ЭДИЙН ЗАСАГ, САНХҮҮГИЙН ИНСТИТУЦУУД ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛДАГ БОЛОХ ХЭРЭГТЭЙ
МХАҮТ-ын ерөнхийлөгч асан Б.Лхагважав Шинэ эдийн засгийн форумын салбар хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр ажилласан юм. Тэрбээр эдийн засаг дахь улс төрийн нөлөөг багасгахын тулд мэргэжлийн холбоод, эрдэмтэн, судлаачдын үүрэг чухал гэж үздэг аж.
-Шинэ эдийн засгийн форумын онцлог, өмнө нь зохион байгуулж байсан форумуудаас ялгаатай тал нь юу вэ?
-2009 оноос зохион байгуулж эхэлсэн эдийн засгийн форум арай өөр хэлбэртэй явж ирсэн юм. Ер нь бидний ажиллаж ирсэн зарчим өөрчлөгдсөөр байсан гэсэн үг. 2006-2009 онд бол ийм хэлэлцүүлэгтэй дүйцэхүйц асуудлыг бид гудамжнаас, талбай дээр жагсаж тавьдаг байлаа. Дараа нь Ерөнхий сайд Сү.Батболдын тэргүүлсэн Засгийн газрын үед асуудлаа төрийн ордонд цуглаж тавьдаг болъё гэж зөвшилцсөн. Эхний хоёр форум үндсэн зорилгоо барьж чаддаг байсан бол сүүл рүүгээ эрх баригчдын сурталчилгааны индэр болж хувирсан л даа. Бүх асуудлаа жагсааж байгаад хэлэлцдэг байсан эдийн засгийн форум Засгийн газрын магтаал болж хувирсан. харин энэ жилийн шинэ эдийн засгийн форум анхны зорилгодоо нийцсэн, ажил хэрэгч боллоо. Эдийн засаг, бизнес, санхүүгийн салбарт буй мэргэжлийнхний дуу хоолойг сонсох үндсэн зорилготой шүү дээ. Ямар нэгэн дарга, цэрэг байхгүй, эрдэмтэд, шинжээчид, бизнесийнхэн, банк, санхүүгийнхэн бүгд цугласан.
-Үр дүнг та яаж төсөөлж байна вэ?
-Эдийн засгийн өсөлт бий нь бий. Гэхдээ өнөөдөр тоглогчид нь эдийн засгийн ямар ч мэдлэггүй, төрийн нэр барьж, бизнес булаах хандлагатай болчихоод байна. Үүнээс хамгаалахын тулд мэргэжлийнхэн баг болж, нэгдэж ажиллах шаардлагатай. Үүний эхлэл нь энэ форум юм. оролцогчдын бүрэлдэхүүнийг харахад л энэ зорилго шууд уншигдана.
-Дараагийн хямралд бэлэн эсэх асуудлыг эдийн засагчид хөндлөө. Таны хувьд дараагийн хямралаар юуг нэрлэх вэ?
-Дөрвөн салбар хуралдаан бүр өөр өөрийн онцлогтой асуудлаа нэгтгэнэ. Бид 2012-2016 онд дөрвөн жилийн хямрал тууллаа шүү дээ. Энэ хямралаас дөнгөж гараад, өндийж байхад дахин улс төржсөн эдийн засгийн амлалтуудаараа бүү сүйтгээсэй гэдэг чин хүсэл байна. 2016 онд манай бараг бүх компани тамираа барсан шүү дээ. Эдийн засгийн “зуд”-наас арай гэж ангижирч буй энэ үед дахин популизмаар самруулахгүйн төлөө энд цуглаж ярилцаж байна. Олон улсын түвшинд гадаад, дотоод худалдааны орчинд эдийн засгийн хямрал нүүрлэх магадлалтайг ярьж байна л даа. Гэхдээ манай улсын хувьд улс төрийн “зуд” нь эдийн засгаа чирж унагадаг.
-Эдийн засаг дахь улстөрчдийн нөлөөллийг багасгах эхний алхам нь мэргэжлийнхэн цуглаж, асуудлаа ярилцаж нэгтгэх мөн үү?
-Тэгэлгүй яахав. Улстөрчдийн популизмын дэргэд эдийн засагчдын эрүүл сэтгэлгээг харьцуулаад үз л дээ.
2016 ОНД МОНГОЛЫН БАРАГ БҮХ КОМПАНИ ТАМИРАА БАРСАН
Үүн дээр бас нэг зайлшгүй өөрчлөх шаардлагатай асуудал бол салбар бүрт эдийн засгийн мэдлэгтэй боловсон хүчнийг бэлтгэх явдал юм. Өнөөдөр Монголын эдийн засагт үүрэг гүйцэтгэсэн, магадгүй шийдвэр гаргаж байсан хүн бүрийг хуулийн байгууллагаар оруулдаг жишиг тогтсон байна. Гэтэл эдийн засгийн ямар ч мэдлэггүй эрхзүйч, хуулийн мэргэжлийнхэн том том шийдвэр гаргасан улстөрчид, бизнесийн хөдөлгөөнд оролцсон хүмүүсийг шалгана гэж юу байх вэ дээ.
-Хөрөнгө оруулагчдад ойлгомжтой байхын тулд ямар зарчим барих ёстой вэ?
-Дотоод гадаадын хөрөнгө оруулагчдын айдас, хүйдсийг төрүүлдэг нэг зүйл бол төвлөрсөн мөнгийг хяналтгүйгээр зарцуулахын төлөөх тэмцэл, мөн төсөв, хөтөлбөр, зээл тусламжийг зарцуулах оновчлол байхгүйтэй холбоотой. Бизнесийн жаахан амжилт бүхнийг заавал хүчний байгууллагаар дайруулж өнгөрөөх хандлага саад болж байна. түүнчлэн ямар нэг аргаар төрд орсон л бол улс төрийн хүчээр бусдын бизнес рүү дайрах, булаах, ямар нэг аргаар дарамтлах зэргээр эдийн засгийн жам ёсны хөгжлийг эвдэж байна. Ялангуяа сүүлийн жилүүдэд энэ хандлага газар авлаа. Дотоод гадаадын хөрөнгө оруулагчид эрүүл орчинд үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй тул аль хүчний улстөрчийг ивээн тэтгэж, өөрийн бизнесээ хамгаалуулах вэ гэдэгт санаа зовдог болчихоод байна.
-Тухайлбал ямар салбарыг онцолж хэлэх вэ?
-Үүний нэг илрэл нь лицензтэй холбоотой шийдвэрүүд. 400 гаруй алтны орд эзэмшигчид төрийн хатуу хяналт дор үйл ажиллагаагаа явуулж байна. Төр хүсэх л юм бол шууд зогсоогоод хурааж чадна. Манай шатахууны салбарынхан бас ийм нөхцөлд байна. Ер нь л томхон бизнесийг лицензээр дамжуулж чангалах бодлого улстөрчдийн халаасанд байнга явдаг. Төр лиценз өгсөн нэрээр дарамталж болохгүй. Сүүлийн үед ялангуяа энэ хандлага өндөр түвшинд хэрэгжиж байна.
-Эдийн засгийг улс төрөөс цэвэрлэхийн тулд хамгийн түрүүнд юу хийх хэрэгтэй вэ?
-Юун түрүүн эдийн засаг, санхүүгийн интитуцууд жинхэнэ утгаараа бие даах хэрэгтэй. Тэгээд өөрсдийгөө хамгаалх хэмжээний “том” байх хэрэгтэй. Улстөрчөөс, хүчний байгууллагаас өөрсдийгөө хамгаалдаг хүчирхэг болохын тулд мэдээж мөнгө шаардлагатай. Бизнесийн байгууллагууд эдгээр интитуцдээ үйл ажиллагаа явуулах боломжийг нь хангаж мөнгө өгдөг, эргээд тэдэндээ өндөр шаардлага тавьдаг механизмтай болох хэрэгтэй. Ингэж санхүүжилтийн хувьд бэхэжсэн институт төртэй эн тэнцүү ажилладаг болох юм. ДНБ-ий 80 гаруй хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлдэг шүү дээ. Төртэй адилхан институцтай болж байж төрийн буруу шийдвэрийн эсрэг зогсож чадна.
-Ийм институцыг хэрхэн бий болгох вэ. Эдийн засгийн хүрээнийхэн бүгд хүлээн зөвшөөрөх үү?
-Эдийн засаг, санхүүгийн мэргэжлийн их дээд сургуулиуд, мэргэжлийн холбоод, клубүүд салбар бүртээ нэгдэж, улсөрчдөөс гаргасан буруу шийдвэр бүрийг маш хурдтайгаар эсэргүүцдэг байх хэрэгтэй. Шударгаар явж буй бизнесүүдийг хамгаалах шаардлага тавьж болно. Бүтээн байгуулалт, уул уурхай, банк санхүү гээд бизнесийн салбаруудын нэгдсэн дуу хоолой зайлшгүй шаардлагатайг манлайлагчид хүлээн зөвшөөрдөг.
Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
Холбоотой мэдээ