Дэлхийн зиндааны ганц л бүтээл Монголын өнгийг өөрчилнө | News.MN

Дэлхийн зиндааны ганц л бүтээл Монголын өнгийг өөрчилнө

Дэлхийн зиндааны ганц л бүтээл Монголын өнгийг өөрчилнө

Дэлхийн зиндааны ганц л бүтээл Монголын өнгийг өөрчилнө

“ХААН ШИРЭЭНИЙ ТОГЛООМ” КИНОНЫ ЗУРАГ АВАЛТ ХИЙСЭН НУТГУУДЫГ ЧИГЛЭХ ЖУУЛЧДЫН ТОО ӨСЧЭЭ

Дэлхийн зарим улсын иргэд даваа гарагт чөлөө авах нь нэмэгджээ. АНУ-ын HBO компанийн бүтээл Game of Thrones буюу “Хаан ширээний тоглоом” киноны наймдугаар бүлгийн шинэ ангиуд үзэгчдийн хүртээл болоод хэдийн сар гаруйн хугацаа өнгөрч байна. Уг цуврал АНУ-д ням гарагийн үдэш 20 цагаас (зарим мужид 21 цагт) үзэгчдэд хүрч буй бол Австрали, Монгол зэрэг оронд цагийн зөрүүний улмаас шинэ анги даваа гарагт ажлын цагаас эхлэн нээлтээ хийж буй. Тиймээс долоо хоног догдлон хүлээсэн шинэ ангиа бусдаас хоцролгүй үзэхийн тулд  Австралид даваа гарагийн өглөө ямар нэг шалтгаанаар чөлөө авах хүний тоо нэмэгдсэн байна.

Зөвхөн Австрали гэлтгүй АНУ, Их Британи гээд дэлхийн олон орны сая сая үзэгчийг хаан сэнтийн төлөөх тэмцлийн түүх найман жилийн турш байлдан дагуулсаар. Уг киноны үнэнч үзэгчдийн тоонд монголчууд ч зүй ёсоор бичигдэж буй нь дамжиггүй.

Тэгвэл сая сая үзэгчийг байлдан дагуулж буй “Хаан ширээний тоглоом” аялал жуулчлалын салбарт ч томоохон нөлөө үзүүлэх болжээ. Уг киноны найман бүлгийн зураг авалтыг хийсэн Хорват, Испани, Умард Ирланд зэрэг улсын бүс нутгуудыг зүглэх жуулчдын тоо нэмэгджээ. Тухайлбал, “Хаан ширээний тоглоом” цувралаар гардаг далайгаар хүрээлүүлсэн цайз болох Red Keep хорватын дубровникт байрладаг. Мөн энд киноны зургадугаар бүлгийн чухал зураг авалтын нэг болох Серсей Ланнистер хаадын хотын гудамжаар нүцгэн алхдаг хэсгийн зургийг авч байжээ. Тэгвэл кино нээлтээ хийснээс хойш эртний энэ хотыг зорих жуулчдын тоо өссөн бөгөөд ирж буй жуулчдынх тэн хагас нь зөвхөн “Хаан ширээний тоглоом” киноны улмаас Дубровникийг зорьдог гэсэн тооцоо гарчээ. Тиймээс хотын захиргаа киноны уран бүтээлчидтэй нягт хамтран ажиллах болсон байна.

Мөн тус киноны гол байршлууд болох Winterfell, Dorne, Dothraki-гийн зураг авалтыг умард ирландад хийсэн. Тэгвэл киноны эхний дөрвөн цуврал нь Умард Ирландын эдийн засагт 107 сая ам.доллар авчирсныг Guardian мэдээлж байна. “Хаан ширээний тоглоом” киноны зураг авалт хийсэн нутгаар аялж, адал явдлыг бодитоор мэдрэх хүсэлтэй жуулчдын тоо нэмэгдсэнийг анзаарсан бизнес эрхлэгчид зөвхөн “Хаан ширээний тоглоом”-д суурилсан аяллын хөтөлбөр санал болгож эхэлсэн. Belfast-ийн санал болгож буй уг аяллын хөтөлбөрөөр жилд 30 мянган хүнд үйлчлүүлдэг байна. Энэ нь орон нутгийн захиргаа төдийгүй дотоодын бизнес эрхлэгчдэд орлогын огцом өсөлт авчирчээ.

Умард Ирланд уг нь жуулчдыг соронз мэт татдаг газарт тооцогддоггүй. Жилийн олон өдөр нь сэвэлзүүр салхитай, хүйтэн сэрүүн, зарим үед цас мөсөөр хучигдчихдаг энэ нутгийг зорих жуулчдын тоо Их Британийн бусад бүстэй харьцуулахад бага байжээ. Гэтэл цас лавссан “Хаан ширээний тоглоом” сэрүү даасан энэ нутгийг аялал жуулчлалын халуун цэг болгоод буй аж. 2018 оны статистикаар жилд 120 мянган жуулчин зөвхөн “Хаан ширээний тогтоом” дэх төсөөллөө бодитоор мэдрэхийн тулд тус улсыг зорин иржээ. Энэ хэрээр хотын эдийн засаг сайжирч, хүн амын орлого нэмэгдэх нь гарцаагүй.

Тэгвэл “Хаан ширээний тоглоом”-оос өмнө харь гарагийн хачин жигтэй амьдралыг өгүүлсэн “Аватар” кино дэлхий нийтийг байлдан дагуулсан. БНХАУ-ын Жанжиажэ хотын ирээдүйг өөрчилсөн. угаас байгалиас заяагдсан энэ нутгийн үзэмж гоог анх “Аватар” кино дэлхий нийтэд дэлгэн харуулснаар үлгэрийн мэт үзэсгэлэнт Жанжиажэд жилд 60 сая жуулчин ирдэг болжээ. “Аватар” кинонд гардаг үүлсээр хүрээлүүлсэн хөвдөг уулсыг санаж байна уу. Энэ бол Хятадын Хунань мужийн Жанжиажэ үндэсний цогцолбор юм. Шовх оройтой, тэнгэр баганадсан хаднуудаас бүрдсэн энэ цогцолборт “Аватар”-ын Пандора гарагийн зураг авалтыг хийж байжээ.

“АВАТАР” КИНОНЫ ДАРАА ЖАНЖИАЖЭД 60 САЯ ЖУУЛЧИН ИРДЭГ БОЛЖЭЭ

2008 онд зураг авалтыг, 2010 онд нээлтийг нь хийсэн энэ кино нээлтээ хийсэн эхний жилд тус цогцолборыг зорьсон жуулчдын тоог 60 хувиар өсгөж байжээ. Тус паркийн орлого нь 26 тэрбум юаньд хүрсэн байна. Хунань мужийн Жанжиажэ хот ДНБ-ийхээ 60 хувийг аялал жуулчлал болон түүнийг дагасан үйлчилгээнээс олдог байна.

Тус улс урлаг, соёл, уламжлалаараа дамжуулан эдийн засгийн өгөөж хүртэж, зөөлөн хүчний бодлого хэрэгжүүлж байна. Хятадын Засгийн газар ч энэ хугацаанд энэ нутгийг тус улсын 5А зэрэглэлийн аялал жуулчлалын бүс болгож, 2016 онд дэлхийн хамгийн урт буюу 430 метр шилэн гүүр барьж, дэд бүтцийг өргөтгөн сайжруулж, улс хоорондын шууд нислэгийн тоог нэмэгдүүлсэн байна.

Ганц, хоёрхон кино жуулчдын чиглэлийг хэрхэн эргүүлж, мөнгөний урсгалыг хэрхэн өөрчилж буйн бодит жишээ энэ. Дэлхийн хүн бүрийн зүрхэнд таардаг түлхүүр болох кино, соёл урлагаар дамжуулан эх орноо дэлхийд таниулж, эдийн засгаа өсгөх боломж байсаар.

Уг нь Монгол Улс унаган байгаль, говь, тал хээр хосолсон нутаг, нүүдэлчин ахуй соёл, хосгүй түүх гээд өмнө нь дэлхий нийтийн хүртээл болоогүй, дэлгээд харуулчих зүйл мундахгүй. Цаашлаад Монголын тал нутагт дөрвөн улирлын байгалийн онцлог төрхийг харуулсан зураг авах боломжтой байдгаас гадна жилийн 300 гаруй өдөр нартай байдаг нь гадаадын уран бүтээлчдийг даллах давуу тал.

Гэтэл бид өчнөөн жил Монголыг олон улсад таниулна хэмээн дээр, дооргүй ярьцгааж байгаа хэрнээ өнөөг хүртэл эх орноо дэлхийн тайзан дээр бүрэн таниулж, гадаад ертөнцтэй “мэндчилээгүй” яваа. “Та нар өөрсдөө дэлхийн түвшний кино хий, эх орноо сурталчил” хэмээн манай төр засгийнхан бор зүрхээрээ яваа хэдэн уран бүтээлчдээ хүлээн, гараа хумхин суусаар олон жилийг үдэв. Бас Монголд олон улсын уран бүтээлчид кино хийхэд техник тоног төхөөрөмж, дэд бүтцийн асуудал тулгардгийг холливудад ажиллаж байсан манай уран бүтээлчид хэлдэг. Үүнээс үүдэн дэлхийн хэмжээний уран бүтээлчид Казахстан, Өвөрмонголыг зорьсон тохиолдлууд байдаг аж. Иймд дэлхий Монголд ирэхийг хүлээх бус бид өөрсдөө бэлэн болох, гадаад, дотоодын уран бүтээлчдийг уран бүтээл хийх боломжоор хангах, боловсон хүчин болон техник технологио сайжруулах нь чухал аж.

Хэд хоногийн өмнө төв аймагт Монголын үндэсний кино үйлдвэрийн шавыг тавьсан. 50 га талбайг хамарсан энэ цогцолбор нь орчин үеийн есөн студи, үйлдвэрлэлийн цех, задгай зураг  авалтын талбай зэргээс бүрдэнэ. Олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон энэ цогцолбор нь гадаад, дотоодын уран бүтээлчид Монгол Улсад кино хийх боломж олгох юм.

Энэ төсөл ажил хэрэг болбол Монгол Улс кино хэмээх экспортын цоо шинэ бүтээгдэхүүнтэй болж, гадаад, дотоодын уран бүтээлчид манай улсад кино хийх, Монголыг дэлхийд таниулахад илүү бодитой алхам болно гэсэн үг. Ингэж чадвал бид зүгээр сууж байгаад л эх орноо таниулж, аялал жуулчлал, экспортын орлогоо өгсөх нь. Наанадаж л сая хүрдэггүй жуулчдын тоо нэмэгдэнэ. Монголыг харуулсан, эсвэл бидний тухай өгүүлсэн ганцхан түүх л амжилттай болоход дээр өгүүлсэн олон гайхамшиг Монголд тохиох нь.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Tr 2019-05-16 103.26.194.171

Сайхан л төлөвлөгөө санж. Даанч нөгөө хулгайч дарга нарын гараар ороод будаа болохвий дээ.

Avatar

Зочин 2019-05-16 139.5.217.229

Saihan moroodoh ch novshnuudiin hiideg gants chaddag ajil shd

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж