Ирэх даваа гаригаас эхлэн Улаанбаатар хотын төв зам дагуу нэмэлтээр автобус үйлчилгээнд гаргах болсон Нийтийн тээврийн газраас өнөөдөр /2019.05.17/ мэдээлэв. Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээг иргэдэд хурдан шуурхай хүргэх зорилгоор экспресс чиглэлийг нэвтрүүлжээ. Энэ нь иргэд Таван шараас Зүүн дөрвөн зам хүртэл ердөө 10-15 минут зарцуулах боломж бүрджээ. Тодруулбал, шинээр гурван экспресс чиглэлийг нээсэн нь зөвхөн тогтоосон тодорхой зогсоолуудад л зогсож үйлчлэх юм. Тухайлбал, иргэдийн хамгийн их дамжин суудаг Таван шар, Саппоро, 10 дугаар хороолол, Ард кино театр зэрэг зогсоолоос иргэд уг экспресс автобусанд суун зорчих боломжтой ба бүх автобусны буудал бүрт зогсохгүй юм байна. Экспресс чиглэл нь дараах чиглэлүүдэд үйлчилнэ.
ЭКСПРЕСС ЧИГЛЭЛҮҮД НЬ 10-15 МИНУТЫГ Л ЗАРЦУУЛНА
Экспресс 1 чиглэл: “ТАВАН ШАР-ЗҮҮН ДӨРВӨН ЗАМ”:
-Энэ чиглэл нь Энхтайваны өргөн чөлөөгөөр Таван шараас Зүүн дөрвөн зам хүртэл үйлчлэх бөгөөд Таван шар, Хар хорин, Саппоро, 10 дугаар хороолол, 25 дугаар эмийн сан, Баруун дөрвөн зам, УИД, Сүхбаатарын талбай, Өргөө амаржих газар, Зүүн дөрвөн зам гэсэн 10 зогсоолд зогсоно. Ингэснээр автобусны зогсоолуудын ачааллыг 20 орчим хувиар бууруулах боломжтой.
Экспресс 2 чиглэл: “ТАВАН ШАР-БӨМБӨГӨР-ХӨГЖИМ БҮЖИГ”:
–Энэ чиглэл нь Таван шараас хойгуураа буюу Самбуугийн гудамжаар шуурхай үйлчлэх чиглэл бөгөөд Таван шар, 32 дугаар байр, Саппоро, 10 дугаар хороолол, 25 дугаар эмийн сан, Элба дэлгүүр, Бөмбөгөр худалдааны төв, Чингэлтэй дүүрэг, МУИС, Хөгжим бүжгийн коллеж гэсэн 10 зогсоолд үйлчилнэ. Ингэснээр автобусны зогсоолуудын ачааллыг 25 орчим хувиар бууруулах юм байна.
Экспресс 3 чиглэл: “ЗУНЖИН-7 БУУДАЛ-АРД КИНОТЕАТР-ТЭЦ3”
-Энэ нь босоо чиглэлд буюу Зунжин худалдааны төвөөс ТЭЦ-3 хүртэл шуурхай үйлчлэх боломжийг бүрдүүлжээ. Долоон буудал, 17 дугаар сургууль, 32-ын тойрог, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр, Ард кино театр, Баянгол зочид буудал, 120 мянгат, Ажилчдын соёлын ордон, Таван богд компани, ТЭЦ-3 гэсэн 12 зогсоолоос иргэд зорчих юм. Ингэснээр Чингисийн өргөн чөлөөний цэгүүдийн ачаалал 20 орчим хувиар буурна. Нийт 10 минут орчим хугацааг зарцуулна.
Ч:30А, Ч30Б ЧИГЛЭЛҮҮДИЙГ НЭГТГЭЖ, Ч:30 ШИНЭ ЧИГЛЭЛИЙГ НЭВТРҮҮЛЛЭЭ
Үүнээс гадна нийтийн тээврийн үйлчилгээнд Ч:30 гэсэн шинэ чиглэлийг нэвтрүүлжээ. Ингэснээр Дамдинсүрэнгийн гудамж орчимд нийтийн тээврээр үйлчлүүлэх боломжгүй хүмүүст эл үйлчилгээ хүрч байгаа юм байна. Энэ чиглэл нь хотын бүх чиглэлд зорчих боломжтой гэдгээрээ онцлог аж. Тодруулбал, "Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр" чиглэлд өөрчлөлт орж БЗД-ийн 6, 12, 13, 14, 18 дугаар хорооны иргэдийн санал хүсэлт зорчих эрэлтэд нийцүүлж одоогийн Ч:30а "Жанжин клуб-Зүүн дөрвөн зам-МУБИС-Ард кино театр", "Ч:30б Жанжин клуб-Дамдинсүрэнгийн гудамж-МУБИС-Ард кино театр" чиглэлүүдийг нэгтгэн нэг чиглэл болгожээ.
Мөн богино эргэлийн Ч:71 “Дүнжингарав-Баянмонгол хороолол-Хүннүш 2222-Төв цэнгэлдэх хүрээлэн” гэсэн шинэ чиглэлийг нэвтрүүлжээ. Нийтийн тээврийн үйлчилгээ хүрээгүй суурьшлын цэг болох Энканто хотхон, Хүннү 2222, Академи хотхоны иргэд энэ чиглэлээр үйлчлүүлэх боломжтой. Тус чиглэл нь Энхтайваны өргөн чөлөөний ачааллыг нэмэгдүүлэхгүй ба 120 мянгат хүргэснээр хотын аль ч цэгт хүрэх боломж бүрдэж байгаа юм.
АВТОМАШИНГҮЙ ӨДРӨӨР ТРОЛЛЕЙБУС ҮЙЛЧЛЭХГҮЙ
Дээрх шинэ үйлчилгээнээс гадна маргааш буюу энэ бямба гаригт автомашингүй өдөр тохиож байна. Тиймээс хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замуудыг өглөө 07.00-170.00 цаг хүртэл хаана. Энэ өдөр троллейбус үйлчлэхгүй /Т:2-Таван шар-Ботаник, Т:4 Ботаник Вокзал, Т:5 3,4 хороолол-Офицеруудын ордон /ба зам хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам,Намъяанжугийн гудамжаар явах юм. Хойноос болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун дөрвөн зам Нарны гүүр, Зүүн дөрвөн замаар үйлчлэхээр болжээ.
Холбоотой мэдээ