Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд хоёр уйлагнах хэрэггүй

Хуучирсан мэдээ: 2019.05.17-нд нийтлэгдсэн

Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд хоёр уйлагнах хэрэггүй

Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд хоёр уйлагнах хэрэггүй

МАН-ын Хяналтын ерөнхий хорооны шийдвэрээр УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднаасэд нар ирэх сонгуульд намаасаа өрсөлдөх боломжгүй боллоо.

Нэг нь Эрүүгийн хуулийн хэрэг хөөн хэлэлцэх хугацааг бууруулсан гэдэг “зүйл ангиар”, нөгөө нь Оюутолгой төслийн хэрэгжилтийг шалгасан УИХ-ын ажлын хэсгийн нууц дүгнэлтийг “Рио Тинто” компанид хүргэсэн байж болзошгүй гэдэг асуудлаас болж, таван жилийн хугацаатай намаасаа улс төрийн дэмжлэг авах эрхгүй болж байна.

Хэдийгээр УИХ-аас баталсан хуульд ганц хүнийг буруутгаж, “ялласан” харагдах ч хэрэг хөөн хэлэлцэх хугацааг бууруулах санал гаргасан хүн нь Ш.Раднаасэд гишүүн. Уг саналыг гаргасан үндэслэлээ хүний эрхийг хангах зорилгоор гэж тайлбарласан ч Эрүүгийн хуульд хийсэн зөвхөн энэ заалтаас болж, өнгөрсөн сард Мэргэжлийн хяналтын экс дарга нарт холбогдох авлигын хэрэг хэрэгсэхгүй болсон. Үүнээс өмнө ч “цагаан захтан”-тай холбогдох олон хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дуусан гэдэг үндэслэлээр “цагаадсан”.

Эрх баригч хүчин энэ алдаагаа засч, хуулийн төсөл өргөн мэдүүлнэ гэдгээ мэдэгдсэн ч хууль буцаж үйлчилдэггүй тул өмнөх өдрүүдэд дээрх заалтаар хэрэг нь цагдаасан этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх боломжгүй.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Дамба-Очир улсын нууц задалсан байж болзошгүй гэх асуудлыг Тагнуулын ерөнхий газар шалгаж байна. Шалгалт нь эцэслээгүй, УИХ дахь МАН-ын бүлэг “Рио Тинто-д очсон дүгнэлт нь улсын нууцад хамаарахгүй” гэдэг тайлбар хийсэн ч ажлын хэсгийн дүгнэлт УИХ-ын гишүүдийн гарт хүрээгүй үед Оюутолгой компанид урьдчилан очсон нь зүгээр өнгөрөх асуудал биш. Хөрөнгө оруулагч талын хүсэлтээр ажлын хэсгийн дүгнэлтийг хүргэх нь Байнгын хороог даргалж байгаа хүний хувьд эрх мэдлийнхээ хүрээнд шийдэж болох ч гишүүддээ мөн хүргэсэн байх ёстой.

Одоо хэн, хэн нь уйлагнах хэрэггүй,  бүлгийн гишүүд нь ч "Хяналтын ерөнхий хорооны шийдвэрийг эсэргүүцэж байна" гэж нялцагнах шаардлагагүй. Улс төрийн хариуцлага хүлээгээд шийдвэрийг хүлээн авчих хэрэгтэй.  “Сонгуулийн тойрог булаах зорилгоор хариуцлага хөндөж байна” гэж булзааруулах ч хэрэггүй.

Учир нь УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барихаар зэхэж байна. Уг төсөлд УИХ-ын сонгуулийг томсгосон тойргоор зохион байгуулахаар заасан юм. Ингэхдээ Булган, Дундговь, Говь-алтай, Сүхбаатар аймгуудыг тус бүр хоёр, харин Ѳвѳрхангай аймгийг дѳрвѳн мандаттай болгоно. Нэг үгээр хэлбэл, 2016 онд нийслэл рүү татсан байсан мандатыг орон нутаг руу буцаан шилжүүлэх болж байна. Тэгээд ч Ш.Раднаасэдийг Говь-Алтайд, Д.Дамба-Очирыг Дархан-Уул аймагт УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлнэ гэдэг хууль байхгүй. Сонгогдсон тойргоо насаараа өмчилдөг сэтгэхүйгээсээ салах цаг нь болсон.

МАН –ын Хяналтын ерөнхий хороо улс эх орны эрх ашигт харшлах алдаа гаргасан улстөрчиддөө хариуцлага тооцсон шийдвэр гаргасан нь зөв. Харин ч оройтож гаргаж буй шийдвэр. Одоо угсруулаад Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас хамаарал бүхий компанидаа зээл авсан УИХ-ын гишүүдээ ч мөн ирэх 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэдгээ даруй зарлах шаардлага байна. Учир нь хариуцлагыг зөвхөн хоёрхон хүнд тохох нь нэг талдаа аавын хүүг алаг үзсэн, нөгөө талдаа зөвхөн “гал унтраах” арга хэмжээ болж харагдаад байна. Аливаа улс төрийн хүчин алдаа гаргасан гишүүнээ хаацайлах, хамгаалах учиргүй. Хариуцлага тооцож гэмээнэ нам цэвэршинэ, хариуцлагатай улс төрийн хүчин болж, төлөвшинө.

Авлигатай тэмцэх газрын мэдээллээр УИХ дахь эрх баригч намын 64 гишүүнээс 39 нь ЖДҮХС-гийн зээлтэй нэр холбогдсон. Эхний удаад тавынх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах саналыг Улсын ерөнхий прокурор асан Б.Энх-Амгалан оруулж ирэхэд олонхиороо үл зөвшөөрч хүлээн аваагүй.

Намаас нь ЖДҮ-чиддээ хариуцлага тооцох асуудал ярих нь уу гэтэл чимээгүй өдийг хүргэсэн. Нэгэнтээ хариуцлагын сэлмээ суйлсан юм бол эргүүлж, тойруулалгүйгээр бүгдэд нь хариуцлага ярь.

Засгийн газрын сайд нараас нэг нь 10 сая ам.долларын авлига авсан гэх асуудал ч яригдах боллоо. Энэ асуудлынхаа учрыг яаралтай олж, нийгэмд үнэн зөв мэдээлэл өгөх нь зөвхөн Засгийн газрын бус намын ч асуудал болж хувирч байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж