Монгол Улсын их сургуульд суралцаж буй дэлхийн 10 гаруй орны оюутнууд өнөөдөр /20189.05.17/ улс үндэстнийхээ түүх, соёл урлаг, хоолоо сурталчилж, танилцууллаа.
“Монгол Улсын их сургуулийн хурлын танхимд “Олон улсын өдөрлөг”-ийг өнөөдөр зохион байгуулж байна. Манай сургуулийн зүгээс жил бүр уламжлал болгон гадаад оюутнууддаа зориулан уг өдөрлөгийг хийж ирсэн. Уг өдөрлөгийн үеэр орон орны оюутнууд бие биенийхээ соёлоос суралцаж, ёс заншлаа мэдэлцэж, танилцдаг. Өдөрлөгийн үеэр гадаад оюутнууд орон орны хоол хүнсээр дайлж, үндэсний зан заншил хувцас хэрэглэлээ өмсөж, соёл урлагийн тоглолтоо сонирхуулдаг” тухай МУИС-ийн Оюутан төгсөгчийн хэлтсийн дарга, доктор М.Эрдэнэчимэг ярилаа.
МУИС-Д 470 ГАРУЙ ГАДААД ОЮУТАН СУРДАГ
Монгол Улсын их сургуульд одоогийн байдлаар 470 гаруй гадаад оюутан суралцаж байгаа гэнэ. Гадаад оюутнуудын ихэнх нь монгол судлал, монгол хэл шинжлэлээр суралцдаг гэдгийг багш мэргэжилтнүүд хэлж байв. Зарим оюутнууд Засгийн газрын тэтгэлэгээр суралцаж байгаа бол нөгөө хэсэг нь оюутан солилцоо хөтөлбөр болон хувийн зардлаар суралцдаг байна.
Солонгос, Герман, Лаос, Польш гээд 10 гаруй орны оюутнууд өөрсдийн орны онцлогийг харуулсан хоол хүнс хийж, үндэсний хувцсаараа гоёсон байв
Өдөрлөгийн үеэр зарим орны оюутнуудтай танилцаж, сэтгэгдлийг нь сонссон юм.
ГЕРМАН УЛСЫН ОЮУТАН КАРЛОТТА: МОНГОЛ ҮНДЭСНИЙ ХООЛ ГОЁ АМТТАЙ
-МУИС-д Герман улсын Ажил мэргэжлийн их сургуулиас найман оюутан дадлага хийхээр саяхан ирсэн. Өнөөдрийн арга хэмжээнд санаандгүй байдлаар оролцож байна. Сэтгэгдэл маш сайхан байна. Олон орны оюутнуудтай танилцаж, ёс заншил, үндэсний хоолоор дайлуулж байгаа нь их сайхан байна. Өдөрлөгийн үеэр Герман улсын нүүр царай болсон пиво, хөлбөмбөг, чихэр, амттан болон гоймонгийн салатны амталгаа хийж байна. Монгол орны байгаль маш их таалагдсан .Бид сая Өвөрхангай аймгийн Хархорин хотод очоод ирсэн. Монгол үндэсний хоол ч гэсэн маш гоё амттай.
ПОЛЬШ УЛСЫН ОЮУТАН ОЛИВИЯ: МОНГОЛ, ПОЛЬШ УЛСЫН ҮНДЭСНИЙ ХООЛ ТӨСТЭЙ
-Монгол улсын ард түмэн их найрсаг. Бас үзэсгэлэнт байгаль нь маш их таалагддаг. Монгол, Польш улсын үндэсний хоол төстэй учраас идэхэд асуудал гардаггүй. Би одоо 22 настай. Миний хувьд Монгол Улсын их сургуульд хэлний бэлтгэлд суралцаж байгаа. Нэг жилийн хугацаанд монгол хэл сурчихаад нутагтаа очно. Өнөөдрийн өдөрлөгт Польшийн утсан бяслаг, алим, чихэр амттанаас гадна ном сэтгүүлээс дэлгэн тавилаа. Мөн үндэсний туурай гэдэг нэртэй хоолоор бусад орны оюутнуудаа дайлж байна. Харахад мантуу шиг мөртлөө тусгай соуст дүрж, адууны туурай шиг хэлбэртэй болохоор нь ингэж нэрлэдэг юм гэлээ.
БНСУ-ЫН ОЮУТАН АН МЁН ХУАН: МОНГОЛ ХЭЛНИЙ ДУУДЛАГА МАШ ХЭЦҮҮ
-Сайн байцгаана уу? Би БНСУ-аас ирсэн. МУИС-д монгол хэлний бэлтгэлд суралцаж байгаа. Өнөөдөр бид солонгос үндэсний хоол бэлдэж ирсэн. Өнгөрсөн долоо хоногт МУИС-ийн оюутнууд хаврын дадлагат хамт гарч, Өвөрхангай аймгийн Хархоринд очсон. Монгол хэлний дуудлага маш хэцүү учраас яриаг нь сайн ойлгодоогүй. Харин бичгийн хэл нь солонгос хэлтэй адилхан учраас сурахад илүү дөхөм байдаг.
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ