АИХ-ын танхимаас Сүхбаатарын талбайд…

Хуучирсан мэдээ: 2010.03.12-нд нийтлэгдсэн

АИХ-ын танхимаас Сүхбаатарын талбайд…

Төрийн ордон, Ардын их хурлын танхимд бүтэн өдөр хуралдсан Ардчилсан хүчний холбооны анхдугаар их хурлын үргэлжлэл болов уу гэхээр бас нэг үйл явдал өчигдөр Сүхбаатарын талбай дээр боллоо. Анхдугаар их хурлын индэр дээрээс салбар хуралдаан даргалж, төлөөлөгчөөр оролцсон Ж.Батзандан, О.Магнай нар маргааш нь хамтарсан Засгийн газраас хариуцлага нэхэх цуглааныг Сүхбаатарын талбайд зохион байгууллаа. Урд өдөр нь Монгол улсаа шинэчилье, ардчиллыг хурдасгая, Ардчилсан намын өөрчилье гэж байсан эрхмүүд маргааш нь хамтарсан Засгийн газраас хариуцлага нэхэж, гурван ч сайдыг нь огцруулахаар шаардах бичиг хүргүүллээ. Цагсаал, цуглааныг зохион байгуулагчид өглөө нь эрх баригчдыг шүүх Иргэний хөдөлгөөнүүдийг нэгдсэн хурал гээчийг зохион байгуулж, 1000 гаруй мандатыг тараасан хэдий ч Сүхбаатарын талбай дээр уг хөдөлгөөнийг дэмжиж ирсэн хүмүүсийн тоо 200 орчим байлаа. Хотын төв талбайд 30 мянган хүн нэг зэрэг цуглуулж байсан ерээд оны Ардчилсан холбооны жагсаал цуглаантай харьцуулах нь хаашаа юм. Гэхдээ л Ж.Батзандан, О.Магнай нарын 2-3 жилийн өмнө зохион байгуулж байсан жагсаал цуглаануудтай харьцуулахад сонирхогчид цөөрчээ. Энэ нь нэгт иргэдийн улс төрийн элдэв хөдөлгөөн, эсэргүүцлийн жагсаал цуглаанд хандах хандлага өөрчлөгдөж, хоёрт Иргэний хөдөлгөөний удирдагчид өнгөрсөн долдугаар сарын 1-ний үйл явдлын үймээний улмаас шоронд хоригдсон залуусыг тэр мөрт нь орхичихоод өөрсдөө улс төрийн хамгаалалт хайн Ардчилсан намд орсонтой холбоотой биз. Гэтэл нөгөө талаас өчигдрийн жагсаал цуглааныг зохион байгуулсан Ж.Батзандан, О.Магнай нарыг Ардчилсан намын батлах өвөртөлчихөөд иргэний хөдөлгөөний нэр барилаа, намынхаа батлахыг хураалгачихаад гараад ирээ гэх үгс ч цуглаанд оролцогсдын зүгээс сонсогдож байсан. Ардчилсан нам, Засгийн газар, Ардчилсан хүчний холбоо, Анхдугаар их хурал, Эрх баригчдыг шүүх иргэний хөдөлгөөний нэгдсэн хурал, тэгээд бас огцруулах шаардлага. Ямар ч учир утга, уялдаа холбоогүй мэт харагдах энэ үзэгдлүүд Монголын улс төрд “хаврын синдром” эхэлсний шинж тэмдэг. Хамтарсан гэдгээр халхавчлан хариуцлагаас холуур явж ирсэн Засгийн газрыг ядаж хэн нэг нь ташуурдах нь зүй ёсны хэрэг ч Монголоо шинэчилье, ардчиллыг хамгаалья, Ардчилсан намыг өөрчилье гэж  гарч ирсэн Ардчилсан хүчний холбоо ийм амархан багаа хуу татав уу, эсвэл Иргэний хөдөлгөөний удирдагчдын ээлжит “синдром” ийш нь хөтлөв үү гэдгийг харж л байя.

Б.ЗАЯА  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж