Өмнөд Осетиэс гаралтай, 26 настай залууг “Исламын улс” алан хядагчдын бүлэглэлийг санхүүжүүлсэн хэрэгт сэжиглэн Москвад баривчилсан байна. ОХУ-ын Мөрдөн байцаах хорооноос мэдээлснээр, Георгий Гуев гэгч доод тал нь 50 сая рубль тус бүлэглэлийн дансанд шилжүүлжээ.
Мөрдөн байцаагчдын үзэж буйгаар, тэрбээр дээрх мөнгийг 2015 оны нэгдүгээр сараас 2019 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд алан хядагчид руу шилжүүлсэн аж. Георгий Гуев тус мөнгийг "Исламын улс" бүлэглэлийг дэмжигчдээс хүлээн авсныхаа дараа тус бүлэглэлийн данс руу шилжүүлдэг байжээ.
Георгий Гуевын гэрт нэгжлэг хийх үеэр банкны олон карт, мөн хэт даврагчидтай холбоотой төрөл бүрийн хориотой номууд олдсон байна. Түүнд ОХУ-ын Эрүүгийн хуулийн 205.1 дүгээр (террорист үйл ажиллагааг дэмжиж, тусламж үзүүлэх) зүйлийн 1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Эх сурвалж: Следственный комитет Российской Федерации