Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тайланд дурдсанаар жил бүр 10.4 сая хүн сүрьеэгээр өвчилж, 1.8 сая хүн нас барж байна. Нас баралтын 95 хувь нь бага болон дунд орлоготой улс орнуудад тохиолдож байна. Дэлхийн хүн амын гуравны нэг нь буюу 2.3 тэрбум хүн сүрьеэгийн нянгаар халдварлагдсан байдаг аж. Мөн дэлхийн хүн амын нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг нь сүрьеэ өвчин хэвээр байна.
Түүнчлэн 2017 оны тайлангаар дэлхий дахинд 7.5 сая хүүхэд шинээр сүрьеэгийн халдвар авч, нэг сая хүүхэд сүрьеэгээр өвчилж, 233 мянган хүүхэд сүрьеэгийн улмаас нас баржээ. Үүний 96 хувь нь сүрьеэгийн эмчилгээнд хамрагдаагүй байна. Эцэг эх нь сүрьеэгээр нас барсны улмаас жил бүр ойролцоогоор 10 сая орчим хүүхэд өнчирч үлдэж байгаа ажээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн тандалт, судалгааны албанаас гаргасан мэдээллээр Монгол Улс нь сүрьеэгийн тархалт өндөртэй орны нэг бөгөөд жилд шинээр 4000 орчим хүн сүрьеэгээр өвчилдөг байна. Үүний 10 хувийг хүүхэд эзэлдэг ажээ. Хүүхэд залуучуудын дунд сүрьеэгийн өвчлөл өндөр байгаа нь нийгэмд сүрьеэгийн халдвар идэвхтэй байгааг харуулж байна. Монголд жил бүр бүртгэгдэж буй сүрьеэгийн өвчлөлийн 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод гарч, өвчлөлийн 70 орчим хувь 15-44 насны өсвөр үеийн болон ид ажил хөдөлмөрийн насны залуучууд эзэлж байна. Мөн Монголд жил бүр 200 гаруй хүн сүрьеэ өвчний улмаас амь насаа алдаж байгаа хэдий ч сүрьеэгээс улбаалсан хүүхдийн нас баралт маш бага байдаг ажээ.
Сүрьеэгийн халдвар нь нэг хүнээс нөгөө хүнд агаараар дамжин тархдаг. Уушги болон төвөнхийн сүрьеэтэй хүн ханиалгах, найтаах, ярих, дуулах үед нян агаарт цацагдана. Ойролцоо байгаа хүмүүс эдгээр нянгуудыг амьсгалж, халдвар авдаг. Сүрьеэгийн нянгаар амьсгалсан хүний уушгинд нян суурьшиж, үржиж эхэлдэг. Тэндээс цусаар дамжин бөөр, нуруу, тархи гэх мэт биеийн бусад хэсгүүд рүү шилжиж болно. Уушги эсвэл төвөнхийн сүрьеэ өвчний үед хамгийн их халдвартай байдаг. Энэ нь нянгууд бусад хүмүүст дамжин тархаж болно гэсэн үг юм. Бөөр, эсвэл нуруу гэх мэт биеийн бусад хэсгийн сүрьеэ нь халдваргүй байдаг. Сүрьеэ өвчтэй хүмүүс ихэвчлэн өдөр бүр цагийг хамт өнгөрүүлдэг хүмүүст халдвар тараадаг. Үүнд гэр бүлийн гишүүд, найз нөхөд, хамтран ажиллагсад, сургуулийн хүүхдүүд багтдаг.
Түүнчлэн сүрьеэ нь зарим орчин жишээлбэл, эрүүл мэндийн байгууллага, хорих газар, асрамжийн газар, сургуулийн орчин зэрэг хүн ам олноор төвлөрсөн газруудад сүрьеэгийн халдвар тархах эрсдэл өндөр байдаг байна.
Олон улсад хийгдсэн судалгаагаар өсвөр насны хүүхэд, залуучууд сүрьеэгийн халдвар авах, өвчилсөн тохиолдолд бусдадаа халдвар тараах эрсдэл ихтэй байдаг байна. Хүүхэдтэй холбоотой гарсан дэгдэлтийн тойм судалгааны дүнгээс харахад нийт дэгдэлтийн 89.1 хувь сургуулийн орчинд, 5.5 хувь сургуулийн автобусанд, 3.4 хувь нь өдөр өнжүүлэх төвд, асрамжийн төв, хүүхэд асрах газруудад хамгийн бага буюу 3.1 хувь нь бүртгэгдсэн байна.
Холбоотой мэдээ