“Louis Vuitton” үнэ цэнээ 6 хувиар өсгөж, тансаг зэрэглэлийн шилдэг брэндийн байр сууриа 10 дахь жилдээ хадгаллаа. Зургийг: bloomberg.com
Тансаг зэрэглэлийн тэргүүлэх 10 брэндийн үнэ цэнэ өнгөрсөн онд 6 хувиар буюу 7.1 тэрбум ам.доллараар буурсныг жил бүрийн “BrandZ” судалгаа харууллаа. Эдгээрээс зөвхөн “Louis Vuitton”, “Chanel” брэндүүд өөрийн үнэ цэнийг өсгөж чаджээ. Жилийн дүнгээр нь харвал “Louis Vuitton” үнэ цэнээ 6 хувиар өсгөж, тансаг зэрэглэлийн шилдэг брэндийн байр сууриа 10 дахь жилдээ хадгалж үлдэж чадсан бол “Chanel”-ийн үнэлгээ 15 хувиар нэмэгдэж, үнэ цэнэ нь 9 тэрбум ам.долларт хүрсэн байна. Харин “Cartier” брэндийн үнэ цэнэ 15 хувиар, “Prada”-ийнх 35 хувиар тус тус буурч топ брэндүүдээс хамгийн тааруу дүн үзүүлснийг “Millward Brown” судалгааны байгууллагаас онцолжээ. Ерөнхийдөө дэлхийн эдийн засаг удаашралтай байгаа нь тансаг зэрэглэлийн зах зээлд сорилт бий болгоод байгаа аж. Үүний зэрэгцээ тансаг зэрэглэлийн хамгийн том зах зээлд тооцогддог БНХАУ, ОХУ дахь эрэлт буурч байгаа нь брэнд үйлдвэрлэгчдийн санхүүгийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлөөд байна.
Э.Эрдэнэтуяа
Эх сурвалж: bloombergtv.mn