Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Хүүхдийн эрх, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, гэмт хэргийн эсрэг хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалтын үр дүнтэй танилцах Ерөнхий хяналтын сонсголыг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд зохион байгуулах тул иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл Та бүхнийг урьж байна.
Бүртгэл: 2019 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 17.00 цаг хүртэл явагдах тул Ерөнхий хяналтын сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэн нь овог нэр, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, гарын үсэг, холбогдох утасны дугаарыг бичсэн хүсэлтийг бичгээр болон цахим шууданд захидал илгээн бүртгүүлнэ. Оролцох хэвлэл мэдээллийн байгууллагууд хүсэлтээ албан бичгээр ирүүлнэ.
Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар баталгаажих бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг Улсын Их Хурлын цахим хуудсанд байрлуулна.
Оролцогч санал, тайлбар, мэдээлэл хийх бол мэдээллийг 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дотор бичгээр ирүүлнэ үү.
Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-401, Хууль зүйн байнгын хороо /лавлах утас: 264147/
Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn
Жич:Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журамд заасны дагуу оролцох хүмүүсийн иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ.
Хууль зүйн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл,
шинжлэх ухааны байнгын хорооны ажлын алба
Холбоотой мэдээ