ФИФА-гийн удирдлагуудыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2015.05.27-нд нийтлэгдсэн

ФИФА-гийн удирдлагуудыг баривчилжээ

Швейцарийн хууль хяналтынхан Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/-ны өндөр албан тушаалын зургаан хүнийг баривчилж, АНУ-ын талд шилжүүлэн өгөх гэж байна.

Швейцарийн цагдаа нар ФИФА-гийн албаныхныг Цюрих хотын “Baur au Lac” зочид буудлаас баривчилжээ. Тус зочид буудалд ФИФА-гийн удирдлагууд ээлжит хурлаа хийхээр цуглаад байсан юм.

ФИФА-гийн 10 гаруй албан тушаалтныг мөнгө угаасан, залилан, болон авлигын хэрэгт сэжиглэж байна. Баривчлагдсан албан тушаалтнуудын дунд ФИФА-гийн дэд ерөнхийлөгч Жеффри Вебб, Өмнөд Америкийн хөлбөмбөгийн холбооны дарга асан Эухенио Фигередо, Хойд болон Төв Америк, Карибын тэнгисийн орнуудын хөлбөмбөгийн холбооны дарга бөгөөд ФИФА-гийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Жэк Варнер, Коста-Рикагийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Эдуардо Ли нар багтаж байгаа аж.

Америкийн холбооны мөрдөн шалгах албаныхан ФИФА-гийн удирдлагуудыг өнгөрсөн 20 жилийн хугацаан дахь дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний маркетинг, шууд дамжуулах гэрээ болон тэмцээн зохион байгуулах эрх олгохтой холбоотой олон сая ам.долларын авлигын хэрэгт мөрдөн шалгаж байгаа аж.

Энэхүү баривчилгаа нь баасан гаригт болох ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болсноороо олон нийтийн анхаарлыг татаж байна.

Эх сурвалжуудын бичиж байгаагаар ФИФА-гийн ерөнхийлөгчид Йозеф Блаттер улиран сонгогдох магадлал өндөр байгаа аж.

ФИФА нь 2018 онд ОХУ-д 2022 онд Катарт хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах “World Cup” тэмцээн зохион байгуулах эрх олгосон нь хардлага, маргаан дагуулсаар байна. Эдгээр хоёр орон нь хүний эрх зөрчих асуудлаар олон улсаас шүүмжлэл хүлээдэг юм.

Б.АНХТУЯА

Эх сурвалж: ESPN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж