АН-ын үед хэрэг илрүүлсэн тагнуулчид МАН-ын үед мах намнав

Хуучирсан мэдээ: 2019.05.17-нд нийтлэгдсэн

АН-ын үед хэрэг илрүүлсэн тагнуулчид МАН-ын үед мах намнав

АН-ын үед хэрэг илрүүлсэн тагнуулчид МАН-ын үед мах намнав

Салхитын мөнгөний ордоос эхэлж, Эрдэнэт үйлдвэрээр үргэлжилсэн Засгийн газрын гурав дахь гүйцэтгэх ажиллагаа мах экспортлогчид дээр явагдав. Монголын тагнуулын тусгай ажилтнууд мах экспортлогч аж ахуйн нэгжүүдэд “мөрдлөг” хийж, их хэмжээний мах нөөцөлснийг илрүүлснийг татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг Үндэсний Олон нийтийн телевизээр дамжуулсан нь дэлхийд шуугиулах хэмжээний мэдээ болов. Гэхдээ сайнаар биш саараар. Их хэмжээний гэдэг нь хэдэн зуун тонн мах уу эсвэл хэдэн ширхэг гулууз уу. Ийм мэдээ төв телевизээрээ дамжуулсан МАН-ын дарга нар, Монголын эрх баригчид экспортод мах гаргаж, эдийн засгаа тэлэх тухай ярихаа болих хэрэгтэй.

МҮОНТ-ийн “Цагийн хүрд”-ээр дамжуулсан “гулууз илрүүлэх” үйл явдлын мэдээ бол Монголын төрийн бодлого болж гадагшаа сонсогдоно. Гадаадын хөрөнгө оруулагчдад Монголоос мах импортолж болохгүй юм байна гэсэн ойлголт төрнө. Үүнийг дагаад орж ирдэг ам.долларын сувгуудын амсар нь хумигдана. Ардын намын бурхан байлаа ч Монголын эдийн засгийг аварч чадахгүй.

МАН-ын үед мах магнаг болсон нь үнэн бөгөөд гэм буруутан нь мах экспортлогчид биш. Хэрэвзээ тэднийг махны үнэ хөөрөгдсөн эсэхэд хардаж буй бол экспортолсон махаа хуулийн дагуу гаргаж, улсын төсөвт татвар төлж байсан үгүйг шалгах ёстой. Гэхдээ энэ бол тагнуулынхны биш татварынхны хийх ёстой ажил юм. Харин махны үнэ шалтгаангүйгээр өссөнд хэн нэгэнд хэрэг тохохыг хүсвэл, тэр буруутан нь Засгийн газар өөрөө. Малчид нь малын хөлийн татвар төлье гэж өөрсдөө гуйгаад байхад л Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "Манай намын мөрийн хөтөлбөрт малчдаас татвар авах асуудал тусгагдаагүй" гээд гүлдийгээд байдаг. Махны үнийг тогтворжуулах, иргэдийнхээ ашиг орлогыг нэмэх, татварын уян хатан зохицуулалт хийх, үндэсний жижиг дунд үйлдвэрүүдээ дэмжих бодлого үнэндээ Засгийн газарт алга. Баяраа өөрөө л ширээн дээрээс ойчсон гэдэг шиг. Жижиг дунд үйлдвэрүүдэд, мах нөөцлөх бэлтгэх, хадгалахад очих ёстой мөнгийг дээгүүрээ тэгш хүртээмжтэй хувааж идчихээд, дараа нь тагнуулчдаараа доогуураа гүйцэтгэх ажиллагаа явуулах нь тэгээд МАН-ынхны ярьдаг өнөөх гоё шударга ёс  нь гэж үү?

Малчид болоод махны ченжүүд үнийн өсөлтөөс ашиг хонжоо харах нь эдийн засгийн энгийн ойлголт. Хэрэвзээ бид зах зээлийн чөлөөт эдийн засагтай, ардчилсан Монгол Улсад амьдарч байгаа нь үнэн бол!

Урьд нь Монголын тагнуулын гүйцэтгэх ажиллагаа маш нууцлагдмал явагддаг байсан бол өдгөө хэвлэл мэдээллийнхнийг дагуулж, камер дурангийн өмнө шууд өрнөдөг, Засгийн газрын даалгавраар бусдын өмч рүү ил цагаан халддаг болж. Энэ бол улс төр, нийгэм, эдийн засгийн хувьд асар муу үр дагавартай. Учир нь, Салхит, Эрдэнэт дээр явагдсан гүйцэтгэх ажиллагаа уул уурхайн салбарт оруулах хөрөнгө оруулалтыг үргээсэн бол мах экспортлогчдод барьсан тагнуулынхны гэнэтийн “сюрпириз” олон хүний урмыг хугалаад зогсохгүй, Монголын төрийн бодлого нэг амаар биш Засгийн газрын сайд болгоны амаар хийгдэж буйн тод жишээ боллоо. Өдөр тутам төрөөс нь тэсрэх бөмбөг нийгэмдээ “дэлбэлдэг” ийм улсад усан тэнэг байлаа ч сохор зоос оруулахгүй.

Үндэсний аюулгүй байдлаа сахин хамгаалж, ажиллах ёстой тагнуулын байгууллагын үйл ажиллагааг мэргэжлийн хяналтын байцаагч, хорооны цагдаагийн хэмжээнд хүргэснээрээ МАН-д засаглалын ямар ч бодлого, мэдрэмж, чадвар, боловсон хүчний үнэлэмж алга болсныг тайлбаргүйгээр харуулав.

Ардчилсан намын үед Монголын тагнуулын ажилтнууд С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг олж тогтоосон. Харин МАН-ын үед мах баривчилдаг болжээ. АН, МАН-ын бодлогын ялгаа нэг иймэрхүү. Тэгээд зогсохгүй шүүхийн шийдвэртэйгээр ялаа эдэлж буй гэмт хэрэгтнүүдийг шүүхийн шийдвэргүйгээр суллах тухай ярьдаг Хууль зүй, дотоод хэргийн сайдтай болсон.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
9
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж