Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнгөрсөн амралтын өдөр буюу үндэсний мод тарих өдрөөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцсан билээ. Энэ үеэр тус хүрээлэнд наран шарлагын газар байгуулна гэдэг мэдээ иргэдийн анхаарлыг татсан юм. Энэ мэдээллийн мөрөөр News агентлаг сурвалжлага бэлтгэлээ.
Нийслэлийн Баянзүрх дүүрэгт байрладаг Үндэсний цэцэрлэг хүрээлэн орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газарт /ОНӨҮТГ/ "Эргийн тохижилт" төсөл хэрэгжиж буй. Тодруулбал, Туул голын эрэг дагуух Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газрын 3.36 га талбайд аялал жуулчлалын бүс байгуулах юм. Ингэхдээ задгай театр, дугуйн зам, ногоон байгууламж, жуулчин хүлээж авах байр, жилийн дөрвөн улирлын мөнх ногоон шилэн цэцэрлэг зэргийг барих аж. Энэхүү төслийг “Хан талст” ХХК 2016 оноос эхлэн хийж гүйцэтгэж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ажил 60 хувьтай явж байна.
Өнгөрсөн хугацаанд хоёр км асфальтан замыг тавьжээ. Өнөөдрийн байдлаар үйлчилгээний байр, ажилчдын байрын барилгыг барьж байна. Энэ ондоо багтаад задгай театр, ажилчдын байрыг ашиглалтад оруулах бол үлдсэн дөрвөн улирлын мөнх ногоон цэцэрлэг, наран шарлагын талбайг барихад дор хаяж хоёр жилийн хугацаа шаардагдана гэж албаныхан хэлж байна. Одоогоор дөрвөн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа аж.
Бүтээн байгуулалт хийгдэж байгаа 3.36 га талбай нь өмнө нь хувийн байгууллага болон үндэсний цэцэрлэгт хүрээлэнд харьяалагддаггүй эзэнгүй газар байжээ. Улмаар “Хан Талст” ХХК тус талбайд аялал жуулчлалын бүс байгуулах саналыг тавьсан байна. Харин нийслэлийн зүгээс тус газрыг хувийн хэвшлийн компанид өгөх юм бол зориулалтын бусаар ашиглаж магадгүй хэмээн хаширлаж 2014 оны дөрөвдүгээр сард 3.36 га талбайг цэцэрлэгт хүрээлэнгийн харьяалалд шилжүүлжээ. Тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга байсан Э.Бат-Үүлийн захирамжаар цэцэрлэгт хүрээлэнгийн кадастр газрын гэрчилгээг сольж, 973 га газар болгож томруулсан байна. Ийнхүү 960 га талбайг хамарч байсан цэцэрлэгт хүрээлэнгийн талбай 973 га талбай болон өргөжжээ.
ДАН ГАНЦ НАРАН ШАРЛАГЫН ГАЗАР БУС ЭНЭ БОЛ БҮХЭЛ БҮТЭН КОМПЛЕКС
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ийн ландшафтны архитектор Г.Уянгаас Эргийн тохижилт төслийн талаар цөөн асуултад хариулт авсан юм.
-Хэзээнээс бүтээн байгуулалтын ажил эхэлсэн бэ? Өнгөрсөн хугацаанд бид дээрх бүтээн байгуулалтын талаар ямар ч мэдээлэлгүй байжээ.
-Цэцэрлэгт хүрээлэн анх 2009 онд байгуулагдахад эргийн тохижилтыг хийнэ гээд ерөнхий төлөвлөгөөндөө тусгагдсан байсан. 2013 оны намар эргийн тохижилтын ажил Өмчийн харилцааны газрын жижүүрийн мэдээллийн санд суусан. Гэсэн ч зураг төсөл нь батлагдахгүй явсаар Нийслэлээс “Хан талст” ХХК-тай эргийн тохижилтын ажлыг гүйцэтгүүлэх гэрээ байгуулсан байдаг.
Улмаар 2018 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас эргийн тохижилтын даалгавар гарсан. Арваннэгдүгээр сарын 14-ын өдрөөс барилгын ажлаа эхлүүлсэн. Ингэхдээ 8.82 га талбай дээр тохижилтын ажлыг хийх боломжтой гэж заасан байсан. Гэхдээ тус компани нь 3.36 га дээр тохижилт хийж байгаа. Үлдсэн газар нь байгалиараа байгаа.
-Бүтээн байгуулалтын хувьд хоёр зүйл анхаарал их татсан. Тэр нь дөрвөн улирлын мөнх ногоон цэцэрлэг, наран шарлагын газар?
-Скиз зурган дээр 11 шийдэл бий. Хамгийн онцлог зүйлүүд нь таны хэлснээр дөрвөн улирлын мөнх ногоон цэцэрлэг болон наран шарлагын хэсэг. Өнөөдөр нийслэлчүүд ердөө хоёрхон сарын хугацаанд ногоон мод, цэцэгсийг харж байна шүү дээ. Өвлийн улирал урт, зуны улирал богино. Жилийн 12 сарын хоёрхон сард нь л ногоон байгууламжийг хардаг. Тэгвэл дөрвөн улирлын мөнх ногоон цэцэрлэг нь нэг ёсондоо хөдөө аж ахуйн сургууль болон бусад сургуулийн оюутнуудын танин мэдэхүйн лаборатори болох боломжтой. Мэдээж дан ганц оюутан гэлтгүй сонирхсон бүх хүмүүст нээлттэй.
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд наран шарлагын газар байгуулах мэдээлэл нь цахим хуудсанд шүүмжлэл дагуулж харагдсан. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?
–Ер нь хүмүүс аливаа зүйлийг эерэг талаас нь илүүтэйгээр сөрөг талаас нь харах болсон байна.
Энэхүү бүтээн байгуулалт нь монголд хийгдэж байгаа анхны эргийн тохижилт юм. Өмнө нь эргийн тохижилт хийгдэж байсан бол хүмүүс ийм зүйл хийх юм байна даа гээд тодорхой хэмжээний төсөөлөлтэй байх байсан.
Энэхүү бүтээн байгуулалт нь их шинэлэг байдлаар хийгдэж байгаа. Туул голын эргийг даган нарын шарлагын газар байрлана. Хүмүүс дан ганц наран шарлагын газар барина гэж буруу ойлголттой байх шиг байна. Гэхдээ энэ бол бүхэл бүтэн комплекс юм.
-Тэгвэл дөрвөн улирлын мөнх ногоон цэцэрлэгт хүрээлэнд дан ганц модлог ургамлууд байх юм уу?
–Үгүй. Ерөнхийдөө дотроо бүх төрлийн үйлчилгээ байна. Тухайлбал, ресторан, хүүхдийн тоглоомын газар, усан парк зэрэг гэх мэт. Харин мөнх ногоон цэцэрлэгт хүрээлэнд халуун оронд ургадаг бүх төрлийн цэцэг навч далд мод зэрэг байх юм.
ДӨРВӨН УЛИРЛЫН МӨНХ НОГООН ШИЛЭН ЦЭЦЭРЛЭГ 17-18 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БАРИГДАНА
“Хан Талст” ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Бат-Энх “Бүтээн байгуулалт өрнөж буй газар өмнө нь тэр чигтээ барилгын хогийн цэг байсан. Зөвхөн хур хогоосоо салах гэж гурван жилийн хугацааг зарцуулсан. Дөрвөн улирлын мөнх ногоон, шилэн цэцэрлэгийн зураг нь зурагдаж дуусаагүй байгаа. Зураг нь дуусвал энэ жилдээ багтаад суурийг нь ч болтугай тавья гэж бодож байна. Ерөнхийдөө 17-18 тэрбум төгрөгөөр баригдана гэсэн тооцоо байна. Бизнес эрхлэгч хүн бүр зардлаа нөхөхийг хүсдэг.
Тэгэхийн тулд хүмүүс цуглахаар маш сайхан бүтээн байгуулалтыг хийх ёстой. Задгай театрын тухайд эхний ээлжид эртний цайз шиг загвартайгаар гаргасан байгаа. Туулын голын сав газар нь навчит модтой учраас цаг агаарын онцлогт нь тааруулж навчит мод их тарьж байгаа. Өнгөрсөн жил гэхэд 1000 гаруй улиас навчит моднуудыг тарьсан. Түүнээс биш Туул голын эрэг дагуух нэг ширхэг модыг ч тайрч огтлоогүй” гэв.
Холбоотой мэдээ