Б.Пунсалмаа: “Айл” төсөл нийгэмд гэрэл гэгээ түгээж байна

Хуучирсан мэдээ: 2019.05.17-нд нийтлэгдсэн

Б.Пунсалмаа: “Айл” төсөл нийгэмд гэрэл гэгээ түгээж байна

Б.Пунсалмаа: “Айл” төсөл нийгэмд гэрэл гэгээ түгээж байна

Иргэн төвтэй нийгмийг цогцлоох, нийгмийн цөм болсон гэр бүлийн аз жаргалыг бий болгох зорилго бүхий “Айл” төслийг Ардчилсан намын эмэгтэй гишүүд санаачлан эхлүүлээд багагүй хугацаа өнгөрчээ.

Төслийг санаачлагчид нь УИХ-ын гишүүн асан М.Батчимэг, УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Нийслэлийн Ардчилсан намын Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Пунсалмаа нар юм. Төслийн хүрээнд NTV телевизээр “Айл” нэвтрүүлгийг явуулж байгаа бөгөөд нэвтрүүлгийн продюсерээр Б.Пунсалмаа ажилладаг.

Саяхан болж өнгөрсөн Гэр бүлийн өдрийг тохиолдуулан өндөр шагналын сантай “Манайх гэдэг айл” видео бичлэгийн уралдаан зарлаж, шилдэг бичлэгүүдийг тодруулжээ.

Энэ талаар төслийн продюсер, Нийслэлийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Пунсалмаатай ярилцлаа.


 -“Айл” төсөл өрх бүрт гэрэл гэгээ нэмээд чамгүй хугацаа өнгөрлөө. Төсөл амжилттай хэрэгжиж, АН-ын эмэгтэйчүүд айл бүрийн хаалга тогшоод ажлаа урамтай урагшлуулж байна. Энэ төслийн зорилгын талаар яриагаа эхэлье?

-Иргэндээ хандсан нийгэм хамгийн сайн сайхан нийгэм байдаг. Тиймээс айл бүрийн тулгамдсан асуудлуудыг олж илрүүлэхээс гадна төрийн ямар шийдвэр, шийдлүүд бидний амьдралд үүргээ гүйцэтгэж байна вэ гэдэгт дүгнэлт хийх хэрэгтэй болсон. Нийгмийнхээ эс ширхэг бүрт хүрсэн төсөл хийгдэж байгаад бид их баяртай яваа. Төслийн санаачлагч нь М.Батчимэг гишүүн юм.

Харин одоо төсөл маань өргөжөөд УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа болон миний бие оролцож, төсөлт нэвтрүүлгээ амжилттай үргэлжлүүлж байна.

 -NTV телевизээр “Айл” нэвтрүүлэг цувралаар гарч, үзэгчид ч ам сайтай байна. Нэвтрүүлгийн сэдвүүдээ яаж сонгодог вэ?

-Одоогийн байдлаар гурван сэдвээр зургаан нэвтрүүлэг хийсэн. Фэйсбуук сүлжээнд “Айл” нэртэй пейж хуудас нээсэн. Энэ пейж рүү хүмүүс хандаж, ийм сэдвүүдийг хөндөөч ээ хэмээн санал тавьдаг. Бид анх нийгэмд тулгамдсан 20 орчим сэдвийг пейж дээрээ хөндөж, хүмүүсээс санал асуусан. Гэр бүлийн хүмүүжил, эмээ өвөөгийн асуудал, ажилгүйдэл, архидалт, хүчирхийлэл гээд маш олон асуудал бий. Энэ дундаас дэргэд нь байдаг мөртлөө төдийлөн сайн анхаарч чадахгүй байсаар байгаа сэдэв бол ахмад настнууд буюу эмээ, өвөөгийн асуудал байсан. Хүмүүс ч гэсэн эмээ, өвөөгийн асуудлыг яриач ээ гэж ихээр санал болгосон. Ингээд энэ сэдвийг анх барьж авсан.

Монголын хүн амын 300 мянга гаруй нь өндөр настан байна. Ахмад гэдэг ангилалд 65-аас дээш насны хүмүүс хамаарч байна. Ахмадуудад маань асуудал үнэхээр байдаг юм байна гэдгийг айлуудын хаалга тогшиж, судалгаа, уулзалтуудыг хийх явцдаа харсан. Энэ бүх уулзалтад иргэд маань нааштай хандаж, чин сэтгэлээсээ бидэнтэй сэтгэлээ уудалж, тулгамдсан асуудлаа ярьсанд гүнээ талархаж байна.

-Эмээ, өвөө нарт маань сэтгэл эмзэглүүлэх асуудал зөндөө бий. Та бүхэн юуг анзаарч, ямар шийдэлд хүрэв?

-Ахмад настны тухай хуулиас гадна өөр бусад хуульд ахмадуудад хандсан хангалттай заалтууд байна. Харамсалтай нь хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Хуулийн хэрэгжүүлэхийн тулд дүүргийн үүр, хороодын дарга, ажилтнууд тулж ажиллах ёстой болов уу. Ахмадуудад хууль эрх зүйн бөгөөд эрүүл мэнд, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх ёстой гэж хуульдаа заасан байдаг ч энэ ажлыг хийх ёстой хүмүүс нь  айлын хаалга тогшиж ороод хуулийн зөвлөгөө, сэтгэл зүйн зөвлөгөө үйлчилгээ үзүүлэх нь битгий хэл эрүүл мэнд асаргаа үйлчилгээ үзүүлж байгаа нь харагдсангүй.

Хоёрдугаарт, ахмадуудын дунд ганцаардал гэх том асуудал бий болжээ. Хэдийгээр тэд тэтгэвэртээ гарсан ч хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүс биш. Нийгэм дотроо бужигнаж явах ёстой хүмүүс чинь гэртээ тусгаарлагддаг. Нөгөө талаас тэтгэврээ бүгдийг нь зээлээр аваад ач, гучдаа өгчихдөг тохиолдол түгээмэл байна. Гараад явъя ажлын байр байхгүй, мөнгөний боломжгүй болдог. Иймээс ахмадуудад зориулсан ажлын байр бий болгох ёстой юм байна гэж төслийн багийнхан үзсэн.

Төрийн болон хувийн хэвшлийнхэн маань ахмадуудад зориулсан ажлын байр бэлтгэх хэрэгтэй шүү дээ. Мэдээж ахмад настнуудыг ажилд авч болохгүй гэсэн хуулийн заалт байхгүй. Ахмадуудад зориулсан ажлын байр бий болгосон ажил олгогчдод татварын болон бусад хөнгөлөлтийн хөшүүрэг бий болгох хэрэгтэй.  Мөн тэтгэврийн зээл авдагтай нь холбогдуулаад тэтгэврийн зээлийн даатгал гэх мэтээр хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зүйлс харагдсан.

-Хуульд “Явуулын үйлчилгээ” гэсэн заалт бий. Энэ хэрэв хэрэгжвэл ахмадуудад маань бас их өгөөжтэй юм болов уу гэж бодогдсон.

-Ахмадын тухай хуулийн 7.1.3-д “Явуулын үйлчилгээ” гэж байдаг. Явуулын үйлчилгээ гэдэг нь ахмад настнуудыг өглөө гэрээс нь цэцэрлэгийн хүүхдүүд шиг автобусанд суулган авч яваад уулзаж ярилцах, насаараа хийсэн бүтээсэн, сурсан мэдсэнээ залуустаа заах орчин бүрдүүлэхийг хэлээд байгаа юм. Мэдээж орой нь гэрт нь эргэж хүргэж өгнө. Энэ сайхан зүйл хуулиндаа суусан боловч санхүүжилт нь хаанаас орж ирэх вэ гэдэг нь тодорхой тусгагдаагүйгээс хэрэгжилт байхгүй байна.

Энэ чиглэлд байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа нь Японы хөрөнгө оруулалттай төрийн бус байгууллага байна. Уг нь үүнийг иргэний оролцоотой, олон нийтийн байгууллага хийхэд тохиромжтой үйлчилгээ учраас ТББ-ууд маань энэ ажлыг авч хэрэгжүүлвэл их буянтай, зөв зүйтэй ажил болно гэж уриалмаар байна.

-Мөн эмэгтэйчүүдийн асуудлыг та бүхэн нэвтрүүлэгтээ хөндсөн. Хөдөө орон нутгаар хаагуур яаж ажилласан бэ? 

-Хөдөө орон нутгийн ажил эрхлэлт буюу эмэгтэйчүүдийн амьдралыг бид сурвалжилсан. Их сонирхолтой нэвтрүүлэг болсон. Монгол Улс хэтэрхий их уул уурхай, улс төрд суурилсан бодлого, үзэл баримтлалтай болсон мэт харагддаг. Үйлдвэрлэдэг, бүтээдэг зүйл алга. Үйлдвэрлэж байж Монголын эдийн засаг тогтвортой, өсөлттэй байна. Үйлдвэрлэгч болохын тулд эмэгтэйчүүд буюу Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарынхан өөр өөрсдийнхөө хэмжээнд хөгжих гэж хичээж байгааг удирдах дээд төвшнийхөн анхаарах ёстой. Тэр тусмаа Завхан аймагт хийсэн уулзалтаар маш бахархууштай олон Жижиг, дунд үйлдвэрийнхэнтэй танилцаж ярилцлаа. Эсгий, ноос, ноолуураар маш гоё бүтээгдэхүүн, хувцас хийж байна. Дээл хувцас, хүнсний бүтээгдэхүүн ч үйлдвэрлэж байна. Аливаа үйлдвэрлэлийн хамгийн том асуудал нь борлуулалт, зах зээл. Гэтэл эдгээр хүмүүс гайхамшигтай нь ямар ч борлуулалтын асуудалтай тулгарахгүй хэрэглэгч багатай байхын зовлон мэдэрдэггүйг хараад бахархсан. Орон нутгийн иргэд, нийслэл хот, гадны улс орнуудаас ч захиалга ирүүлдэг нь тухайн хүмүүсийн бүтээгдэхүүний чанарыг илтгэж байгаа юм. Хүмүүс яах гэж хот руу орж суурьшдаг юм бэ. Си энержи буюу хамтын хүчийг үүсгэн, илүү их зүйлийг бүтээж өөрсдийн амьдралд өөрчлөлт хийх гэж хот орж ирж компани хоршоо байгуулан ажилладаг. Гэтэл интернэт хөгжсөн энэ үед заавал хот руу орно гэхгүйгээр орон нутагтаа хамтын хүчээр үйлдвэрлэл явуулж, сайхан амьдарч болж байна. Интернэтээр захиалга, сургалтуудаа авч, сурталчилгаагаа хийчихэж байна. Интернэтээр олон ажлыг амжуулж болж байна. Олон сайхан бахархам зүйлсийг харлаа.

-Сайхан мэдээ байна шүү. Сайны хажуугаар саар гэгчээр гэр бүлийн хүчирхийлэл орон нутагт хэр байна вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэл, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн асуудал хүнд байна. Энэ асуудал дээр хамгийн сайн ажилласан нь Завхан аймаг гэж үзсэн. Завхан аймаг Нэг цэгийн үйлчилгээ буюу Хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг төв гэж байгуулсан байна. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд тэнд түр хугацаагаар байршдаг. Байгуулагдаад хоёр жил болж байгаа уг газарт анх хандах, хүрч ирэх хүн цөөхөн байсан бол жил ирэх тусам тоо нь нэмэгдэж байгаа гэсэн. Хүчирхийллийн эсрэг ажиллаад байхад тоо нь өсөөд байгаа нь сайн үзүүлэлт үү, муу үзүүлэлт үү гэтэл тухайн байгууллагын ач холбогдлыг ойлгож эхэлсэнтэй холбоотой асуудал болсон. Тэнд ирсэн хүүхэд, эмэгтэйчүүд сэтгэл заслын эмчилгээ хийлгэж цаашлаад бүр мэргэжлийн чиг баримжаатай ч болдог.

Жижиг, дунд үйлдвэрүүддээ хуваарилж, ажилтай, орлоготой болгоод, хүүхэд, багачуудыг нь цэцэрлэг, сургуульд хуваарилдаг юм байна. Завхан аймаг энэ чиглэлээр маш сайн ажиллаж байна. Бусад аймаг үлгэр дууриалал авч, Завханы хүчирхийллийн эсрэг төвийг орон нутагтаа нээвэл томоохон ажил болох болов уу. Энэ байгууллагад нэг хүндрэлтэй зүйл ажиглагдсан нь төсвийн асуудал. Орон нутгийн анхан шатны байгууллага төсвийг нь жилдээ нэг удаа хуралддаг хурлаараа шийдэх үүрэгтэй байдаг.

Энэ мэт гурван сэдвийн хүрээнд зургаан нэвтрүүлэг хийсэн. Айл гэдэг пейж хуудсан дээр маань иргэн бүр өөрсдийн үзэл бодол, сэтгэлээ уудалж, хандаад хувь нэмрээ оруулаарай. Төрийн удирдах төвшинд хүргүүлэх саналуудаа харамгүй бичээрэй, тэр болгоныг бид судалгааны төвшинд маш нямбай судалж, амьдрал дээр хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх болно.

-Нэвтрүүлгүүдийн хажуугаар иргэд, гэр бүлүүдэд урам хайрлах зорилгоор “Манайх гэдэг айл” нэртэй видео бичлэгийн уралдаан зарласан юм билээ?

-Тийм ээ, энэ нэвтрүүлгийн хажуугаар бид гэр бүлийн видео бичлэгийн уралдаан зарласан. Нэг талаасаа гэр бүлд үүсч байгаа асуудлыг олж илрүүлж, хуулийн төвшинд засч залруулах гэж байгаа боловч айлын эс ширхэг бүр ямар аз жаргалтай байна вэ гэдгийг сурталчилах зорилготой юм. Зохион байгуулсны дараа Монгол хүмүүс ийм гэгээлэг, сайхан хүмүүс шүү гэдгээ дахин баталсан гэж бодож байна. Сар гаруйн хугацаатай видео бичлэгийн уралдаан зарлахад 500 орчим бичлэг ирүүлсэн. Тэдгээрээс 350 орчим нь шалгуурт тэнцэж, зарим нь бичлэгийн чанар зэрэг бусад асуудлаас болж хасагдсан. Энэ 350 гаруй бичлэгийг 4 сая 800 хүн үзэж, хоорондоо лайк, шэйр хийсэн нь монголчуудын бие биедээ урам хайрласан, сайхан гэгээлэг хүмүүс болохыг харуулсан. 4 сая 800 гэдэг нь давтагдсан тоо шүү дээ, би гэхэд л зарим бичлэгийг хэд дахин давтан үзэж урам, хайр мэдэрч байсан. Хайр түгээсэн уралдаан боллоо гэж бид урамшиж байна.

Цаашид ч гэсэн энэ төслийг үргэлжлүүлээч ээ гэвэл төслийн багийнхан хамтарч ажиллахад нээлттэй байна. Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан бид өчигдөр сонгон шалгаруулалтаа хийж түрүүлсэн бичлэгүүдийг урамшуулан, олон нийтэд зарласан.

Нэгдүгээр байрт Б.Батболдын гэр бүл, хоёрдугаар байрт С.Эрдэнэсэнгийн гэр бүлийн видео бичлэг, харин гуравдугаар байрт залуу гэр бүл Э.Данзандаржаагийг гэр бүлийн хамтын бүтээлүүд тус тус шалгарч, түрүүлсэн гэр бүл нь Хайнаньд амрах эрхийн бичгээр шагнагдсан. Өчигдөр /2019.05.16/ түрүүлсэн хүмүүстээ шагналыг нь өглөө. Сэтгэл догдлуулсан сайхан өдрийг өнгөрөөлөө. Шагналын талаар бид нэлээд ярилцсан. Гар утас, мөнгөн шагнал гээд л янз бүрээр санал дэвшүүлж ярилцсан. Эцэст нь гэр бүлд дурсамж шиг сайхан зүйл үгүй, тиймээс гэр бүлээр нь хаа нэг тийшээ явуулж амруулбал түүн шиг сайхан дурсамж, түүх гэж байхгүй хэмээн ярилцаад Хайнань явуулах шийдвэр гаргасан.

-Танай нэвтрүүлэг гарц гаргалгаа хайдаг, ямар шийдвэр байж болох тухай ярьдаг. “Айл” төслийн үр дүн хэр харагдаж байна вэ?

-Монгол Улсад хангалттай олон хууль байна. Гэвч лоозонгийн чанартай, маш гоё үг, өгүүлбэрээр бичсэн хууль их байна. Харамсалтай нь хууль хэрэгжихгүй байна, хуулийг бүх шатандаа хэрэгжүүлэх ажил дутагдаж байна. Манай төсөл бүх түвшний байгууллага иргэдийн гүүр болж ажиллана гэж харж байгаа. Бид иргэдтэйгээ уулзаж байна, төслийн санаачлагчид маань хууль тогтоох хэрэгжүүлэх дээд байгууллагад ажиллаж байна, асуудлын голыг нь олоод шийдлийн гарцыг хайхад хамгийн дөхөмтэй төсөл гэж харж байгаа. Мөн манай Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны зүгээс Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг орон даяар хэлэлцэж иргэдээс саналыг нь цуглуулж шийдвэр гаргах түвшинд уламжилж улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулж өгөхөөр зэхэж байна. Гэр бүлийн тухай хууль нь 1999 онд батлагдаж гарснаас хойш өнөөгийн орчин үеийн гэр бүлийн харилцаанд үүсдэг олон асуудлыг шийдэх зохицуулалтууд нь сул байна гэж үзсэн.

-Ярилцсанд баярлалаа.

А.ТУЛГА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж