"NEWS" агентлаг залуустаа зориулсан “Шинэ нэр” булангийнхаа ээлжит зочноор балетчин бүсгүйг онцолж байна. Түүнийг Р.Булган гэдэг. Тэрбээр бага наснаасаа балетийн урлагаар хичээллэн, өдгөө Монголынхоо нэрийг олон улсад гаргаж яваа чадварлаг уран бүтээлч юм.
ОХУ-ын Пермь хотын Дуурийн театрын балетын гоцлоочоор ажиллаж байгаа тэрбээр тавдугаар сарын 12-нд Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт анх удаа “Хунт нуур” балетын жүжигт гоцлоод буй. Авьяаслаг бүсгүй 2018 оны тавдугаар сард Пермьд хотод болсон балетын 15 дахь удаагийн олон улсын “Арабеск” уралдаанаас мөнгөн медаль хүртсэн билээ. Энэ амжилт нь Монгол улсын балетын түүхэнд сургуулийн сурагч байхдаа мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг уралдаанаас "Мөнгөн медаль" хүртсэн анхны тохиолдол ажээ.
РЭНЦЭНДОРЖ БУЛГАН 1999.03.15
Төгссөн сургууль:
Нийслэлийн БСШУСЯ-ны харьяа лаборатори 23 дугаар дунд сургууль /2008 он/
Пермьское Государственное Хореографическое училище /2010-2018 он/
Мэргэжил:
Бүжгийн жүжигчин
Одоо эрхэлж буй ажил:
Чайковскийн нэрэмжит Пермийн Дуурийн Театрын балетын гоцлооч
Сошиал хуудас:
ХҮҮХЭД НАСНЫХАА ТУХАЙ ЯРИАГАА ЭХЭЛЬЕ. БАГААСАА СОНГОДОГ УРЛАГААР ХИЧЭЭЛЛЭСЭН ҮҮ?
-Би Герман улсад төрсөн юм. Тэгээд гурван сартайдаа аав, ээжтэйгээ Монголдоо ирж амьдарсан. Миний хүүхэд нас бусад хүүхдийн л адил өнгөрсөн. Ээж минь л намайг энэ сонгодог урлагт хөтлөн оруулсан хүн. Анх намайг зургаан настай байхад ээж маань намайг одоогийн Монгол Улсын консерваторид бүртгүүлэхээр хөтөлж, очиж байлаа. Гэвч тухайн үед нас нь хүрээгүй гээд орж чадаагүй юм. Тэгээд ээж маань намайг “Рояал” балетын сургалтад элсүүлж, нэг жил орчим хичээллэсэн. Миний хувьд балетын сууриа Монгол улсын гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг багшаар заалгасан. Би багын их шартай хүүхэд л дээ. Мөн аливаа юмыг хийх гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй хүүхэд байсан учраас багш нар маань зааж чиглүүлэн, хөгжүүлсэн гэж боддог.
АНХНЫ АМЖИЛТ
-Одоогоос есөн жилийн өмнө ОХУ-ын Пермь хотоос урлагийн сургуульд Монголоос оюутан элсүүлэх шалгалт ирсэн. Уг шалгалтаар 1990-2000 оны 12 хүүхдийг шалгаруулж авсан юм. Зургаан эрэгтэй, зургаан эмэгтэй хүүхэд Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаж ОХУ-ыг зорилоо. Эхний нэг жил ангиараа гадаад улсад, өөр соёлтой танилцаад сонирхолтой санагддаг байлаа. Жаахан том болоод ирсэн чинь аав, ээжийгээ санана. Хичээлийн ачаалал ч эрс нэмэгдэнэ. Энгийн сургууль биш учраас өглөөнөөс орой хүртэл хичээл орно. Зөвхөн дасгал хийхгүйгээр өөр төрлийн бүжгээр бас хичээллэнэ.
-Миний хамгийн анхны тэмцээн гэвэл БНХАУ-ын Бээжин хотноо 2017 онд болсон олон улсын балетын тэмцээнд н.Мөнхжин гэдэг партнёртайгаа оролцож байсан. Хэдийгээр би шагналт байранд ороогүй ч өөрийгөө харуулаад, тэндээс их юм сураад ирсэн. Харин манай партнёр тусгай байрын шагнал авч байсан юм. Үүний дараагаар 2018 оны тавдугаар сард ОХУ-ын Пермь хотод болсон балетын 15 дахь удаагийн олон улсын “Арабеск” уралдаанд насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөж, мөнгөн медаль хүртсэн. Өмнө нь Монгол Улсын балетын түүхэнд сургуулийн сурагч байхдаа мэргэжлийн өндөр ур чадвар шаарддаг уралдаанаас "Мөнгөн медаль" хүртэж байгаагүй юм билээ. Тэр тэмцээнээс маш их урмыг авсан.
АНХНЫ ДҮР
-Би сургуулиа төгсөөд, ОХУ-ын П.И.Чайковскийн нэрэмжит Пермийн Дуурийн театрын балетын гоцлоочоор уригдан ажилласан. Би анхны тоглолтоороо суут П.И.Чайковскийн “Хунт нуур” балетын хар, цагаан хунгийн дүрийг бүтээсэн юм.
Энэ тухайгаа ярья. Би өнгөрсөн оны зургадугаар сард сургуулиа төгсөх ёстой байсан. Гэтэл Пермь хотын Дуурийн театраас тавдугаар сард над руу утасдаад, “Чамайг ”Хунт нуур” балетын жүжигт тоглуулмаар байна. Тавдугаар сарын 15-нд театр дээр ирж, анхны бэлтгэлээ хийгээрэй” гэлээ. Миний хувьд тухайн үед сургуулиа төгсөх гээд төгсөлтийн тайлан концертын бэлтгэлтэй их ачаалалтай байсан. Тэгээд театртаа долоо хоног бэлтгэл хийсэн. Тэгсэн сургуулиас маань “Чиний ачаалал их байна. Эхлээд сургуулиа төгсчих. Дараагаар нь театрын уран бүтээлд тоглож болно” гэж хэлж байсан. Тэгээд нэг сар орчим амарч, энэ хугацаандаа бэлтгэл хийж, театрынхаа зуны улирлын нээлтийн “Хунт нуур” балетад хар, цагаан хунгийн дүрд тоглосон. Миний хувьд дөнгөж сургуулиа төгссөн учраас туршлага дутагдаж байсан ч чадахаараа хичээж тоглосон.
ТЭГВЭЛ МОНГОЛЫНХОО ТАЙЗНАА ХУНГИЙН ДҮРД ТОГЛОХ ЯМАР БАЙВ?
-Би эх орондоо дөрөвдүгээр сарын 30-нд ирсэн. Манай улсын театрын “Хунт нуур” балетын жүжиг арай өөр хувилбар учраас 10 хоногийн турш суралцаж, бэлдсэн. Эх орныхоо тайзнаа тоглосон тоглолт маш сайхан болсон. Би бага байхдаа Х.Гэрэлчимэг багшийн удирдлаган дор “Цөмөөхэй” балетын Машагийн дүрд тоглож байсан. Яг тэр үеийн гоё мэдрэмж, үзэгчдийн дулаан уур амьсгал, энерги надад маш их урам, хүч өглөө.
БАЛЕТЫН УРЛАГ ЭРХЭМСЭГ ХЭДИЙ Ч МАШ ИХ ТЭВЧЭЭРИЙГ ШААРДДАГ. ТАНД ШАНТРАХ ҮЕ ГАРЧ БАЙВ УУ?
-Бэлтгэлийн үеэр өвдөнө, ядарна гээд маш их тэвчээр шаарддаг урлаг. Тэр болгоныг даван гарах тэвчээр бас ухааныг уран бүтээлчээс шаардаж байдаг. Нөгөө талаасаа уран бүтээлч хүн байнгын бэлтгэл хийхгүйгээр ажил, амралтаа зохицуулах хэрэгтэй л дээ. Балетын урлаг намайг төлөвшүүлсэн гэж хэлж болно. Ядаж л зөв суухаас эхлээд хувь хүний хүмүүжилд сайнаар нөлөөлдөг.
ОДОО АЖИЛЛАЖ БУЙ ТЕАТРТ НЬ ӨӨР МОНГОЛ УРАН БҮТЭЭЛЧ АЖИЛЛАДАГ УУ?
-Манай театрт одоогоор Монгол уран бүтээлчид ажиллаагүй байгаа. Харин ОХУ-ын зарим хотын театруудад цөөнгүй Монгол уран бүтээлч ажилладаг. Би ОХУ-ын Пермь хотноо найман жил суралцаж төгссөн учраас үзэгчид намайг халуун, дотно хүлээж авдаг.
ТҮҮНИЙ ТОГЛОСОН ГОЛ ДҮРҮҮД
- "Щелкунчик” балет Маша жижиг-2007 он, 2008 он, УДБЭТ
- “Коппелия” балет Сванильда- 2017 он, Пермийн театр
- "Хунт нуур" балет Одетта, Одиллия -2018 он Пермь, Хятад, Ирланд
- “Корсар” балет Медора-2018 он, 2019 он, Пермь
- “Рубины” балет Солистка-2018 он, Пермь
- “Аполлон и мусагет”-Каллиопа 2018 он, Пермь
- “Баядерка” балет Гамзатти, 2018 он Пермь
- “Щелкунчик” Мария, 2018 он Пермь
ЧӨЛӨӨТ ЦАГААРАА ЮУ ХИЙХ ДУРТАЙ ВЭ?
-Чөлөөт цаг гарвал аль болох гэртээ амрахыг хичээдэг. Амрахаараа ном бариад буйдан дээрээ хэвтэнэ. Хааяа найзуудтайгаа гадуур гарч, цагийг хөгжилтэй өнгөрүүлнэ. Ер нь тухайн үеийн сэтгэл санаанаас шууд шалтгаалдаг. Би ихэнхдээ өглөө эрт ажилдаа яваад орой гэртээ харьдаг учраас зав маш бага гардаг. Ямар нэгэн спортоор хичээллэдэггүй ээ.
ОЙРЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
-Одоохондоо ойрын үед хийхээр төлөвлөөд буй ажлаа нууцалмаар байна. Миний хувьд ирээдүйн хийхээр төлөвлөсөн ажлаа өмнө нь ярих дургүй. Харин уран бүтээлээ хийж бүтээснийхээ дараа ярьвал зүйтэй байх. Мэдээж, ОХУ-ын Пермь хотын Дуурийн театртаа шинэ уран бүтээлийн гол дүрүүдэд тоглоно.
ТАНЫ ИРЭЭДҮЙН ЗОРИЛГО, ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ
-Би жил бүр эх орондоо ирнэ гэж бодож байгаа. Энэ үеэрээ эх орныхоо тайзнаа тоглож, үзэгчидтэйгээ уран бүтээлээрээ мэндчилж байх болно. Цаашдаа улам олон уран бүтээлд тоглож, дэлхийд монголынхоо сонгодог урлагийн нэрийг гаргахыг хүсч байна. Энэ зорилгынхоо төлөө алхам алхмаар урагшилж явна даа.
МОНГОЛЫНХОО ЗАЛУУСТ ХАНДАЖ ХЭЛЭХ ЗӨВЛӨГӨӨ
-Монголынхоо хойч үе болсон залуус маань аливаад тууштай, тэвчээртэй, ухамсартай хандаж чадвал хүн зорьсондоо хүрдэг юм шүү гэж зөвлөмөөр байна. Эзэмшсэн мэргэжил, ажилдаа чин сэтгэлээсээ хандах нь их чухал. Миний хувьд сонгодог урлагаар хичээллээд олон бэрхшээлтэй тулгарч байсан. Гэсэн ч өөртөө эргэлзэж байснаас нэг удаа ч шантарч бууж өгч байсангүй. Заримдаа өөр өөртөө “Би чадах болов уу” гэж эргэлзэх үе надад байсан. Тийм үед намайг хайртай гэр бүл, багш нар, хамт олон, найз нөхөд хурцалж, маш их дэмждэг. Би тэр хүмүүсийнхээ дэмээр өдий зэрэгтэй явна.
Гэрэл зургийг Н.БАТМӨНХ
Холбоотой мэдээ