ХБНГУ-ын “Лилиум” компани пүрэв гаригт таван хүний суудалтай, жолоочгүй, нисдэг таксины шинэ загвараа танилцуулсан байна. Тус компанийн төлөөлөгчийн мэдээлснээр, жолоочгүй нисдэг таксины анхны туршилт амжилттай болжээ.
Энэхүү нисдэг такси нь 36 цахилгаан хөдөлгүүртэй, цагт 300 км нисэх хүчин чадалтай, нэг цэнэглэсэн тохиолдолд нэг цагийн турш нисэх боломжтой аж. Хэд хэдэн компани үүнтэй төстэй төхөөрөмж туршсан ч тэдгээр нь хоёроос илүү хүн тээвэрлэх боломжгүй байв.
“Лилиум” компанийг үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Даниэл Веганд хэлэхдээ “Бид зорчигчдын суудлыг 2-5 болгон нэмэгдүүлэхийг эрмэлзсээр ирсэн. Бид дэлхийн бүх хүнд хүссэн газартаа нисээд хүрэх боломжийг олгохыг хүсдэг” гэжээ.
Одоогийн байдлаар тус таксины туршилтууд үргэлжилж байна. "Лилиум" компани 2015 онд байгуулагдсан бөгөөд 2020 оны дунд үе гэхэд жолоочгүй нисдэг таксигаа олон нийтэд зориулан үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
Европын “Airbus”, “Uber” зэрэг хэд хэдэн компани хэдийнэ жолоочгүй нисдэг такси туршсан билээ. Энэ төрлийн тээврийн хэрэгслийг дэмжигчид нисдэг такси нь хотын хөдөлгөөний ачаалал, орчны бохирдлыг бууруулахад тустай хэмээн үзэж буй.
Эх сурвалж: ВВС, CNN
Холбоотой мэдээ