Нийслэлийн 15 дугаар сургуульд сурч байсан сурагч сүрьеэгээр өвчилж, улмаар ХӨСҮТ-д эмчлүүлж байгаад нас барсан гэх мэдээллийг ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалтын албаны халдвар судлаач эмч Л.Чинзоригоос тодрууллаа. “Тухайн сурагч манайд хоёр сар эмчлүүлээд биеийн байдал нь сайжирсан тул 2016 оны хоёрдугаар сард эмнэлгээс гарсан юм. Манайд эмчлүүлж байх үедээ долоон настай байсан. Ямар сургуульд сурч байсныг нь хэлэх боломжгүй байна. Сүрьеэгийн эмчилгээг зургаан сар хийх ёстой. Тиймээс хэдийгээр хүүгийн биеийн байдал сайжирсан ч диспансерын хяналтад шилжсэн юм. Бидэнд байгаа мэдээллээр тухайн сурагч Өвөрхангай аймгийн Богд сум руу шилжсэн юм байна. Тэнд очоод эмчилгээгээ хэрхэн хийлгэснийг мэдэхгүй. Ингээд тухайн сурагч Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд дөрөвдүгээр сарын 12-нд нас барсан юм байна. Бид Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвтэй холбогдож, нэмэлт мэдээлэл авахаар ажиллаж байна. Энэ он гарсаар сүрьеэгээр өвчилснөөс үүдэн нас барсан тохиолдол гараагүй. Бүгд эмчилгээгээ хийлгээд явж байгаа.” гэсэн тайлбарыг өглөө.
М.ДӨЛГӨӨН
Холбоотой мэдээ