Тяньванийн АЦС, Хятад. Фото: JSC Atomstroyexport
БНХАУ-ын цөмийн эрчим хүчийг хөгжүүлэхийг хурдасгасан хөтөлбөрийг “ухаан муутай хэрэг” гэж шинжээч нар нэрлэв. Учир нь Хятад Атомын цахилгаан станцуудын (АЦС) аюулгүй байдалд хангалттай анхаардаггүй гэж нэрт эрдэмтэн Хэ Цосю үзэж байна хэмээн The Guardian сонин мэдээлэв.
“Тэд цөмийн эрчим хүчийг 2020 он гэхэд 58 гигаватт болгохыг хүсч байна. Эцсийн дүнд түүнийг 120 магадгүй 200 гигаваттад хүргэх байх. Энэ нь ухаангүй үйлдэл мөн хэмээн эрдэмтэн Хэ сонинд ярьжээ. Түүний хэлснээр, энэ бүгд нь маш аймшигтай аюулыг дагуулж байгаа бөгөөд цөмийн байгууламж дээр гарч магадгүй осол тус орны экологид эрсдэл авчрах магадлалтай ажээ.
2011 оны Японы Фүкүшимагийн АЦС-ийн ослын дараа цөмийн станц барихад Хятад хориг тавьсан юм. Гэхдээ 2012 оны сүүлчээр БНХАУ-ын Төрийн зөвлөл уг хоригийг цуцалжээ. Одоо Хятадад 19 гигаваттын хүчин чадал бүхий аж үйлдвэрийн цөмийн 23 тогоо ажиллаж байна. Гуандуны, Циньшаны, Тяньванийн, Линьаогийн, Хунъяньхэгийн, Ниндэгийн , Янцзяний, Фуциний зэрэг нийт тусдаа найман атомын станц ажиллаж байна. Үүний зэрэгцээ АЦС-ын 26 блок баригдаж байгаа бөгөөд өөр 39 блокыг барихаар төлөвлөжээ.
Одоо Хятадын цахилгааны үйлдвэрлэлд чулуун нүүрс ихээр ашиглагдаж байгаа учраас агаарын бохирдол ихтэй. Агаарын бохирдлыг бууруулахын тул цөмийн эрчим хүч ашиглах нь чухал гэж Хятадын эрх баригчид үзэж буй ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР