МАН-ын Хяналтын ерөнхий хорооноос УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ш.Раднааcэд хоёрт таван жилийн турш улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шийдвэр гаргаж, тус шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнд үүрэг болгосон.
Энэ талаар МАН-ын бүлгийн даргаас тодруулав. Тэрбээр "Хяналтын ерөнхий хорооноос гаргасан шийдвэрийг буруу гэж үзэж байна. УИХ-ын гишүүн нэгдсэн чуулган болон байнгын хорооны хуралдаан дээр үг хэлж байр сууриа илэрхийлэх нь чөлөөтэй. Оюутолгой ХХК-д Д.Дамба-Очир гишүүн бичиг өгсөн зүйл нь хууль зөрчөөгүй. Үүний төлөө хариуцлага хүлээж болохгүй. Тиймээс намын Хяналтын байгууллагад хүсэлт гаргаж, дахин хуралдаж, энэ асуудлаа авч үзнэ үү гэсэн хүсэлтээ өгсөн. Хууль хяналтын байгууллага шалгаж тогтоогоогүй асуудлаар ийм хурдан шийдвэр гаргаж, гишүүдийн эрх ашгийг хөндөж болохгүй. УИХ-ын гишүүнийг байр сууриа илэрхийлснийх нь төлөө, байнгын хорооны даргыг албан бичиг явуулсных нь төлөө ийм шийтгэл гаргаад байвал цаашид гишүүд бүрэн эрхээ хэрэгжүүлж чадах уу. Зүгээр нэг хэвлэлээр гарсан зүйлээс болж арга хэмжээ аваад байвал энэ 64 гишүүн дотор арга хэмжээ авахуулахгүй хүн олдохгүй. Ер нь бүлгийн гишүүд энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа" гэсэн тайлбарыг өглөө.
Холбоотой мэдээ