Төв цэвэрлэх байгууламжийг гурав хоног зогсооно

Хуучирсан мэдээ: 2015.05.27-нд нийтлэгдсэн

Төв цэвэрлэх байгууламжийг гурав хоног зогсооно

Төв цэвэрлэх байгууламжид яаралтай засвар хийхгүй бол энэ зун нийслэлчүүд бохироо гадагшлуулах аргагүйд хүрэх аюул нүүрлэжээ. Тиймээс ойрын өдрүүдэд төв цэвэрлэх байгууламжийн аэротенкийн хэсгийг яаралтай нөхөх ажлыг эхлүүлэхээр болжээ. Төв цэвэрлэх байгууламжийн аэротенкийн хэсгийг анх 1979, 1985 онд ашиглалтад оруулж байсан. Энэ хэсгээр өдөр бүр нийслэлийн иргэдийн хэрэглэсэн бохир усанд биологийн цэвэрлэгээ хийдэг юм. Гэвч байгуулсан цагаас хойш огт шинэчлэл хийгээгүйгээс цооролт үүсч, цооролтын хэмжээ ихэссэн байна. Ингэснээр одоогийн 65 хувийн цэвэрлэгээний хувь хэмжээ улам багасна. Энэ чигээрээ явбал ирэх жил гэхэд нийслэлчүүд хэрэглэсэн бохир усаа ариутгах байгууламжгүй болох аюул нүүрлэжээ.

Энэ талаар УСУГ-ын дарга С.Үнэн дөнгөж сая хэвлэлийнхэнд мэдээллээ. Тэрбээр “Газрын даргын хувьд энэ удаагийн засварыг Засгийн газар, нийслэлийнхний гарыг харалгүйгээр яаралтай эхлүүлэхээр шийдээд байна. Гэхдээ засварлахын тулд хоёр сонголтоос нэгийг сонгох хэрэгтэй болсон. Засвар хийх гурав хоногийн хугацаанд иргэдийн хэрэглээний усыг хязгаарлах, эсвэл нийслэлчүүдийн хэрэглэсэн усыг цэвэрлэхгүй шууд Туул гол руу асгах гэсэн сонголт дээр тулаад байна. Иргэдийн усыг хязгаарлах нь боломжгүй асуудал учраас бохир усыг шууд Туул гол руу асгахыг сонгох болов уу” гэв.

Ямартай ч Цэвэрлэх байгууламжийн засварыг өнөөдөр, эсвэл маргаашнаас эхлүүлэх гэж байгаа аж. Эхний ээлжинд аэротенкийн хэсгийн засварын ажлыг УСУГ-аас хөрөнгө гарган хийх юм байна. Энэ удаад засвар хийсэн ч цэвэрлэх байгууламжийн асуудал толгойны өвчин хэвээр үлдэнэ гэдгийг анхааруулж байгаа юм. Учир нь Төв цэвэрлэх байгууламжийн ажиллагаа ирэх жил гэхэд зогсч мэдэхээр болжээ. Нэг өглөө босоход л нийслэлийн сая гаруй иргэдийн хэрэглэсэн усыг цэвэрлэх боломжгүй болохдоо тулсныг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

Б.ЗАЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж