Нийтийн тээврийн аккумлятор буудсанаас болж, автобусны буудал дээр нэг иргэн хүнд гэмтэл авсан тухай мэдээлэл цацагдсан билээ. Уг осол Баянгол дүүргийн нутаг 10 дугаар хорооллын автобусны буудалд гарсан юм. Осол согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн албан үүргээ гүйцэтгэж байсан хүмүүсийн ажилд саад болсноос гарсан гэх тайлбарыг Нийслэлийн тээврийн газраас өгч байна.
Энэ тухай Нийслэлийн нийтийн тээврийн газрын Тээврийн хэлтсийн дарга Х.Булгаас тодруулахад “Уржигдар Атибус компанийн тээврийн хэрэгсэлд техникийн саатал гарч дуудлага өгч, 10 дугаар хорооллын автобусны буудлын зогсоол дээр зогссон. Дуудлагын дагуу тус компанийн баазаас засварчид ирж аккумляторыг холбож асаахаар ажиллаж байсан юм билээ. Гэтэл согтууруулах ундаа хэрэглэсэн хүн гэнэтхэн засварчдын дундуур орж түлхсэнээс болоод аккумлятор шон руу үсэрч, массалснаас болоод тухайн хүн бэртсэн гэх мэдээлэл цацагдсан. Энэ дагуу Атибус компанийнхан тухайн иргэнийг гэмтлийн эмнэлэгт үзүүлж, оношлуулсан. Азаар тухайн иргэн бэртээгүй байсан. Гэхдээ сэтгэл санааны хохирлыг нь барагдуулсан. Тиймээс цахим орчимд цацагдсан мэдээлэл ташаа болохыг хэлье. Тухайн иргэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ албан үүргээ гүйцэтгэж байсан хүмүүст саад болсноос үүдэн жижиг хэмжээний осол гарлаа. Иргэдийн хэлсэн шиг аккумлятор дэлбэрсэн зүйл байхгүй. Хэрэв тийм осол гарсан бол нэг биш олон хүн бэртэж гэмтэх аюултай. Энэ нь бидэнд маш том сургамж өглөө” гэв.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ