Ж.Бямбадорж: Бид ниргэсэн хойно нь хашгирах биш урьдчилан сэргийлэх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2019.05.17-нд нийтлэгдсэн

LiveЖ.Бямбадорж: Бид ниргэсэн хойно нь хашгирах биш урьдчилан сэргийлэх хэрэгтэй

Ж.Бямбадорж: Бид ниргэсэн хойно нь хашгирах биш урьдчилан сэргийлэх хэрэгтэй
16 : 11
2019-5-17

Ж.Бямбадорж: Бид ниргэсэн хойно нь хашгирах биш урьдчилан сэргийлэх хэрэгтэй

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хүний эрхийн үндэсний комиссын 18 дахь илтгэлийг сонслоо. Өмнө нь энэхүү илтгэлийг байнгын хороо сонсдог байсан бол энэ удаад УИХ-ын чуулганаар хэлэлцэж байгаагаараа онцлог юм. Хүний эрхийн комиссын илтгэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт тодруулга авч, үг хэллээ. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Сүүлийн үед хэлэлцүүлэг хийж, нээлттэй сонсгол хийхээс илүү урьдчилан сэргийлэх ажил хийгдэхгүй байна. Сүүлийн гурван жил 5000 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон байна. Цагдаагийн байгууллага дээр хүүхдийн байцаагч 15 л байна. Гэтэл хоёр сая хүнд үйлчилнэ гэж тооцвол энэ бол маш бага тоо. Хүний эрхийн асуудал ялангуяа бид хүүхдийн асуудал дээр төсөв мөнгийг нь тавьж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломжийг нь бий болгох хэрэгтэй байна. Эхлээд бид төсөв, урьдчилан сэргийлэх зардал, хүүхдийн хүмүүжлийг хамгаалах чиглэлийн хуулийг даруй гаргах шаардлагатай байна. Монгол улс хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажилруу нэн даруй орох ёстой. Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа сэтгэл сэрдхийлгэм хэрэг гарсны дараа 1000 хашхираад нээлттэй сонсгол өрнүүлж хүчирхийлэл их байна гэж ярьсаар сүүлдээ бууруулах биш сурталчлаад байгаа мэт болсон. Ялангуяа мэдээлэлд анализ хийж хүлээн авах боломжгүй хүүхдүүдэд эмх замбараагүй мэдээлэл аюултай. Сүүлийн гурван жилд 5000 хүүхэд гэмт хэргийн золиос болсны 87 хувийг насанд хүрсэн хүмүүс үйлдсэн байна. Хүүхдийн эрхийг хамгаалах цагдаагийн алба хаагч 15 байна. Гэтэл судалгаагаар 248 алба хаагч байх шаардлагатай. Жил бүр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагад 90 сая төгрөг төсөвлөдөг. Үүнээс ердөө гурван сая төгрөгийн хүүхэд хамгаалалд зарцуулж байгаа юм. Тиймээс цагдаагийн байгууллагын орон тоо, төсвийг нэмэх хэрэгтэй

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

-Би прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүний хувьд асууж байна, энэ Т.Чимгээ, Д.Содномдаржаа нарыг цагаатгах асуудлыг яаж шүүхээр шийдэх гэж байна вэ. Эрүүдэн шүүсэнтэйгээ хамт цагаатгах асуудлыг тавих уу. Яагаад энэ зүйлийг асууж байна гэхээр хуулиараа өмнө нь энэ хэрэгт оролцож байсан шүүгч нарыг дахин оролцуулах боломжгүй. Улсын дээд шүүхийн зургаан шүүгч өмнө нь энэ хэрэгт оролцож байсан.

Улсын ерөнхий прокурорын орлогч М.Чинбат:

-Энэ хэрэг дээр Улсын дээд шүүх хяналтын журмаар хуралдаж шийдвэр гаргасан нь мөрдөгдөж байгаа. Шинээр илэрсэн нөхцөл байдал тогтоогдлоо гэхэд прокурорын байгууллага Улсын дээд шүүхийн хяналтын шүүхэд гомдлоо гаргана. Мөрдөх байгууллагаас шинээр илэрсэн нөхцөл байдал гэсэн мэдээлэл бидэнд илрээгүй байгаа учраас хэргээ эцэслэн нягталж байж энэ асуудлаар тодорхой байр суурь илэрхийлнэ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

-Хүний эрхийг хангах чиглэлээр төрөөс арга хэмжээ авч ирсэн. Бүх эрх чөлөөний суурь эрх чөлөө нь эдийн засгийн эрх чөлөө. Эдийн засгийн эрх чөлөөгүй бол өөр ямар ч эрх чөлөөг яриад утгагүй гэж үг байдаг. НҮБ-аас гаргасан судалгаагаар ДНБ 1 хүнд 10 ам.доллараас бол шаардлага хангахгүй гэж үздэг. Манайд 2031 оны үед ийм эрх чөлөөтэй болно гэдэг.  Бид энэ хүртэл юу хийж болох вэ. Хүний эрх чөлөө ярихдаа үүргийг нь хуульчилдаг. Хүний эрх, үүргийн холбоосыг

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Хүний эрх эрх чөлөөний илтгэлийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэдэг саналыг би гаргаж байсан. Хүрээний булайг яривал далай гэдэг шиг хүний эрх зөрчигдөж байгаа асуудлыг ярихгүй. Хүний эрх, иргэний боловсролын байнгын хороо байгуулна. Мөн иргэний боловсрол, сонгогчдын улс төрийн боловсролыг дээшлүүлэх, экологийн боловсрол, ёс суртахуун, зан заншлыг мэддэг байх шаардлагатай байна. Эх оронч үзэл гэх мэт иргэний боловсрол, боловсролын тогтолцоо зэрэг онгорхой зайг авч үзэж байж, амгалан тайван, хүний эрхийг хангах шаардлагатай гэж бодож.  Гишүүд ч гэсэн дэмжээрэй гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва:

-Хүний эрх юунаас эхлэлтэй вэ гэдгийг нэг бодох цаг болсон. Эрх чөлөө, хүний эрхийн асуудал ажилгүйдэл, архидалт, ядуурал, түүнийх нь суурь  төрийн бодлого дутагдсаных. Түүнээс гадна ёс суртахууны хүмүүжил гэдэг зүйл огт алга байна. Сүүлийн үед гарч байгаа үйлдлүүд гэр бүлд гарч байна. Бусад улс орон шашны ёс суртахуун, гэр бүлийн ёс суртахууны хууль дүрэмтэй болох шаардлагатай байгаа. Тиймээс  “Хүмүүнлэг чанар, сэтгэлийн боловсрол” гэх хуулийг гишүүд санаачлаад байгаа. Хүний эрх ярихдаа цөөн хэдэн хүний асуудал ярихаас илүү сууриар нь шинэчилж, өөрчлөх, зохицуулах шаардлага тулгарч байгаа юм.Сүүлийн үед аав, ээжийнхээ тэтгэврийн мөнгийг нь аваад зодох, дарамтлах үйлдэл их гарч байна гэлээ. Энэ талаар гомдол хэр зэрэг ирдэг вэ.

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж:

-Сүүлийн үед аав, ээжийгээ, настай хүмүүсийг гэр орноос нь хөөж, тэтгэврийн мөнгийг нь зодож авах тохиолдолд их гарах болсон.  Сүүлийн үед бид ямар ч асуудлыг хүндэрсэн хойно нь л ярьдаг болсон. Гэхдээ хүндэрсэн хойно нь ч гэсэн ярьж байна гэдэг нь өөрөө зөв юм. Бид нигэсэн хойно нь хашгирах биш урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна. 

Ийнхүү гишүүд үг хэлж, саналаа илэрхийлсний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар хүний эрхийн комиссоос ирүүлсэн дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын тогтоол гаргахыг Хууль зүйн байнгын хороонд чиглэл өглөө.  Мөн Хүний эрхийн дэд хороо нээлттэй сонсголд бэлтгэх шаардлагатай гэдгийг хэллээ.

Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө. Харин одоо УИХ дахь МАН-ын бүлэг хуралдах юм байна.

12 : 08
2019-5-17

О.Батнасан: Хуулиас давсан журмаар иргэн, ААН-ийг далайлгадаг

Чуулганы хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Монгол Улсын хэмжээнд 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгож байгаа. Үүнээс гадна Засаг дарга, ИТХ-ын дарга гэх мэт албан тушаалтны гаргасан гэх 400 гаруй зөвшөөрөл буй аж. Ийнхүү дур мэдэн зөвшөөрөл бий болгож, олгох болон хугацааг сунгахдаа нарийн тодорхой зохицуулалтгүйгээс “хав дардаг” хүнд суртал, авлига шан харамж авах үндэс суурийг бүрдүүлж байгаа гэдэг. Энэхүү хууль батлагдсанаар өнөөдөр олгогдож буй 1300 гаруй тусгай зөвшөөрөл 400 болж гурав дахин цөөрнө, хугацааны тухайд 3-5 жил болж, хугацаанд ямар нэг зөрчил гаргаагүй бол мөн хугацаагаар дахин сунгагддаг. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа. Тухайлбал,

УИХ-ын гишүүн О.Батнасан:

-Хуулиар хориглоогүй бүхнийг зөвшөөрнө. Хэт их зүйлийг хуульчлахаар амьдрал дээр зохицдоггүй. Мөн хууль давсан журам гаргах тохиолдлууд маш их байдаг. Зөвшөөрөл гэхээс илүү журмаар иргэн, хуулийн этгээдийг дарамталдаг. Олон улсын практикуудыг хэр зэрэг судалсан бэ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газар гэхэд маш олон журмаар далайлгадаг. Мөн төр тусгай зөвшөөрлийг өөрөө олгодог байх ёстой. Төрийн бус байгууллага төрийн өгдөг зөвшөөрлийг олгодог зүйл бас байна. Төрийн бус байгууллага төрийн зөвшөөрөл олгоод байвал төр байх шаардлага байхгүй шүү дээ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Зөвшөөрлийн хуульд олон удаа өөрчилж, яаж багасгах вэ гэдгийг өнгөрсөн хугацаанд их ярьсан. Дэлхийн улс орнууд 3-4 жилийн хугацаанд хүнд суртлыг бууруулдаг жишиг байдаг. Энэ удаагийн шинэчилсэн найруулгад ямар тусгагдсан уу. Гүрж улсын туршлага манай хөрсөнд таарах уу, нарийн судалж үзэв үү.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Энгийн зөвшөөрлийг өргөдөл авснаас хойш 5 хоногт, тусгай зөвшөөрлийг 10 хоногт багтаан шийдвэрлэнэ, бүрдүүлэх бичиг баримтыг нарийн зааж өгсөн байгаа. Зөвшөөрөл олгохоос татгалзсан бол ямар шалтгаанаар гэдгээ тухайн албан хаагч хууль зүйн үндэслэлтэй эсэхийг олонд нээлттэй мэдээлэх ёстой. Хэрэв үндэслэл тодорхойгүй бол тухайн албан тушаалтан хариуцлага хүлээнэ. 

УИХ-ын гишүүн Я.Содбаатар:

-Монгол Улсын хэмжээнд 2016 оны байдлаар 54 байгууллага 914 төрлийн зөвшөөрөл олгож байна гэсэн судалгаа хийгдсэн байна. Үүнээс гадна ИТХ, Засаг дарга нарын гаргасан гэх 400 гаруй зөвшөөрөл байна. Албан тушаалтнууд өөрсдөө зөвшөөрөл бий болгодог, зөвшөөрлийг олгох, сунгах өргөдлийг шийдэхгүйгээр маш их хугацаа алддаг. Хууль батлагдсанаар тухайн зөвшөөрлийг 5-10 хоногт заавал шийдвэрлэх ёстой.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

-Зөвшөөрлийн хуулийг дэмжиж байна. 100 гаруй хуулиар зохицуулж байсан асуудлыг цэгцэлж нэг хуулиар зохицуулах гэж байгаа нь зөв юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Энгийн зөвшөөрлийг 3-5 жил, тусгай зөвшөөрлийг багадаа таван жилийн хугацаатайгаар олгоно. Өнөөдөр зөвшөөрлийг 6 сар, нэг жилийн хугацаатай олгож зөвшөөрөл хүсэгчид хүндрэл учруулдаг, үүнийг дагасан хүнд суртал авлига хээл хахуулийн нөхцөл суурь бүрдэж байгаа юм. Үүнийг таслан зогсооно.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

-Аймаг, сум, дүүргийн Засаг, ИТХ дарга дур мэдэн зөвшөөрөл олгосоор 100 гаруй зөвшөөрлийг 1300-д хүргэсэн. Аж ахуй нэгжийг төрөөс дэмжинэ гэж байгаа ч зөвшөөрөл нэрийдлээр чөдөр тушаа болдог байсан. Энэ хууль батлагдсанаар зөвшөөрөлтэй холбоотой аж ахуй нэгжид учирч буй хүндрэл бэрхшээл үгүй болно гэж найдаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-Нэг талд төр, нөгөө талд нь бизнес байдаг юм шиг хандлага гаргадаг төрийн албан хаагчид олон байдаг. Аж ахуй нэгж энэ улс орны эдийн засгийг авч яваа . Төрийн хүнд суртлын араас хөөцөлдсөөр бизнесийнхэн маш их цаг хугацаа алддаг. Хуулийг биелүүлэхгүй бол хариуцлага тооцно гэж байгаа. Эцсийн дүндээ нэг хүн ажлаасаа халагдаж, бизнесменүүд хохироод үлддэг. Тиймээс хууль зөрчихгүй байх, хариуцлагыг нь илүү тодорхой болгох ёстой. Мөн зөвшөөрлөө төр олгосон бол араас нь хяналтаа сайн тавих хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

-Өмнө нь баталсан хуульд тусгаагүй зарим заалтыг оруулж ирсэн. Тусгай зөвшөөрлийг 10 хоногт, энгийн зөвшөөрлийг 5 хоногт олгох ёстой. Ингэхдээ бүрдүүлэх ёстой материалуудын зөрчилгүй бол энэ хугацаанд л зөвшөөрөл олгоно. Үндэслэлгүйгээр зөвшөөрөл олгохгүй бол хариуцлага тооцно. Хуульд тусгаснаар ямар тохиолдолд хариуцлага хүлээлгэх асуудлаар заалтууд тусгагдсан байгаа.  Зөвшөөрөл авч байгаа этгээд хууль бусаар авсан, зориулалтын бусаар ашигласан бол мөн хариуцлага хүлээх ёстой гэдгийг тодорхой зааж өгсөн байгаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Бизнесийн салбарын төрийн оролцоог багасгах, хүнд суртал, авлигыг арилгахад хуулийн төсөл чухал үүрэгтэй. Парламентын засаглалтай орны хувьд зарчимтай байх ёстой шүү гэдгийг онцгойлон хэлж байна. Сүүлийн 10 гаруй жил энэ зарчим алдагдаж, ёс зүйгүйгээс болж иргэд төрд итгэхгүй болоод байна. Бизнес хийдэг хүмүүс нь бизнесээ хамгаалах, өргөжүүлэхийн төлөө зүтгэж байгаа нь бодит үнэн.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Төрийн эрх мэдлээр үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөх, тусгай чиг үүрэг хэрэгжүүлэх эрх олгох зайлшгүй шаардлагатай гэсэн хоёр ялгаатай зүйл. Гэтэл хянах субъект нь энэ хоёр өөр чиг үүргийг нэг л хүн байдаг. Манайд найман нэр, архины зөвшөөрөл олгосоор баяжсан хүн байгаа.

Ийнхүү гишүүд саналаа хэлсний дараа Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжиж, холбогдох байнгын хороодод шилжүүллээ. 

Чуулганы хуралдаанаар Зөвшөөрлийн тухай, зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Монгол Улсад 54 байгууллага нийтдээ 900 гаруй зөвшөөрөл өгдөг юм байна.

Хуулийн төслийг үдээс хойш үргэлжлүүлэн хэлэлцэхээр болж, үдээс өмнөх чуулганыг завсарлууллаа. Чуулганы хуралдаан үдээс хойш 15.00 цагт хуралдана.

 

10 : 38
2019-5-17

Чуулган: Зөвшөөрлийн тухай хуулийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы өнөөдөр /2019.05.17/-ийн хуралдаан 57.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Зөвшөөрлийн тухай, зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд, Автотээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 18 дахь илтгэл, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү сүүлийн долоо хоног ажлын хэсэг, байнгын хороодын ирц бүрдэхгүй, ажилдаа ирэхгүйгээс болж хэлэлцэгдэх шаардлагатай асуудал хойшлогдоод байна. Тиймээс УИХ-ын гишүүд ирцээ бүрдүүлж, хэлэлцэх шаардлагатай асуудлаа хэлэлцмээр байна гэдгийг хэлсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Л.Болд “Хэлэлцэх асуудалд Хүний эрхийн 18 дахь илтгэлийг хэлэлцэх дарааллыг нь урагшлуулах, ирц сайтай дээрээ хуралдааны эхэнд ярих хэрэгтэй байна. Хоёр долоо хоногийн хугацаанд хэлэлцэгдэхээс хойшлуулаад байгаа учраас хуралдааны эхэнд хэлэлцэх горимын санал гаргасан ч Засгийн газар хуралдаж байгаа бусад холбогдох албаныхан цагтаа ирээгүй учраас саналаа татсан юм.

Мөн УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Хүний эрхийн үндэсний комиссын илтгэл хэлэлцэгдэхээр хүлээгдэж байгаа. Өмнө нь зөвхөн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцдэг байсан бол энэ удаад чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэх гэж байна. Цаг хугацааны өмнө, хойно гэдэг байхгүй учраас хэлэлцэх асуудлаа жагсаалтын дагуу хэлэлцээд явах нь зүйтэй юм” гэсэн саналаа илэрхийллээ. Түүнээс гадна

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:

-Байнгын хорооны дарга нарын чиг үүргийн дагуу ажлаа хийж байхад нам дээрээ татаж авчраад хариуцлага тооцдог болжээ. Энэ одоо коммунист нөхцөл рүү орж байгаа гэсэн үг үү. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарыг таван жилийн хугацаанд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн шийдвэр гаргасан байна. Оюутолгой компаниас хүсэлт ирүүлсний дагуу холбогдох материалыг бид хүргүүлсэн. Тэнд нууц зүйл байхгүй байгаа. Нэг мөсөн намаас нь гишүүнээс нь хөөчих хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Энэ нам одоо төрийн ажилд ордог, УИХ-ын гишүүн санал гаргасныхаа төлөө намын Хяналтын хорооноос хариуцлага хүлээж болдог юм уу. Тойрог булааж авах гэж байгаа бол авч болно. Ш.Раднаасэдээс Говь-Алтай аймгийн салгаж авах гэж байгаа бол авч болно. Гэхдээ ингэж байгууллага руу, институци рүү халдаж байгаа нь буруу.

Ийнхүү хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэлсэн учраас Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
6
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж