Үүнд:

  • Төрөлжсөн нарийн мэргэжлийн болон төв эмнэлэг-15
  • Нэгдсэн эмнэлэг-32
  • Сум дундын эмнэлэг-13
  • Сумын эмнэлэг-334
  • Өрхийн эмнэлэг-178
  • Эрүүл мэндийн төв-12
  • БГХӨЭСТ-13
  • Хувийн эмнэлэг-446
  • Түргэн тусламжийн станц-35
  • Цусны станц-26
  • Эмийн сан-319

Мөн эрүүл мэндийн салбарт 6162 их эмч, 13185 бага эмч хийгээд дунд мэргэжилтэн нийт 30000 хүн ажилладаг.

-Та монголын эрүүлийг хамгаалахын түүхийг хэдий үеэс нь сонирхож судлав даа?

-Академич Болдын судалгаанд бол Монголын анагаах ухаан 5000 жилийн түүхтэй гэсэн бий.

Миний хувьд бол энэ мэт баримт дээр тулгуурлаж Европ эмнэлэг Монголд бий болсон үеийг л сонирхож үзсэн.

Ер нь бол Монголын түүхэнд 1206-1570 онд Чингисийн үед шархчин гэдэг нэртэй эмчлэгч хүмүүс байсан гэдэг. Мөн бариач нар ч тэр үеэс эхлэлтэй байх. Тэр бүгд эмч нар байж л дээ.

Энд нэг сонин зүйл хэлэхэд бариач гэдэг үгнээс оросын врач гэдэг нэр үүссэн гэсэн тухай сонссон.

-Монголын Эрүүлийг Хамгаалах байгууллагын түүх Европ эмнэлгээс үүдэлтэй гэж та хэллээ. Энэ тухай ямар баримт байдаг вэ?

-Аль эртнээс 1909 онд Оросын эмч нар Монголд иржээ. Тухайлбал С.Б.Цыбиктаров гэдэг эмч энэ үед консулын эмнэлэг гэж байгуулсан. Оросын элчингийн л эмнэлэг юм л даа.  Энэ хүн Орос Хятадын банкны захиргаа болон “Коковин Басов” гэдэг компаниас хандивласан 4000 рублиэр дүнзэн байшин худалдан авч эмчийн өрөө, мэс засал, аптек, эмэгтэйчүүд болон орос, монгол иргэдэд үйлчлэх тухай баримт сэлт архивт байдаг юм билээ.

Уг эмнэлгийг 1909 оны аравдугаар сарын 3-ны өдөр албан ёсоор нээлээ гэж консул Я.П.Шишмарев мэдээлсэн байдаг. Тэгээд энэ эмнэлэг ганцхан сарын дотор амбулаториор 1100-1400 гаруй хүн хүлээн авч үзлэг хийжээ. Тэдний 200 нь орос, 300 нь хятад, 700-гаад нь монгол байжээ гэсэн баримт бий.

Бас тухайн үед Эрхүүгийн газар нутагт байсан хорих ангид улаан загалмайн шугмаар ажиллаж байсан эмч Карла Кребс гэдэг хүн Монголоор дайрч Дани руугаа буцахдаа Монголд эргэн ирж амьдрах тухайгаа ярьж байж. Тэгээд дайны дараа Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд ирж 1923-1930 он хүртэл байхдаа фермерийн аж ахуй эрхэлж ногоо тарьж, гахай, тахиа үржүүлж байжээ.

Үүнийхээ зэрэгцээ нутгийн иргэдийг эмчилж байж. Энэ үедээ мэс заслын хагалгаа ажилбар хийж байсан шиг байгаа юм.

Сүүлд нь фермер нь татан буугдсан ч эмчээр үргэлжлүүлэн ажиллаж байв.

Бас Шведийн эмч Иоэл Эрикссон гэж хүн Монголд байхдаа хөдөөгийн дунд их дэлгэрсэн тэмбүү өвчнийг амжилттай эмчилж зарим төрлийн мэс засал хийж байжээ.

-Мэс засал гэснээс нэгэн зүйлийг лавлаж асууя. Өөрийн чинь түүх бичлэгт Богд хаан Жавзундамба бол мэс засалч хүн байсан тухай дурдсан байх юм. Энэ сонин баримт санагдсан л даа.

-Богд хаан ухаалаг, элдэв юм их сонирхдог хүн байсан гэдэг. Өргөөндөө янз бүрийн амьтан тэжээдэг байж. Заан хүртэл авчирсан байсан юм билээ.

Тэр ч байтугай мэс заслын багаж хэрэглэл хүртэл авчирч 10-аад хүнд мэс ажилбар хийсэн баримт Майскийн  номонд байдаг юм шүү дээ.  Энэ баримтад түшиглэн Анагаах ухааны түүхийн баримт бичигт хадаас болгон ашигласан хэрэг. Нотлох баримт нь гэвэл тэр мэс заслын багаж нь одоо Богд хааны музейд бий л дээ.

-Тэгвэл зарим судлаачид Шастины үеэс анхны Европ эмнэлэг бий болсон гэдэг юм билээ?

-Шастин анх цэргийн эмчээр ирсэн. Харин түүний араас “Энэ нөхөр Шастин бол дан ноёд, дарга нарт үйлчилдэг, цагаан хааны үеийн эмч гэсэн” одоогоор бол матаас маягын юм дагасан гэдэг. Үүний улмаас тэр хүн цэргийн эмнэлгээс гараад 1925 онд иргэний эмнэлэг байгуулсан. Тэр нь нэгдүгээр эмнэлгийн тулгын чулуу юм. Би Улсын нэгдүгээр эмнэлгийн түүхийн номыг бичихдээ эндээс л авч үзсэн. Улсын төсвийн хөрөнгөөр байгуулагдсан эмнэлэг ч энэ л байсан.

1930-аад он хүртэл манайд Европ, Түвд эмнэлэг хосолж байв гэсэн баримтууд байдаг. Мундаг мундаг лам, маарамбууд ч байж л дээ.

-Бидний үзэж уншсанаар бол 1930-аад оны эхээр л хүүхдийн болон чих, хамар хоолойн, эмэгтэйчүүдийн, сүрьеэгийн гээд салбарууд байгуулагдсан гэж байдаг юм билээ. Тухайлбал төв эмнэлгийн дэргэд 80 ор бүхий хоёр тасгийг нэг их эмч, үзлэгийн кабинеттайгаар нээж “Идэвхтэний эмнэлэг” гэж нэрлэсэн гэсэн. Энэ нь одоогийн хоёрдугаар эмнэлгийн үүсэл юм уу даа.

-Энэ тухай архивын баримт бий. Уг эмнэлэгт Ерөнхий сайд Гэндэнгээс эхлээд сайд дарга нар, тэдний гэр бүлийнхнийг хүлээн авч эмчилдэг байж л дээ. Тэндээс Орос руу рашаан сувилалд явах бичгийг хүртэл олгож байсан. Энд нэг зүйлийг хэлэхэд Монголд анх орос эмч нар ирж эмнэлэг байгуулж байсан нь ганцхан манайд ч биш Азийн өөр бусад оронд өрнөсөн ажил. Олон оронд эмч нарын экспедиц томилж байж. Энэ нь Оросын Эрүүлийг Хамгаалахын Ардын Комиссератын газраас явуулж байсан зөвхөн ард олныг эрүүлжүүлэх төдий биш нөгөө тал нь Оросын нөлөөг өөр бусад орнуудад нэмэгдүүлэх улс төрийн зорилготой байсан юм билээ.

-Монголын Эрүүл мэндийн байгууллагын түүхийг бол эдүгээчилж үзээд Ардын хувьсгалынхтай адилтгаж тэмдэглэдэг шиг байгаа юм.

-Энэ бол 1921 оны наймдугаар сарын 15-нд Монгол Ардын бүх цэргийн Зөвлөлийн газарт түшмэдүүд хуралдаад “Өвчтэй хүмүүсийг эмчлэх хороо” гэж байгуулах тогтоол гаргасан байдгаас эхтэй юм.

Энэ өдрийг жил бүр эрүүл мэндийн ажилтны өдөр болгон тэмдэглэдэг уламжлал тогтсон.

-Эмч, мэргэжилтнийг анх хэрхэн бэлтгэж эхэлсэн юм бэ?

-Монголын анхны эмч нар чинь Москва, Омскт төгссөн байдаг юм. Ичинхорлоо, Т.Шагдарсүрэн, Гэмпилмаа гээд л.

1930-1940 онд эмнэлгийн дунд мэргэжилтнийг дотооддоо бэлтгэж эхэлсэн ч гэдэг. 1942 онд Монгол Улсын Их Сургууль байгуулагдахад хүн эмнэлгийн факультат бий болсон. Эндээс анхны 14 их эмч төгсч гарсан байдаг.

-Энэ үеэс л хөдөө аймгууд их эмчтэй болсон юм болов уу?

-Яг ч тийм биш. Аймгууд голдуу бага эмчтэй, зөвлөхөөр нь орос эмч нар ажиллаж байв. Энд нэгийг дуулгахад  анхны их эмч Сэржмядаг гэдэг буриад эмэгтэй Өмнөговьт ч билүү ажиллаж байгаад осолд орж нас барсан юм гэдэг.

-Нас барсан гэснээс үүдээд асуухад эхний үеийн эмч нар бас хэлмэгдүүлэлтэд өртсөн тухай хэн нэгэн хүний номноос үзсэн юм байна шүү?

-1930-аад оны хэлмэгдүүлэлт эмч нарыг мөн л дайрч л дээ. Тухайлбал Ленинградын цэргийн академийг манай буриад голдуу Сүхэндамба нарын цөөнгүй хүмүүс төгссөн гэдэг. Тэднээс 1952-1954 онд Эрүүлийг Хамгаалах Яамны Сайд байсан. З.Дугараас бусдынх нь хувь заяа тодорхойгүй байдаг юм билээ. Бодоход хэлмэгдлийн хар шуурганд өртсөн байх магадлал бий.

-1939,1945 оны дайны үед манай эмч нар хэр үүрэг рольтой оролцсон бэ?

-Халх голын байлдаанд гэхэд орос эмч нар л олноороо ирж ажилласан. Манайхаас сувилагч голдуу л тэнд ажилласан шиг байгаа юм.

Оросын цэргийн эмнэлгийн том госпиталь Халх голд байхдаа шархтнуудаа Баянтүмэнд төвлөрүүлж байгаад шууд Чита руу явуулж байж.

Халдварт өвчинтэй тэмцэхэд Оросын эмч нарын экспедиц онцгой үүрэг гүйцэтгэсэн

С.Б.Цыбиктаровын тухай онол, практикийн бага хурлын үеэр.

-1930, 1940-өөд онд Монголд чинь халдварт өвчин маш их. Энэ нь тухайн үеийн төр, засгийн бодлогын төвд байсан асуудал байсан юм гэдэг дээ?

-Тиймээ. Халдварт өвчин их дэгдэлттэй хэцүү үе байсан. Ялангуяа бэлгийн замын халдварт өвчин зонхилж байснаас болж хүн амын өсөлт удаан байв. Архивт үлдсэн бичигт 1933 онд 100 цэрэгт үзлэг хийхэд 33 нь тэмбүү өвчтэй гэж гарч.

Цааш нь улаанбурхан, салхин цэцэг, хамуу гээд их тархсан өвчнүүд байв. Бас цагаанцэцэг гэдэг тусвал үхэж дуусдаг байсан юм билээ.

Энэ өвчин үүссэн тухай нэг домог бийг ч уншсан. Нэг ядуу айл хүүхдээ хээр хаячихаж. Тэр хүүхэд нь гомдоод “би буцаж ирэхдээ хүмүүсийг толгой дараалан хиаруулах өвчин болж ирнэ” гэсэн гэдэг домог байдаг юм.

-1950-иад оны дундаас Оросын эмч нарын экспедицүүд Монголд ажиллаж тэр халдварт өвчнүүдтэй тэмцэж их үр дүнд хүрсэн гэдэг биз?

-1952 оноос эхний экспедицүүд орж ирж аймгуудад явуулаар ажилласан байдаг юм. Монгол эмч нар тэр ажилд оролцсон. Энд бас түүхэн баримт хэлье. 1950-иад оны дунд үед манай нам, төрийн удирдагчид Москвад очиход Н.С.Хрущев та бүхэн ямар тусламж хүсч байна гэж. Тэгэхэд нь манай төлөөлөгчид

-Манай Монголд элдэв төрлийн халдварт өвчин туйлын их. Үүнтэй тэмцэхэд л тусална уу гэсэн байгаа юм. Тэгээд 1957 оноос Оросын эмч нарын экспедицүүд орж ирж л дээ.

Үр дүн нь удахгүй гарч хүн ам эрүүлжиж өсөлт ч бий болсон. Энд орос эмч нарын гавъяа маш их. Иймээс энэ эрүүлжүүлэх отрядын ойг ноднин тэмдэглэх учиртай байсан юм. Монгол даяар явсан тэр эрүүлжүүлэх отрядад тухайн үед сургуульд төгссөн эмч нарыг бүрэн дайчилж байж. Тэр ч байтугай намын дээд сургууль төгсөгчид хүртэл хяналт хийх үүрэгтэйгээр тэнд явж байсан баримт бий.

-Эрүүл мэндийн байгууллагын түүхийг гурван үе шаттайгаар авч үздэг юм билээ. 1921-1940 оны үе буюу БНМАУ-д орчин үеийн анагаах ухаанд суурилсан эрүүл мэндийн албыг бүрдүүлж эхэлсэн. 1941-1990 оны үе буюу Социалист замналын 1991 оноос одоог хүртэл Монгол улс зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжих үеийн эрүүл мэндийн байгууллагын хөгжил гэж хуваадаг гэж …

-Энд би цөөн тоо баримт хэлье л дээ. Эмнэлгийн бие даасан салбарууд тухайн үеийн төв эмнэлэг /одоогийн I эмнэлэг/-ээс салбарлаж гарсан юм билээ.

1977 онд Халдвартын, 1950 онд Сүрьеэгийн, 1954 онд Мэс заслын, 1960 онд Хүүхдийн эмнэлгүүд байгуулагдаж. Бас 1959 онд эх барих эмэгтэйчүүдийн тасгийг бие даалган “Төв төрөх” нэртэй болгосон.

-Эрүүл мэндийн байгууллагын гадаад харилцаа хэдийнээс өргөжсөн бэ?

-1961 онд Монгол улс НҮБ-д элссэн. 1963 онд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын гишүүн болсон. Энэ үеэс гадаад харилцаанд өөрчлөлт гарч манай эмч нар социалист орнуудад явж мэргэжлээ дээшлүүлж эхэлсэн.

Дэлхийн ЭМБ-ын харъяаллаар Монгол Зүүн өмнөт Азид байдаг байлаа.1990 оноос хойш энэ харилцаа улам өргөжиж өнөөгийн түвшинд хүрсэн. Япон, Франц, Энэтхэг, БНСУ зэрэг олон орны эрүүлийг хамгаалах байгууллагатай хамтарч ажилладаг болоод байна.

Тайланд ч юмуу нэг хурал болоход лав 40-50 эмч очиж  их юм сонсож мэдэж авч байна.

-Өөрөө санаачлаад нийгэмлэг, холбоо хэд хэдийг байгуулсан тухай дээр өгүүлсэн дээ. Тэдгээр төрийн бус байгууллагын ашиг тус нь юу байна?

-Ашиг тус гэж ярьвал дандаа л ном гаргаж байна. Номоо олон түмэнд хүргэж гэмээнэ хэрэгтэй л дээ. Бас 4-5 баримтат кино бүтээсэн тэр дотор Эрүүлийг хамгаалахын гурван сайдын тухай кино бий.

Хичээнгүй сайд  З.Дугар, домогт сайд  Г.Туваан, эрдэмт сайд Б.Гонгоржав гэх мэт. Хэрэв би одоо хүртэл эмчээ хийгээд явсан бол тэр бүхнийг хийж чадахгүй л байсан.

Эмч хүнд түүх судлаад явах зав байхгүй. Өдөрт өвчтнөө үзнэ, хэд хэдэн хагалгаанд оролцоно. Ер нь өдөржин өвчтэй хүнтэй харьцаж, ярилцаж их ядардаг. Тиймээс зав гаргая гэсэн ч бололцоо байхгүй.

-Эрүүл мэндийн түүх оролддог, судалдаг хүн ер нь хэр олон бэ?

-Маш цөөн байх. Я.Жамбалдорж гэдэг эмч байсан хүн жаал зугай ном гаргаж байгаа. Өөр тэр энэ гэж хэлэх хүн алга л шиг.

-Эмнэлгийн байгууллага жилээс жилд хөгжиж байна. Шинэ салбарууд ч бий боллоо.

-Тиймээ. Хөгжилгүй ч яахав. 1993 онд Өрхийн эмнэлгүүд бий боллоо. Үйлчилгээ хүн амд ойртож гэрийнх нь хаяанд ирлээ гэсэн үг л дээ.

Сүүлийн жилүүдэд хувийн эмнэлгүүдийн олноороо бий болж улсын эмнэлгүүдийн ачааллыг багасгаж өглөө. Бас өвчтэй хүн ямар эмнэлэгт, хэн гэдэг эмчийг сонгох нь заавал харъяалал гэлгүйгээр чөлөөтэй болов.

-Гэтэл яагаад манайд гадагшаа явж эмчлүүлэх урсгал саардаггүй юм бэ? Урьд нь хийж байгаагүй эмчилгээг хийдэг боллоо гэх, сүүлийн үеийн багаж техник ирлээ л гэдэг. Тийм байтал гадагшаа яваад л. Мөнгө хөрөнгө гадагш урсгаад л. Байдал ийм.

-Шуудхан хэлэхэд гадаадад элдэв өвчний онош тогтоох, эмчлэх нь манайхаас илүү л байна гэсэн үг л дээ.

Янз бүрийн багаж хэрэгсэл оруулаад ирлээ. Эмч нар мэргэжлээ дээшлүүллээ л юм болдог. Гэтэл яагаад гэсэн асуулт хэвээр л байгаа нь үнэн.

Тэгэхээр аливаа юманд чинь урагшлах хөгжихөд цаг хугацаа зайлшгүй шаардагдана.

Эмч нар сурна. Дадлагажина гэж бас юм бий. Цаад талдаа эмчилгээ үйлчилгээг сайжруулахад эмнэлэг, эмч нарын ачаалал их нь нөлөөлдөг.

Өдөрт нэг эмч 10 хүн үзэх ёстой гэж үзвэл амьдрал дээр 20-30 хүн үзэж байна шүү дээ.

Нөгөө талаар өнөөгийн эмч нар тийм төгс сурч, боловсорч байна уу, үгүй юу гэдэг бас асуудал.

Бидний үед арай өөр сургалттай байсан бол одоо нэг талыг барьсан сургалт голлоод байх шиг ажиглагддаг.

Нэг суманд халдвартын чиглэлээр төгссөн эмч очиж гэе. Тэгвэл зүрх нь өвддөг хүнийг ч үзэх л болно. Эмчлэх л болно. Эндээс нэг талыг барьсан сургалтын алдаа ажиглагдаж магадгүй.

Гэхдээ би эмчийг, эмнэлгийг муулах дургүй хүн шүү дээ.

-Таныг муул, шүүмжил гэж шахаж байгаа юм биш ээ. Эмч, эмнэлгийнхний түүхэнд толбо суулгасан гэмт хэрэг ч гарч байсан удаа бий. Энэ тухай ярихад муулж байгаа  биш. Түүх сөхөж буй хэрэг болно. Тухайлбал дээхнэ дээ. Шар хадны эмч нарын хэрэг гэж гарч байсан даа. Хэрэг хийсэн эрүүл хүнийг сэтгэл мэдрэлийн өвчтэй хэрэг хүлээх чадваргүй гэсэн акт гаргаж өгч ялаас мулталж байсан юм гэдэг. Үүнийг та мэднэ биз.

-Дуулсан л даа. Дуулах битгий хэл намайг оюутан байхад байхаа. Тэр тухай шүүх хурал болж байсан санагдана. Тэр чинь нэг талдаа хэлмэгдүүлэлт байсан юм биш үү дээ.

-Үгүй. Тухайн үедээ сүрхий шуугиан тарьж байсан хэрэг юм билээ. Одоо ч гэсэн эмнэлгийн элдэв шинжилгээний хариуг зориудаар өөрчилж, хэрэгтний талд үйлчилсэн тухай асуудал нэг биш удаа сонсогддог шүү дээ.

-За тэгвэл та энэ тухай надаас илүү мэдээлэлтэй юм байна. Гэхдээ би ч гэсэн зөндөө элдвийг бурчих шиг боллоов шүү. Уучлаарай.

-Өнөө үед эрүүл мэндийн байгууллага, эмч нарын ажиллах нөхцөл тухайлбал эрх зүйн талаарх хууль, тогтоомж хэр хангалттай санагддаг вэ?

-Энэ талаар би мэдэхгүй. Гэхдээ нэг юмыг хэлэхэд эмч нарын ажил хүнд хэрнээ цалин хөлс бага шүү дээ. Шүүх, прокурорынхонд өндөр цалин өгдөг хэрнээ эмч нарыг яагаад анхаардаггүй юм бэ? гэж боддог. Эмнэлгийн үйлчилгээ тааруу байдгийн цаана нарийн судлах юм бол их юм бий л дээ.

-Эрүүл мэндийн байгууллагад хандах төр, засгийн анхаарал халамж муу байна гэж л хэлэх гээд байна даа Та?

-Би өнөөдөр эмчээ хийгээгүй удлаа. Одоо намайг хэн эмч гэхэв дээ. Ер нь төр, засгийн ажлыг шүүмжлээд зааж чиглүүлэх гэж оролдох хэмжээний ч хүн биш ээ. Би яам, тамгын газраар ч орох дургүй хүн. Сонин шүү.

-За тийм байж. Өөрөө олон ном бичиж хэвлүүлсэн гэж ярьсан. Тэр дотроосоо гол гол номоо нэрлэнэ үү?

-Голдуу түүхийн сэдэвтэй ном бий. Тухайлбал, Бэлгийн замын халдварт өвчинтэй тэмцсэн түүх, Нүдний өвчинг эмчилж байсан түүх, мөн нэг, хоёрдугаар эмнэлэг, цэргийн эмнэлгийн түүхийн тус тусдаа ном бий. Эрдмийн зэрэг хамгаалсан сэдвийнхээ дагуу “Монгол бөх нарны идэвхжил”, “Халдварт өвчин нарны идэвхжил”, “Монголын түүхэн дэхь нарны идэвхжил” гээд номууд бүтээсэн дээ.

Энэ бүхэн маань олон түмэнд гайгүй хүрсэн л юм шиг санагддаг. Одоо тэр бүхнийг хүмүүс ширээний ном болгож ашиглаад байх нь гол биш гагцхүү хойч үеийнхэнд маань хэрэг болно гэж бодож байна.

Хэн бүхэн үе үеийнхээ түүхийг бичиж үлдээх нь л хамгийн чухал байгаа юм шүү дээ.

Эх сурвалж:  ЗУУНЫ МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж