Хот буюу хотын статусын төөрөгдөл

Хуучирсан мэдээ: 2019.05.17-нд нийтлэгдсэн

Хот буюу хотын статусын төөрөгдөл

Хот буюу хотын статусын төөрөгдөл

Монгол Улс мал аж ахуйд суурилсан нүүдлийн соёл иргэншилтэй ч түүхийн сурвалжид Хархорин, Улиастай, Ховд, Вангийн хүрээ, Нийслэл хүрээ гэх мэт хотууд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Харин 1924 оны анхдугаар Үндсэн Хуулиар тухайн үеийн Нийслэл хүрээг Улаанбаатар хот хэмээн хуульчлан баталсан нь орчин цагийн “хот”-ын статусын эрхзүйн үндэс болсон. Манай улсад хотжилт нь харьцангуй хожуу эхэлсэн ч социализмын үед хотжилт идэвхтэй явагдаж энэ үеэс хүн ам суурин амьдралын хэлбэр рүү аажмаар шилжих болсон. Хуучин нийгмийн үед Улаанбаатар хот болон 18 аймгийн төвүүд, дээр нь Дархан, Зүүнхараа, Эрдэнэт, Тосонцэнгэл, Хатгал, Шарын гол хотууд байгуулагдаж байсан тухай эрхзүйн баримтууд өдгөө хадгалагдан үлджээ.

Хүн төрөлхтний суурин амьдралын хэв маяг бол хот юм. Гэтэл манай улсад 1992 оны Үндсэн хуулийн  57.1 болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 1.3.1 дэх заалтууд нь Улаанбаатар хотоос бусад хотуудыг байхгүй болгосон.

1992 оны шинэ Үндсэн хуулиас  хойш Монгол Улсад “хот” гэсэн статус нь зөвхөн Улаанбаатар хотод л хамааралтай болсон. Үндсэн хуулийн  4-р бүлгийн 57.1-д болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 1-р бүлгийн 1.3.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана” гэж заасан. Энэ заалтаас үзвэл Монгол Улсад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн 3 түвшний 2 төрлийн нэгжийн тогтолцоо мөрдөгдөж байна. Энэхүү хуулийн заалт нь хуучин хот байсан аймгийн төвүүд, бусад орон нутгийн хотуудыг орон нутгийн сумын статустай зэрэгцүүлсэн байгааг засаг захиргааны хуваарь нь багт хуваагдаж байгаагаас шууд харж болно. Хуучны хотуудыг сум болгосон нэг том жишээ бол УИХ-ын 32-р тогтоолоор Дархан, Эрдэнэт хотуудыг сум болгосон явдал юм.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд, ялангуяа хотын статусын парадокс үзэгдэл одоо үргэлжилсээр. Уг нь бид 1992 оны ҮХ болон 2006 онд батлагдсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиараа “хот”-ын статусыг үгүй хийж Улаанбаатар гэсэн ганцхан хоттой болсон. Гэвч 1993 оны Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хуулийн 1.3.1 дэх заалтад “хот нь 15000-аас доошгүй оршин суугчидтай, тэдгээрийн дийлэнх хувь нь голлон үйлдвэр, үйлчилгээний салбарт ажилладаг, хот бүрдүүлэгч дэд бүтэц хөгжсөн, өөрийн удирдлага бүхий төвлөрсөн суурин газар” гэж заасан байдаг. Монголчууд өнөөдрийг хүртэл “хот”-ын статусынхаа учрыг ойлгохгүй төөрөлдсөөр явна.

Хот гэхэд статусгүй, сум гэхэд газаргүй болсон аймгийн төвүүд. Хүн ам нь 300 өрх, 1000 ч хүрэхгүй эзэнгүй сумууд. Мөн аймгийн төвийн сумдын нэршил гээд олон үл ойлгогдох асуудал байна. Газар нутаг нь 100 км.кв ч хүрэхгүй Булган, Ховд, Баянхонгор, Баруун-Урт, Сүхбаатар, Улиастай, Зуунмод, Цэцэрлэг сумдын хүн ам нь 10000-аас дээш хүн амтай. Гэтэл эдгээр сумд нь хотын статусгүйн улмаас 28092.9 км.кв талбайтай Дорнод аймгийн Халхгол сум, хүн ам нь 1000 хүрэхгүй Завхан аймгийн Асгат сумтай ижилсэн байна. Үүнээс гадна бас нэг жигтэй үзэгдэл бол толгой эргэм нэртэй аймгийн төвийн сумдууд, тэдгээрийн захирагч нарын статус. Тухайлбал, Архангай аймгийн төв Эрдэнэбулган сум, Цэцэрлэг хот, Говь-Алтай аймгийн төв Есөнбулаг сум, Алтай хот, Дундговь аймгийн төв Сайнцагаан сум, Мандалговь хот, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Эрдэнэт хот, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Чойр хот, Дорнод аймгийн Хэрлэн сум, Чойбалсан хот, Ховд аймгийн Жаргалант сум, Ховд хот, Хэнтий аймгийн Хэрлэн сум, Өндөрхаан (бас Чингис хот) хотын захирагч гэсэн хоёр статус амь бөхтэй оршиж байна.

Дэлхийн улс орнуудад нийслэл хотоосоо гадна эдийн засаг, боловсрол, соёл, шинжлэх ухаан, техникийн төвлөрсөн том хотуудтай байдаг. Орос улсад Санкт-Петербург, Хятад улсад Шанхай, Тьянжин, Японд Осака, БНСУ-д Бусан, АНУ-д Лос-Анжелес, Нью-Йорк гэх мэт олон жишээг дурьдаж болно. Мэдээж тухайн улс орны амин чухал салбар, нөөцүүдээ зөвхөн нэг хотдоо, нийслэлдээ төвлөрүүлнэ гэдэг олон талын сөрөг үр дагавартай. Аливаа байгалийн гамшиг, аюул осол зэрэг асуудлын өмнө маш эмзэг байх нь ойлгомжтой. Үүнийг ойлгох гэвэл “өндөгнүүдээ нэг сагсанд хийдэггүй” гэсэн үгийг бодоод үзэх хэрэгтэй. Энэ бол аюулгүй байдал талаас маш оновчтой, зөв тодорхойлолт мэт санагдаж байна. Тэртээ 1961 онд Улаанбаатар хотод ямар их үер буун дөнгөж суурин амьдралд шилжин хотжиж буй манай улсын хувьд маш том сорилт болж байсныг мартаж болохгүй.

Хөрс, агаар, ус, шуугианы бохирдол, замын түгжрэл, механик шилжилт хөдөлгөөнөөс үүссэн хүн амын хэт төвлөрөл, үүнээс улбаалан бий болоод буй хүртээмжгүй боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ. Энэ бүгд 1.5 сая хавтгай дөрвөлжин газар нутагтай ч 3 сая хүний тал хувь нь Монгол улсын нийт газар нутгийн ердөө 0.3%-д нь чихцэлдэн, багтарч суугаа захын хорооллын Доржоос эхлээд Зайсангийн аман дахь хаусанд амьдарч буй эрх мэдэлтнүүд бид бүгдийн амьдарч буй Улаанбаатар хотын жинхэнэ дүр төрх юм. Өдрөөс өдөрт бидний амьдарч буй цор ганц “хот” Улаанбаатар маань хүн амьдрахад аюултай болж байна.

Сонгуулиас сонгуулийн хооронд амьдарч буй бид хэдий болтол энэ байдлыг харсаар хараагүй юм шиг, мэдэрсээр байвч мэдрээгүй юм шиг амьдрах вэ? Дахиад хэлэхэд хот гэхэд статусгүй, сум гэхэд газаргүй болсон хотуудаа эргээд “хот” болгох талаар анхаарах цаг нь болсон биш үү? Юу ч үгүй хээр талд Майдар хот байгуулна гэж байхын оронд бэлээхэн дэд бүтэц, зам харилцаа, хүн ам гээд бүх зүйл нь байгаа Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Сайншанд, Зүүнхарааг эхлээд “хот” болгох нь илүү бодитой ажил байх болов уу? Эрдэнэтэд их, дээд сургууль, банк санхүү, хөрөнгийн бирж төвлөрсөн хот, Дарханд хүнд аж үйлдвэр, газар тариалангийн үйлдвэрлэл төвлөрсөн хот, Сайншандад транзит тээвэр, эрүүл мэндийн төвлөрсөн хот байж яагаад болохгүй гэж?

Төрөөс бодлогын чанартай эрхзүйн бичиг баримтыг боловсруулдаг бас баталдаг ч бүх шатны шийдвэр гаргагчид маань биелүүлэх, хэрэгжүүлэх тал дээр дэндүү хойрго явсаар ирсэн. “Apple” компанийг  үүсгэн байгуулагч агсан С.Жобс нэгэн удаагийн ярилцлагандаа “надад мөнгө чухал биш. Би оршуулгын газрын хамгийн баян хүн баймааргүй байна” гэсэн байдаг. Харин манай шийдвэр гаргагчид маань 100 наслахгүй байж 1000 жил амьдрах, магадгүй оршуулгын газрын хамгийн баян хүн нь байхын төлөөх марафонд өрсөлдөж байгаа мэт мөнгийг шүтээн болгосноос дэндүү харалган болсон байгаа нь харамсалтай юм. Үйлдвэрлэгч бус өвөг дээдсээс үлдээсэн газрын баялгаа зарж амьдрахаас өөрөөр сэтгэж чадахаа больчихсон оюуны хомсдол, залхуурлаасаа бид бүгд гарах цаг нь болсон.  Өнөөдөр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарь, тэр дундаа “хот”-ын статусыг нэн даруй эргэн харж хөгжлийг зөвхөн нэг газарт бус хэд хэдэн газарт төвлөрүүлж гэмээ нь орон нутгийн эзгүйрэл, ажилгүйдэл, ядуурал, Улаанбаатарыг чиглэсэн механик шилжилт хөдөлгөөн зэргийг багасах бодитой алхам гэж харж байна. Ямартаа ч Үндсэн хуулийн шинэчилсэн найруулга “хот”-ын статусын 27 жилийн төөрөгдлийг нааштай шийдвэрлэх найдлагыг бий болгож байна. Харин хэзээ вэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж