Д.Оргилтуяа: Дэлхийн дулаарлаар балет хийхээр зорьж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.17-нд нийтлэгдсэн

Д.Оргилтуяа: Дэлхийн дулаарлаар балет хийхээр зорьж байна

Монголын балетын хөтөлбөр нь “Амьдралыг тэтгэгч-O2” модерн балетыг энэ сарын 19-нд тоглох гэж байна. Үүнтэй холбогдуулан  уг хөтөлбөрийн тэргүүн, “Амьдралыг тэтгэгч-O2” модерн балетыг санаачлагч Д.Оргилтуяатай ярилцлаа.


-“Амьдралыг тэтгэгч-O2” модерн балетыг маргааш тоглох гэж байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Монголын балетын хөтөлбөр дөрвөн цуврал балет хийхээр төлөвлөсөн. “Амьдралыг тэтгэгч-O2” балет бол хоёр дахь нь. Анх 2017 онд усны хамгааллын тухай “Амьдралыг Тэтгэгч-H2O” орчин үеийн балетыг тоглосон нь олон хүнд таалагдаж, магтаал хүртсэн нь бидэнд урам өгсөн. Дараа нь хог хаягдал, дэлхийн дулаарал гэсэн сэдвээр балет хийхээр зорьж байна. Энэ балетыг НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран хийсэн. Нэг нь хүүхдийн төлөө ажилладаг байгууллага, нөгөө нь урлаг, соёлыг дэмждэг байгууллага учраас хамтарч ажилласан. Энэ хоёр байгууллагадаа баярлалаа гэж хэлье. Залуу бүжигчид урлагаар дамжуулан байгаль орчноо хайрлаж, хамгаалахыг уриалж, байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нийгэмд зөв зүйтэй мэдээллийг түгээгчид болж байна. Одоохондоо бид агаарын бохирдлын сөрөг нөлөөг мэдэхгүй учраас айхгүй, эрүүл мэндэд муугаар нөлөөлөхгүй байгаа юм шиг л явж байна. Тиймээс бүжгийн урлагаар дамжуулж олон нийтэд агаарын бохирдлын хор нөлөөг ойлгуулахыг хүссэн учраас энэ балетыг санаачилсан.

-Энэ удаа яагаад агаарын бохирдлыг сонгож авсан юм бол?

-Улаанбаатар хотын агаарын бохирдол хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулах хэмжээнд хүрлээ. НҮБ-ын Хүүхдийн сан, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран эх, хүүхдийг агаарын бохирдлын сөрөг нөлөөнөөс хамгаалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулахад Засгийн газартай хамтран урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд хүн бүрийн оролцоо чухал учир олон нийтийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэхийн тулд балетаар дамжуулан дээрх тулгамдсан асуудлыг хөндөхийг зорьж байна. Тоглолтын орлогыг “Монголын балетын хөтөлбөр”-ийн залуу бүжигчдийн ур чадварыг дээшлүүлэх сургалтад зарцуулна.

-Балетын бүрэлдэхүүнийг танилцуулахгүй юу?

-Энэ балетад АНУ, Австри гэсэн Европын оронд орчин үеийн болон контемпорари балетын сургалтад хамрагдсан УДБЭТ-ын шилдэг залуу бүжигчид оролцож байгаагаараа онцлог. Манай балетын уран сайхны удирдагч нь Маша Сванчук гэж Монголд амьдардаг Украйн эмэгтэй бий. Балет юуны тухай өгүүлэх түүхийг бичсэн. 2017 оноос л Монгол балетын хөтөлбөрт уран сайхны удирдагчаар ажилласан. Балетчдын хувьд өсөх ирээдүйтэй, балетын урлагт хайртай, олон зүйл сурч мэдэх хүсэлтэй залуусыг сонгож авсан. Балетын ерөнхий бүжиг дэглээч, найруулагчаар “Сүлд” чуулгын бүжгийн багш, бүжиг дэглээч Ё.Дамчаабадгар ажилласан. Энэ онд ХБНГУ-д болсон олон улсын бүжиг дэглээч, гоцлол бүжигчдийн “Solo Dance Theatre” 23 дахь удаагийн уралдаанд шилдэг 17-д багтсан Монголын анхны бүжиг дэглээч болсон авьяаслаг залуу.

-Контемпорари балет гэж балетын шинэ төрөл бололтой. Энэ төрөл Монголд хэр хөгжсөн юм бол?

-Одоогийн байдлаар орчин үеийн болон контемпорари балет Монголд тийм ч сайн хөгжөөгүй байна. Яг энэ чиглэлээр суралцсан, бусдадаа зааж сургах боловсон хүчин байхгүй. Тиймээс энэ бүжгийн урсгалыг суралцах гэж гадаадад суралцах шаарлагатай болоод байна. Тиймээс манай хөтөлбөр жил болгон 4-6 бүжигчнийг гадаадад сургадаг. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд Хөгжим бүжгийн консерваторын сонгодог бүжгийн сурагчид, УДБЭТ-ын 28  бүжигчнийг АНУ-ын Колорадогийн Балетын академийн зуны эрчимжүүлсэн сургалтад хамруулсан. Мөн өнгөрсөн  жил Австрийн Вена хотод болсон “Impulstanz” олон улсын бүжигчдийн наадмын үеэр орчин үеийн балетын шилдэг дөрвөн багшаас сургалт авсан. Шалаар өнхрөх, үсрэх эсвэл урсаж бүжиглэх гэдэг ч юм уу сурах арга барил олон байсан. Энэ зун Германд болох олон улсын бүжигчдийн наадамд очих сонирхолтой байна. Орчин үеийн болон контемпорари балетын нэлээд нэртэй балетчид ирж оролцдог. Тиймээс энэ наадамд ирсэн мундаг багш нараас бид олон зүйл сурч мэдэх боломжтойгоос гадна тэр багш нараас сургалт авч болно. Манай хөтөлбөрт хамрагдсан балетчид очсон орон болгоноосоо жил ирэх тусам шинэ зүйл сурч, нүд нь нээгдэж, өөр орны бүжигчидтэй танилцаж, тэдний бүжиглэх арга барилыг харж тэдэнтэй туршлага солилцоод чадвар нь нэмэгдэж байгааг хараад их урам авдаг.

-Балетчдыг гадаадад сургалтад хамруулахад зардлыг нь хэн гаргадаг юм бэ?

-Миний нэг охин балетын бүжигчин. Хөгжим бүжгийн коллежид сурч байсан. 2012 онд АНУ-ын Колорадогийн Балетын академийн зуны эрчимжүүлсэн сургалтад явуулсан юм. Бүжгийн шинэ олон төрлийг заасан нь надад сонирхолтой санагдсан. Тэгээд Хөгжим бүжиг дээр очоод танай балетчдаас энэ сургалтад хамруулъя гэж хэлсэн. МИАТ, АПУ компани, Соёлын сайдаар ажиллаж байсан Ц.Оюунгэрэлийн дэмжлэгтэйгээр анхны сургалтын мөнгөө олж байлаа. Эхний жилүүдэд виз болон хоол хүнсний мөнгө гэсэн хэрэглээний зардлаа хүүхдүүд өөрсдөө гаргадаг байсан. Одоо бол биднийг дэмждэг Америк хүмүүс жил бүр зардлыг нь даадаг.

-“Амьдралыг тэтгэгч-O2” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Гэрэл зурагчин Эммануэллийн “Амьдралыг тэтгэгч-O2” гэрэл зургийн үзэсгэлэн “976 арт” галерейд нээлтээ хийсэн. Биднийг сурталчилгааныхаа зургийг авахуулах гээд гэр хорооллоор явж байх үед Эммануэлл хамт явсан юм. Тэнд очоод зураг дараад л байсан. Дараа нь дарсан зурагнуудаа надад бэлэглэсэн. Тэр зурагнууд нь их таалагдаад өнөөдөр үзэсгэлэн гаргалаа. Мөн л агаарын бохирдол хүний биед ямар их хор учруулж байгааг харуулсан.

-Анх байгаль орчны асуудлыг урлагаар дамжуулж илэрхийлэх санааг яаж олсон юм бэ. Өөрийг тань байгаль орчны зөвлөх мэргэжилтэй гэж сонссон?

-Анхны “Амьдралыг тэтгэгч-H2O” балетаа “Номадик балет” продакшнтай хамтарч тоглосон. “Номадик балет” продакшны Өлзий надад их урам өгсөн. Та олон жил энэ залуу балетчдыг гадаадад сургалтад хамруулж бидэнд хөрөнгө оруулалт хийж байгаад баяртай байна. Гэхдээ одоо тайлан тоглолт маягаар балетчдынхаа сурсан мэдсэн зүйлийг үзүүлэх ёстой. Бид таньд тусалъя. Та юуны тухай бүжиглэх санаагаа олчихвол манай продакшны залуу бүжигчид бүжиглэнэ гэж хэлсэн. Тэгээд Маша Сванчук бид хоёр ярилцаад ерөөсөө байгаль орчны асуудлыг л хөндсөн цуврал балет хийе гэж тохирсон. Би 1995 оноос хойш НҮБ-ын төслүүд болон өөр байгаль орчны байгууллагуудад зөвлөхөөр ажиллаж байна. Байгаль орчны салбарынхан энэ ёстой маш чухал асуудал байна гэж яриад олон ажил санаачлан хийдэг. Гэтэл олон нийт ойлгодоггүй. Тиймээс шинжлэх ухааны үг хэлээр бус энгийн хүн ч ойлгохоор үг хэллэгээр тэр дундаа хүмүүсийн дуртай балетын урлагаар дамжуулж энэ мэдээллийг түгээе гэж бодсон.

–Та бүхний судалснааар агаарын бохирдлоос хэрхэн урьдчилан сэргийлэх ёстой юм шиг байна?

-Энэ тал дээр НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлэл харилцааны мэргэжилтэн Д.Ариунзаяагийн өгсөн мэдээллэлд үндэслэн ярих хэрэгтэй байх. НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран эх, хүүхдийн эрүүл мэндийг агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх төслийг 2021 он хүртэл хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн цөм нь олон нийтийн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх юм. Агаарын бохирдлын хор уршгийг ойлгоод өөрийнхөө хэмжээнд гэртээ, албан байгууллагадаа, орон нутагтаа агаарын бохирдлын сөрөг нөлөөг бууруулахад ямар нэгэн алхам хийгээсэй гэсэндээ л энэ балетыг манайхтай хамтарч тоглох гэж байна. Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах урт болон богино хугацааны төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа. Гэвч энэ нь биелэлээ олтол дор хаяж таван жил болно. Энэ хооронд хүмүүс эрүүл мэндээ өөрсдөө л хамгаалах ёстой. Дотоод агаарын чанараа сайжруулахын тулд агаар цэвэршүүлэгч, цонхны шүүгч ашиглах , гадагшаа гарах бол утаанаас хамгаалах маск зүүх ёстой. Хоол хүнсээрээ витамин, аминдэмээ авч биеийн дархлаагаа сайжруулж байж агаарын бохирдлын биед үзүүлэх нөлөөллийг багасгаж чадна. Хүүхдүүдээ тогтмол вакцинд хамруулж гэр бүл, сургууль, цэцэрлэгийнхээ түвшинд агаарын бохирдлоос хамгаалах олон аргыг хэрэгжүүлэх ёстой юм билээ.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж