Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын өнөөдрийн хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцлээ.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэг нь хуульчийн шалгалтад орох эрх үүсэхтэй холбоотой харилцааг зохицуулж буй хэм хэмжээ байх тул Үндсэн хуулийн заалтыг зөрчөөгүй хэмээн Үндсэн хуулийн цэц үзэв.
Харин хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа гэх ойлголтыг тодорхойлсон Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн заалтыг Улсын Их Хурал 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан боловч Үндсэн хуулийн зөрчлийг арилгаагүй болохыг Үндсэн хуулийн цэц тогтоолоо.
Тиймээс тус заалтын үйлчлэлийг өнөөдөр /2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр/-өөс эхлэн түдгэлзүүлэв гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
А.АМАР