МУ-ын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.05.16-нд нийтлэгдсэн

МУ-ын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж эхэллээ

МУ-ын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж эхэллээ

ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ЭЦСИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ БЭЛТГҮҮЛЭХЭЭР ШИЛЖҮҮЛЭВ

Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.05.16) нэгдсэн хуралдаан 10 цаг 16 минутад 50.7 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас өнгөрсөн сарын 09-ний өдөр өргөн мэдүүлсэн “Зарим албан тушаалтны цалингийн хэмжээ тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг энэ сарын 10-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Тус Байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулахаар тогтсон талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт улс төрийн болон тусгай албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагч /сум, дүургийн Засаг дарга, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч, зэвсэгт хүчин, хилийн цэрэг ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тусгай албан тушаалаас бусад/-ийн албан тушаалын цалингийн хэмжээ, сүлжээг төрийн албаны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал тогтоохоор заасан.

Иймээс Төрийн албаны төв байгууллагын саналыг авч, Улсын Их Хурал  дахь нам, эвслийн бүлгийн ажлын албаны албан тушаалын сарын цалингийн хэмжээг Улсын Их Хурлын Тамгын газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтай, Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын албан тушаалын цалингийн хэмжээг сум, дүүргийн Засаг даргын албан тушаалын сарын цалинтай адилтгаж тогтоохоор тогтоолын төсөлд тусгажээ. Мөн Шүүхийн шинжилгээний байгууллагын шинжээч, мэргэжилтэнг цагдаагийн байгууллагын офицер, ахлагчийн албан тушаалын цалинтай адилтган тогтоох зэрэг асуудлыг тусгасан байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос асуулт асууж тодруулан хариулт авсан бөгөөд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2020 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙН ТӨСЛИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХЭЛЭЛЦЭНЭ

Дараа нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл –ийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Засгийн газраас өнгөрсөн сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг тогтоолын төслийн талаарх төсөл санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Сангийн сайд илтгэлдээ, Үндсэн чиглэлийн төслийг Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал- 2030”, “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, Салбарын төрөөс баримтлах бодлогын баримт бичигтэй уялдуулан яамд, агентлагуудаас ирүүлсэн саналд үндэслэн улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулж боловсруулсан. Тухайлбал, Үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан нийт 118 арга хэмжээний 58 хувь нь Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай, 90 хувь нь Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй, 23 хувь нь төрөөс баримтлах салбарын бодлогын баримт бичигтэй уялдаж байгаа гэдгийг дурдав.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хуний хөгжпийг дэмжих нийгмийн бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 20 зорилтын хүрээнд 118 бодлогын арга хэмжээг тусгаснаас гадна зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцаж хэрэгжүүлэх байгууллагыг зааж өгсөн гээд эдгээр бодлогын хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зорилтуудыг товч танилцуулсан юм. Тухайлбал, Макро эдийн засгийн бодлогын хүрээнд 2020 онд татварын орчныг шинэчлэх замаар хөрөнгө оруулалтыг дэмжиж эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах; төсөв, мөнгөний бодлогыг хослуулах замаар инфляцийг зорилтот түвшинд байлгах; ажлын байрыг нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг бууруулах; нэгдсэн төсвийн тэнцлийг дунд хугацаанд эерэг болгох нөхцөлийг бүрдүүлэх; хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Харин Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр мал аж ахуйн салбарын хөгжлийг эрчимтэй хөгжүүлж, бэлчээрийн менежментийг сайжруулах; хүн амыг эрүүл, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангаж, жижиг, дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжиж, геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарыг хөгжүүлж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх; эрчим хүчний хэрэглээг дотоодын эх үүсвэрээр хангах бодлого хэрэгжүүлж, хүчин чадлыг нэмэгдүүлэх; бодит салбарын өсөлтийг дэмжих зам, тээврийн бодлого хэрэгжүүлж, логистикийн сүлжээг өргөжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Эдгээр салбаруудын өсөлтийн нөлөөгөөр ДНБ-ий бодит өсөлт хангагдах боломж бүрдэнэ гэж үзэж буйгаа хэллээ.

Мөн Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан хот, суурин газрыг төлөвлөж, байгаль орчин, хүний эрүүл мэндийн шаардлагад нийцсэн барилгын үйлдвэрлэлийг дэмжиж, аюулгүй, хүртээмжтэй орон сууцаар хангах; агаар орчны бохирдлыг бууруулах, экосистемийн тэнцвэрт байдлыг хангаж, аялал жуулчлалыг хөгжүүлэх; гамшгаас хамгаалах бие бүрэлдэхүүний чадавхийг сайжруулж, гамшгийн үеийн бэлэн байдлыг нэмэгдүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр бодлогын арга хэмжээнүүдийг тусгасан.

Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлогын хүрээнд боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, ая тухтай сурч, боловсрох орчныг бүрдүүлэх бодлого хэрэгжүүлэх; соёл урлагийн салбарт техник, технологийн ололтыг нэвтрүүлэх; судалгаанд суурилсан их сургуулиудыг хөгжүүлж, дээд боловсролын сургалтын байгууллагын багшийн хөгжлийг дэмжих; шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлж, судалгаа боловсруулалтын ажлын эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг нэмэгдүүлэх; харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын үйл ажиллагааг өргөжүүлэх; төрийн цахим үйлчилгээг нэвтрүүлэх; эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, урьдчилан сэргийлэх үзлэгийг нэмэгдүүлэх; хүн амын хөгжил, нийгмийн хамгаалал болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого хэрэгжүүлэх чиглэлээр арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлогын хүрээнд эрх зүйн салбарын шинэчлэлийг үргэлжлүүлж, цагдаагийн байгууллагын мэдээ, мэдээллийн нууцлал, аюулгүй байдал, үйл ажиллагааны шуурхай байдлыг хангаж, Улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоог үе шаттайгаар төгөлдөржүүлж; үндэсний стандартыг шинээр боловсруулж, орон нутгийн стандартын байгууллагын чадавхыг бэхжүүлэх; хөрөнгө оруулалт, зураг төслийн хамтарсан төвийг байгуулах үйл ажиллагааг эрчимжүүлж, хилийн чанад дахь монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үйл ажиллагааг бэхжүүлэх; энхийг дэмжих үйл ажиллагааны чадавхыг нэмэгдүүлж, зэвсэгт хүчний барилгын засвар төслийг хэрэгжүүлэх чиглэлээр тодорхой зорилт тавьсан талаар танилцуулав.

Салбарын яамд, агентлагуудаас ирүүлсэн арга хэмжээний саналуудыг үндсэн чиглэлийн төсөлд тусгахдаа бодлогын зорилт, арга хэмжээг улсын төсөв болон бусад хөрөнгийн эх үүсвэрийн боломжтой уялдуулан 20 зорилт, 118 арга хэмжээний хүрээнд нийтдээ 10 их наяд 216.3 тэрбум төгрөгийн санхүүжүүлт хийхээс улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 325.5 тэрбум, гадаад эх үүсвэрээс 2 их наяд 111.9 тэрбум, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 6 их наяд 174.2 тэрбум, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөж тусгаад байна.

Дээрх зорилт, арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт 6 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй, ажилгүйдлийн түвшин 5.6 хувиас бага байх үр дүн гарна гэж тооцож буйгаа Сангийн сайд илтгэлдээ дурдлаа.

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Эдийн засгийн байнгын хороо энэ сарын 15-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар танилцуулсан юм.

Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, М.Билэгт, Ц.Гарамжав, С.Бямбацогт, Л.Болд, Б.Баттөмөр, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, Н.Учрал, Б.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Н.Амарзаяа, Б.Саранчимэг, Д.Дамба-Очир нар Сангийн сайд болон Засгийн газрын бусад гишүүд, ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийн төсөлд тусгуулахаар салбарын яамдаас нийтдээ 34 их наяд төгрөгийн төсөвт өртөг бүхий 400 гаруй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санал, жагсаалт ирүүлсэн. Эдгээрт шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал зэргийг харгалзан Сангийн яам хянан үзэж нэгтгээд нийт 20 зорилт, 118 арга хэмжээний хүрээнд 10 их наяд төгрөгийн санхүүжилт хийхээр төсөлд тусгасныг дурдав.

Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 2020-2022 онд урт хугацааны өсөлтийн түвшинд буюу 6 орчим хувьд хүргэхээр зорьж байгаа. Татварын шинэчлэлийн үр дүнд татвар төлөх үйл ажиллагаа хялбаршиж, татварын ачаалал буурахаас гадна Монгол Улсад хөрөнгө оруулах бизнесийн орчинг сайжруулсан. Үүний үр дүнд бизнесийн ашигт ажиллагаа дээшилж, хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засгийн өсөлтийг дэмжихээр байна. Мөн Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажил 2020 оноос дуусах шатандаа орж, хөрөнгө оруулалтын хэмжээ багасах хэдий ч газрын тосны үйлдвэр барих, цэвэрлэх байгууламж барих төслүүд эрчимжиж, барилга, угсралтын ажил идэвхжинэ. Ингэснээр эдийн засгийн өсөлтийг дэмжинэ гэж үзэж буйгаа Сангийн сайд онцолж байв.

Эдийн засгийн өсөлт, хүн амын хэтийн төлөвт үндэслэн тооцоход ажиллагсдын тоо жилд дунджаар 5.0 орчим хувиар өсөхийн зэрэгцээ ажиллах хүчний оролцооны түвшин сэргэх төлөвтэй байгаа аж. Энэ нь “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” бодлогын баримт бичгийн зорилтын нэгдүгээр үе шаттай нийцэж буй юм. Дунд хугацаанд уул уурхай, эрчим хүч болон дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлж, эдийн засгийн үндсэн зорилтуудыг хангасны үр дүнд ажилгүйдлийн түвшин 6.0-7.5 хувь байх төлөвтэй байгаа аж.

Түүнчлэн инфляцийн түвшин дунд хугацаанд буюу 2020-2022 онд 8 орчим хувьд байхаар байна. Эдийн засгийн өсөлт идэвхжиж байгаа нь хүн амын худалдан авах чадвараар дамжиж, эрэлтийн гаралтай инфляци нэмэгдэх дарамтыг бий болгож байгаа бол ОПЕК-ийн орнууд нийлүүлэлтээ танах бодлого хэрэгжүүлж байгаатай холбоотойгоор гадаад зах зээлд газрын тосны үнэ өсөж болзошгүй байна. Гэсэн хэдий ч Засгийн газраас татварын багц хуулийн шинэчлэл хийж, бизнесийн орчныг сайжруулах, 1.5 тэрбумаас бага орлоготой аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг 90 хувиар хөнгөлж байгаа зэрэг нь бизнесийн зардлыг бууруулж, үйлдвэрлэл, нийт нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр байгаа тул инфляцийн түвшинг зорилтод хэмжээнд, тогтвортой байлгах боломж бүрдэхээр байна гэдгийг дурдаж байлаа.

Харин голлох ашигт малтмалын зах зээлийн хандлагаар зэсийн үнэ 2018 онд дунджаар 6,530 ам.доллар байж, өмнөх оны дунджаас 6 орчим хувиар өссөн байна. Олон улсын мэргэжлийн шинжээчид зэсийн үнэ 2019 онд буурах, харин 2020 онд эргээд өсөхөөр төсөөлсөн байгаа. Тиймээс зэсийн үнийг 2020 онд 6,340 ам.доллар буюу 2019 оны үнийн төсөөллөөс 70 ам.доллароор илүү байхаар төсөөлж байгаа.

Олон улсын шинжээчид алтны ханшийг 2019 онд үргэлжлэн өснө гэж таамаглаж байна. Дэлхийн зах зээл дээрх алтны үнэ 2019 онд дунджаар 1,320 ам.доллар, 2020 онд дунджаар 1,330 ам.доллар байх төлөвтэй байна. Харин дэлхийн гангийн үйлдвэрлэл сүүлийн дөрвөн жил дараалан өсөж байгаа бөгөөд 2019 оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс өсөлттэй, цаашдаа дэлхий нийтийн гангийн эрэлтийн нэмэгдэх хандлагатай байна. Нүүрсний тухайд судалгааны байгууллагууд 2019, 2020 онд Австрали нүүрсний үнийг буурахаар төсөөлж байна. Харин БНХАУ-ын нүүрсний импорт сүүлийн 4 жил дараалан өсөөд байгаа. Бидний хувьд баяжуулсан нүүрсний үнийг 2019 оныхтой адил түвшинд байхаар төсөөлж байгаа гэдгээ Сангийн сайд хэллээ.

Мөн бодит салбарын хөгжлийн талаар үндсэн чиглэлд тусгагдсан зорилт, арга хэмжээнүүд, гэр хорооллын дахин төлөвлөлт, ипотекийн зээлийн санхүүжилт, мал аж ахуй, газар тариалангийн салбарын өгөөж, эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэндийн чанар, хүртээмжийг сайжруулахтай холбоотой асуудлууд, түүнчлэн үндсэн чиглэл нь мөнгөний бодлоготой хэр уялдаж байгаа талаарх гишүүдийн асуултад Засгийн газрын бусад гишүүд, Монголбанкны удирдлагууд хариулт өгсөн юм.

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 14 цаг хүртэл цаг сунган хуралдаж, гишүүд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан Сангийн сайд болон салбарын сайд нараас асуулт асууж тодруулсан. Чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлэх юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж