Герман улсын Енна хотод байрлах Макс-Планкийн Хүн Төрөлхтний Түүхийн Шинжлэх Ухааны Хүрээлэнд харьяалагдах "Dairy cultures" судалгааны төсөл нь хүн, мал амьтан, микробын хоорондох биологийн болоод соёлын нарийн холбоо, түүхийн асуудлыг “гене-соёл-микробын хамтын хувьсал“ –ийн хүрээнд судлан шинжилж, сүү цагаан идээний тухай шинжлэх ухааны болон олон нийтийн ойлголтыг тэлэх зорилготой билээ. Археогенетик, археологи, хоол хүнс, шим тэжээлийн шинжлэх ухаан мөн антропологи гэсэн шинжлэх ухааны олон салбарыг хослуулсан энэхүү судалгааны төсөл нь эрт ба эдүгээ үеийн Монголын сүү, цагаан идээний соёл, уламжлалт арга, туршлагыг онцлон судалж буй юм.
"Dairy cultures" судалгааны төслийн хүрээнд 2019 оны тавдугаар сарын 18-22–ны өдрүүдэд Улаанбаатар хотод, үргэлжлүүлэн тавдугаар сарын 23-28–ны өдрүүдэд Киргиз улсын Бишкек хотод “Микробын нүүдэл” – Евро-Азийн тал нутаг дахь сүү, цагаан идээний олон талт байдал” хэмээх олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдах болно. Уг хурлыг Германы Боловсрол, Судалгааны Яам, Европын Судалгааны Зөвлөл санхүүжүүлэн Макс-Планкийн Хүн Төрөлхтний Түүхийн Шинжлэх Ухааны Хүрээлэн, Монголын Хоол Зүйчдийн Найрамдал Холбоо, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Киргизийн Үндэсний Хөдөө Аж Ахуйн Их Сургууль болон Киргизийн Хөгжлийг Идэвхжүүлэх Агентлаг хамтран зохион байгуулж буй юм. Хурлын олон нийтэд нээлттэй хэсэг нь 2019 оны тавдугаар сарын 21-22 –ний өдрүүдэд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Хурлын Танхимд зохион байгуулагдана.
Олон мянган жилийн турш цагаан идээ (сүүн бүтээгдэхүүн) нь Евро-Азийн тал нутгийнхны хоол хүнсний гол цөм хэсгийг бүрдүүлсээр ирсэн билээ. Социализм нуран унасны дараа, Евро-Азийн тал нутаг дахь олон сая хүмүүсийн амь зуулга нь ахин мал аж ахуйгаас хамааралтай болж эхэлсэн юм. Энэ бүс нутгийн хаа саагүй малчин айл өрхүүд өдийг хүртэл сүүг үлэмж ихээр боловсруулан хэрэглэж буй бөгөөд удаан хугацаанд хадаглагдахуйц сүүн бүтээгдэхүүн гарган авахад сүүн доторх амьд микробынх нь оролцоо асар их гэдэг нь тодорхой юм. Энэхүү эрдэм шинжилгээний хурлаар Монгол болон Киргиз улсын цагаан идээний салбарт ажиллаж буй эрдэмтэн, судлаачдаас гадна цагаан идээ боловсруулах арвин туршлагатай малчид, цагаан идээ үйлдвэрлэгч зэрэг янз бүрийн салбарын төлөөллийг нэгтгэж, Евро-Азийн тал нутаг дахь сүү, цагаан идээний талаарх түүх, археологийн асуудлуудаас гадна цагаан идээний үйлдвэрлэл, аж ахуйн орчин үеийн чиг хандлагуудыг хэлэлцэхээр зорьж буйгаараа чухал ач холбогдолтой юм.
Б.БАЯР
Холбоотой мэдээ