МҮХАҮТ-аас ХХААХҮЯ, нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацийн газартай хамтран зохион байгуулж буй “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2019” олон улсын үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр “Мишээл Экспо” төвд боллоо. Нээлтийн арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн болон ОХУ, БНСУ, Непал, Хонконг зэрэг улсын зочид төлөөлөгчид, үзэсгэлэн худалдаанд оролцож буй жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчид оролцов.
Монгол Улсын хэмжээнд бүртгэлтэй 140 мянган аж ахуйн нэгж байдгаас идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь 72.100, үүнээс 78 хувь буюу 56.200 нь жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчид байдаг аж.
Нээлтийн үеэр хотын Захирагч С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Аливаа улс орны нийгэм, эдийн засгийн хөдлөх хүч нь баялаг бүтээгч, бизнес эрхлэгчид байдаг. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих, хамтын ажиллагааг нь өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд өнөөдрийн энэ үзэсгэлэн нийслэл хотод 22 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаад баяртай байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид бол манай улсын хувьд хамгийн чухал ажлын байрыг бий болгоход үнэтэй хувь нэмрээ оруулдаг баялаг бүтээгчид юм” гэдгийг онцолж хэлсэн юм. Мөн “Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацийн газарт бизнес эрхэлж байгаа болон бизнесээ дөнгөж эхлүүлж буй өрхийн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр “Бүтээлч үйлдвэрлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлж байна. Бид инновацийн төвөөрөө дамжуулж энэ онд 5000 гаруй бизнес эрхлэгчдийг дэмжин, бизнесийг нь өргөжүүлэн хөгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Цаашлаад зөвхөн Монголдоо төдийгүй дэлхийн зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх талаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн” гэв.
Үзэсгэлэн худалдаанд үндэсний үйлдвэрлэгч 60 гаруй аж ахуйн нэгж, нийслэлийн таван дүүргийн ЖДҮГ-аас гадна ОХУ-ын Краснодар муж, Ростовын бүс, Эрхүү муж, Чита, Алтайн хязгаар, Буриад, Тува Улсаас хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний 30 гаруй аж ахуйн нэгж, БНСУ-ын хүнс, өргөн хэрэглэний барааны 11 компани, Непалын эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн, Хонконгийн сувдан эдлэлийн компани гээд нийт 150 гаруй байгууллага оролцож байна.
Энэ үеэр Хотын захирагч С.Амарсайхан үзэсгэлэн худалдаанд оролцож буй жижиг, дунд, бичил бизнес эрхлэгчидтэй уулзан, тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар санал солилцож, цаашид нийслэлийн зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээнд идэвхтэй оролцож, хамтарч ажиллахыг хүслээ. Мөн тун удахгүй нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл инновацийн газарт уулзалт зохион байгуулж, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих, хүн бүр ажлын байртай, орлоготой байх боломжийг бүрдүүлэх талаар харилцан ярилцаж, олон үр дүнтэй ажлыг хамтдаа хийж хэрэгжүүлнэ гэдгээ тэдэнд хэлэв.
НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Холбоотой мэдээ