"Музейн тайлбарлагч нь хувийн цуглуулгаа мэдүүлэх ёстой"

Хуучирсан мэдээ: 2019.05.17-нд нийтлэгдсэн

"Музейн тайлбарлагч нь хувийн цуглуулгаа мэдүүлэх ёстой"

"Музейн тайлбарлагч нь хувийн цуглуулгаа мэдүүлэх ёстой"

Хаалгыг нь татахад л таныг инээмсэглэн угтаж байна уу эсвэл үл тоосон байдалтай хандаж байна уу гэдэг нь тухайн ажилтны ёс зүйг илэрхийлж байдаг аж. Музейн нүүр царай, соёлыг илэрхийлсэн тайлбарлагчид ёс зүйтэй ажилладаг уу. Энэ асуудлаар музейн салбарт 23 жил ажилласан “Өндөр гэгээн” Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгч Д.Уранчимэгтэй ярилцлаа

Эдүгээ тус музейд дундад зууны үеийн Леонарда Винчи, Х.Рембрант, Микельанжилогийн уран зураг, баримлаас үл дутах гайхамшгийг бүтээсэн “Өндөр гэгээн”-ий хосгүй үнэт бүтээлүүд бий.

Музейн ажилтны мэргэжлийн ёс зүйн дүрмийг тайлбарлагчид хэр баримталж ажилладаг тухай ярилцлагаа эхэлье?

-Музейн тайлбарлагчид ёс зүйтэй ажиллаж байна гэж боддог. Соёлын өвийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Мөн 2009 онд БСШУСЯ-ны Улс, аймгийн музейн дүрэм, 2006 онд Стандарт хэмжилзүйн газраас музейд тавих шаардлагыг тогтоож өгсөн. Энэ бүхэнд бидний ажиллах үүрэг, зарчим, хувь хүний хийх ёстой үүргийг тусгасны дагуу л ажиллаж байна. Хэрэв бид эл дүрэм журмыг дагаж ажиллавал ямарваа ёс зүйн алдаа гаргахгүй ажиллаж болно. Ёс зүйн алдаа гаргах ч ёсгүй. Музейн тайлбарлагчийн ёс зүй бол биеэ авч явах соёлоос нь эхэлнэ.

-Гаднын жуулчдаас бусад үед үзэгчдэд музейн тайлбарлагч албан үүргээ гүйцэтгэж байгаа харагддаггүй. Зарим нь үзэгч орж ирснийг ч тоолгүй, утсаа маажаад сууж байдаг. Энэ нь таны хэлснээр музейн тайлбарлагчийн ёс зүй биеэ авч явах соёлтой салшгүй холбоотой болов уу. Нөгөө талаас үзэгчдийн зүгээс музейгээр үйлчлүүлэхдээ тайлбарлагч шаарддаггүй байх. Энэ асуудалд анхаарал хандуулдаг уу?

Ёс зүй гэдэг бол хувь хүний биеэ авч явах соёлоос эхэлнэ. Эл бичигдээгүй хууль эцэг өвгөдөөс уламжлан ирсэн байдаг шүү дээ. Музейн хувьд үзэгчид тайлбар шаарддаг. Нөгөө талаас музейн тайлбарлагчгүй аудио гайд хэлбэрээр сонсч, музей үзэх хүсэлтэй хүмүүс ч бий. Зөвхөн жуулчид гэхгүй бид үзэгчдийн хүсэлтийг биелүүлэн ажиллаж байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад хүмүүс музей их үздэг болжээ. Музейн тайлбарлагчдын зүгээс хаалгаар орж ирсэн үйлчлүүлэгчдээс тайлбарлагч авах шаардлагатай үгүйг асууж, сонголтынх нь дагуу ажилладаг. Яах вэ, буланд суугаад утастайгаа “найзлах” тохиолдол ганц хоёр удаа анзаарагддаг л даа. Бидний зүгээс аль болох ийм үйлдэл гаргуулахгүй байх шаардлагыг тавьдаг. Гэхдээ манай музейн тайлбарлагчид аль болох өөрсдийн  нөөц бололцоогоороо л ажиллаж байгаа ч ёс зүйн асуудалд тайлбарлагчдыг сургаж ажиллах шаардлагатай.

-Музейн тайлбарлагч хэр их хүрэлцээтэй байдаг вэ. Тэр тусмаа орон нутагт энэ орон тоо хангалттай бий юу?

-Музейн тайлбарлагч, музейн ажилтны мэргэжлээр боловсон хүчин хангалттай бий болсон. Сүүлийн жилүүдэд энэ чиглэлээр мэргэшсэн Их дээд сургуулиа төгссөн мэргэжилтнүүд хангалттай бий. Гэвч ажил олгогчдын зүгээс ажлын байраар хангах үгүй нь чухал байна шүү дээ. Тиймээс биш СУИС-ийн Музей, түүхийн анги төгссөн залуу үеийнхэн олон. Тэднийг ажлын байраар хангах асуудалд төрийн бодлого дутагдаж байна. Тиймээс биш Их дээд сургуулиа төгссөн боловсон хүчний хувьд хангалттай байгаа юм. Ер нь тухайн музей өөрийн боломж бололцоогоороо л мэргэжилтэн авдаг. Бид аль болох  шинэ төгсөгчдийг музейн тайлбарлагч, эрдэм шинжилгээний ажилтнаар авч байна. Гэхдээ музейн тайлбарлагч болохын тулд анхан шатны үзмэр харагчаас эхлээд бүх үе шатыг дамжиж байж үндсэн мэргэжлээрээ ажиллана гэсэн үг. Одоогоор МУИС-ийн Түүхийн ангийн нэг төгсөгчийг ажилд авахаар сургаж, ажиллаж байна. Ер нь аль ч салбарт шинэ боловсон хүчнийг ажлын байраар хангах төрийн бодлого үгүйлэгдэж байгааг та бүхэн мэднэ. Их дээд сургуулиа төгсөгчид бор зүрхээрээ л ажлын байраа олж байна. Өмнө нь шинэ төгсөгчдийг ямар нэгэн байдлаар томилолтоор ажиллуулдаг байлаа.

-Музейн тайлбарлагчаар ажиллах шинэ төгсөгч, боловсон хүчинд ямар шаардлага тавьдаг вэ. Тэд ямар шалгуурыг давж байж музейн тайлбарлагч болдог тухай дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Миний хувьд шинэ төгсөгч залуу үеийнхэнд музей гэлтгүй аль ч салбарт ажиллах чин хүсэл эрмэлзэл, сэтгэлтэй л байгаасай гэж хүсдэг. Ийм зан чанартай хүнийг бид сургаж, заах ёстой бүх мэдлэг туршлагаасаа хуваалцана. Музейн тайлбарлагч гэдэг бол маш олон талын мэдлэгтэй байх ёстой. Шинэ төгсөгч музейн тухай олон талын мэдлэггүй байж болох ч музейд ажиллаж байж энэ мэдлэгийг олж авдгаараа онцлогтой. Жишээ нь, түүхийн анги төгссөн оюутан урлагийн тухай нарийвчлан судлаагүй байж болно. Музейд ажилласнаар монгол зургийн тухай, танка буюу шүтээн зураг, зээгт наамал, барлах, модон сийлбэр, баримал, алт мөнгөний дархан зэрэг энэ бүхнийг мэдэж авна. Эдгээрийг мэддэг болохын тулд их зүйл судлах шаардлагатай. Ер нь музей бүр өөр өөрийн онцлогтой. Энэ олон талын мэдлэгийг музейд ажилладаг хүн л мэдэж авна. Гагцхүү сүүлийн үед шинээр ажил горилогчид бэлэн, амар хялбар аргыг хайдаг болсон хандлага ажиглагдаж байна. Энэ бол миний хувийн л бодол шүү. Ер нь хэн ч байсан заавал мэргэжил шаардахгүй музейд ажиллах хүсэлтэй л бол итгэл, сэтгэлтэй байх нь л чухал.

-Музейн тайлбарлагч хувийн цуглуулгатай бол өөрийн ажиллаж буй музейтэй өрсөлдөж болохгүй гэсэн ёс зүйн зарчмыг баримтлах ёстой. Ийм асуудал манай улсад гарч байсан уу?

-Энэ бол Олон улсын музейн зөвлөлийн музейн тайлбарлагчийн мэргэжлийн ёс зүйн заалтын нэг. Манай улсад ийм ашиг сонирхлын зөрчил, музейтэй өрсөлдсөн асуудал гарч байгаагүй. Ийм ашиг сонирхолтой хувийн цуглуулгатай хүмүүс нь хувийн музей байгуулчихсан л байгаа. Тухайлбал, Чингис хааны өв, гэр бүл язгууртны музей гээд л хувь хүмүүс өөрсдийн цуглуулгаараа музей байгуулсан тохиолдол бий. Харин музейд ажиллаж байсан хүмүүс ийм зөрчил одоогоор гаргаагүй.

-Музейн тайлбарлагч хувийн цуглуулгатай байж болох уу?

Музейн тайлбарлагчаар ажиллах гэж байгаа л бол хувийн цуглуулгатай гэдгээ урьдчилан мэдэгдэх ёстой. Хэрэв цуглуулгатай гэдгээ мэдэгдээгүй байж энэ нь ил болбол ямар нэгэн эргэлзээ зайлшгүй төрнө. Энэ тухай ч олон улсын музейн тайлбарлагчийн мэргэжлийн ёс зүйд дурдсан. Энэ нь ямар нэгэн зөрчил гарахаас урьдчилан сэргийлж байгаа юм.

-Музейн тайлбарлагчид мэргэжлийн ёс зүйн дүрмээ мэддэг үү. Ажилд орохоосоо өмнө судалсан байдаг болов уу?

-Одоогоор музейн тайлбарлагчийн ёс зүйн дүрмийг мэддэг хүн тун цөөн. Учир нь бүх музей олон улсын музейн зөвлөлийн гишүүн биш болохоор тэр. Тиймээс энэ дүрэм бүх музейн ажилтнуудад хүрч амжаагүй байх гэж бодож байна. Сонирхсон хүн нь л эл дүрмийг олж уншиж байна. Ер нь энэ олон улсын музейн тайлбарлагчийн ёс зүйн дүрмийг музейн ажилтнуудад хүргэх шаардлагатай.

-Музейн салшгүй хэсэг нь музейн тайлбарлагчид. Энэ мэргэжлийн ачаалал хэр их вэ?

Музейг үзэж байж л тухайн музейн тухайн мэдэхээс бус гаднаас нь хараад нэрнээс цаашгүй. Дээр хэлснээр сүүлийн жилүүдэд музейг зорих хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн. Ялангуяа зуны улиралд өглөө 09.00-20.00 цаг хүртэл ажилладаг. Хөдөлмөрийн хуулиар ажлын найман цаг буюу өглөө 09.00-20.00 цаг хүртэл ажиллах ёстой байдаг шүү дээ.

-Таны хувьд музейн салбарт хэчнээн жил ажиллаж байна. Ажлын гараагаа хаанаас эхлүүлж байв?

-Миний хувьд музейн салбарт 23 жил ажиллаж байна. Би 1987 онд ОХУ буюу тэр үед Зөвлөлт Холбоот Улсад Эрхүү хотын Их сургуулийг түүхийн анги төгсч, ажлын гараагаа Үндэсний түүхийн музей / Хувьсгалын музей /-гээс эхэлж байсан түүхтэй. Тухайн үед музейн тайлбарлагчаар ажиллаж байлаа. Өндөр гэгээн Г.Занабазарын музейд 12 жил ажиллаж байна. Одоогоор музейн сан хөмрөгийн хадгалалт хамгаалалтыг хариуцаж байна. Үзэсгэлэнд олны өмнө дэлгэгдээгүй үзмэрийг сан хөмрөгөөс дэглэж үзүүлдэг гэсэн үг.

-Одоогийн музейн байр бол худалдааны зориулалтаар баригдаж байсан түүхтэй. Музейн сан хөмрөгт хадгалагдаж буй үнэт ховор үзмэрүүдийн аюулгүй байдалд хэрхэн анхаардаг вэ. Музейн сан хөмрөгт хэчнээн үзмэр байна?

-Хүн үүссэн цагаас эхлэн дүрслэх урлагийн төлөөлөл болсон XX зууны эхэн үеийг хамарсан үзмэр манай музейд хадгалагдаж байна. Нийт 16 мянга орчим үзмэртэй. Үүнээс 20 гаруй хувь нь олны хүртээл болж, дэлгэгдээд байна. Музейд дэлгэсэн үзмэрүүд бол сор гэсэн бүтээлүүд юм. Цор ганц, үнэт ховор үзмэр байна. Үүнтэй ижил төстэй бүтээлүүд сан хөмрөгт хадгалагдаж байна. Музейн хадгалалт хамгаалалтын асуудалд сүүлийн 20 гаруй жил анхаарал хандуулж ажилласан. Энэ ажлыг олон улсын байгууллагаас санаачлан гаргасан төслийн хүрээнд  хийгдсэн байдаг. Анх 1999 онд АНУ-ын Азийн урлагийн сангаас манай музейн сан хөмрөгийг төслийн хүрээнд тохижуулж байв. 2005-2010 онд ЮНЕСКО-гийн “Нүүдэлчдийн өвийг хамгаалах” төсөл хэрэгжиж, сан хөмрөгийн өрөөг тохижуулж, үзмэрийн хадгалалт хамгаалалтыг сайжруулах, музейн танхимд буй үзмэрийг хаяг тайлбарыг шинэчлэн дэглэх, заалны зохион байгуулалт гэх мэт бүх асуудлыг шийдэж, олон ажлыг хийсэн. Санхүүжилт нь ЮНЕСКО-гоос хэрэгжиж байгаа.

-Үнэт ховор үзмэрийг музейд хадгалах нь тийм ч найдвартай бус гэж олон улс үздэг учраас эх хувийг нь сан хөмрөгт хадгалж, ялгагдахын аргагүй хуулбарыг нь музейд дэлгэсэн жишиг гаднын орнуудад цөөнгүй бий. Өндөр гэгээн Г.Занабазарын хосгүй үнэт, нэн ховор үзмэрүүдийг энэ жишгээр хуулбарлаж, музейд дэлгэх боломж бий юу. Манай улсад ихэвчлэн тухайн эд өлгийн зүйлс, үнэт ховор үзмэрийг эх хувилбараар нь дэглэн үзэгчдэд хүргэдэг?

Манай музейд ийм чиг баримталдаг ч тэр бүрийд үзмэрээ хуулбарлах боломж нь хомс учраас ихэнх нь эх хувиараа дэлгэгдсэн байдаг. Гэхдээ хадгалалт хамгаалалтын асуудалд нь илүү анхаарч ажилладаг. Жишээ нь танхим бүүдгэр байгаа нь түүхийн үнэт ховор зургуудыг гэрлээс хамгаалахын тулд бараа хөшигтэй байлгаж, үзэгчгүй үед гэрлээ унтрааж гэрлийн тусгалаас хамгаалах аль болох үзмэрээ олон жил наслуулах боломж бололцоо бүрийг эрэлхийлдэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж