Ерөнхийлөгчийн могой алах мод!

Хуучирсан мэдээ: 2019.05.16-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгчийн могой алах мод!

Ерөнхийлөгчийн могой алах мод!

МоАХ-ны залуучууд өнөөдөр/2019.05.16/ АТГ-ын өмнө мэдээлэл хийж, Капитал банкны дампууралтайгаар холбоотой, төрийн сангуудыг шалгах хүсэлт өгч байгаагаа дуулгав.  Араас залгуулаад АН-ыг “дарах” даалгавартайгаар Ерөнхийлөгчийн улс төрийн ахлах зөвлөхийн ажлаа өгсөн Н.Алтанхуяг мөн л АТГ-ын өмнө сэтгүүлчдийг дуудаж авчраад,“Капитал банканд байршиж байсан манай иргэдийн 240 гаруй тэрбум төгрөг эрсдэлд орчхоод байна. Үүний эзнийг олоход  анхаараач, мөн энэ асуудалд УИХ-ын гишүүн С.Эрдэнийг шалгаж өгөөч гэж АТГ-т гомдол гаргасан” тухайгаа хэлэв. Зөвлөхийн ажлаа өгснөөс хойш Н.Алтанхуяг С.Эрдэнийн эсрэг удаа дараагийн акц  өрнүүлэх болсны нэг нь өнөөдөр түүнийг АТГ-д шалгуулах өргөдөл. Өөрөөр хэлбэл, С.Эрдэнийг буланд шахахыг Н.Алтанхуяг ч, Х.Баттулга ч хүсч байгаа нь нэн ойлгомжтой болжээ. Учир нь, МоАХ бол Ерөнхийлөгчийн хувийн холбоо болчихсон. Тэгэхээр тус холбооны залуучуудын хүсэлт бол Ерөнхийлөгчийн хүсэлт гэсэн үг.

 Ердөө дөрвөн жилийн өмнө цусаа гартал зодолдож байсан Ерөнхийлөгч Х.Баттулга, Н.Алтанхуяг хоёр тосоо гартал тэврэлдэх буй  бөгөөд өнөөдөр тэд С.Эрдэнийг хавсайдаж унагаах ажилдаа оржээ. Ийм  ч үүрэг, даалгаврыг Ерөнхийлөгч Н.Алтанхуяг өгсөн ч байх.  Нэг байгууллагын гадаа, нэг өдрийн хоёр хэвлэлийн бага хурал хийлгүүлсэн болон хийсэн хоёрын гол зорилго нь ердөө энэ.

Уг нь, Ардчилсан намын, ардчиллын буянаар Н.Алтанхуяг албан тушаал болгонд алтангадас шиг зоолттой явсан. Аль ч нам засгийн эрх барьсан ч, Н.Алтанхуяг л сайд болдог байсан.  Харин өнөөдөр АН болоод Н.Алтанхуяг хоёр харшилтай болжээ гэлтэй.

Үндсэндээ, АН-д Н.Алтанхуяг хэрэггүй шиг Н.Алтанхуягт ч АН хэрэггүй болсон байна. С.Эрдэнийг унагалаа гээд Н.Алтанхуягт дарга болох боломж гарч ирнэ гэвэл үлгэр. Учир нь, Ардчилсан нам дүрэмдээ намын даргаа дотоод сонгуулиар сонгох заалт оруулж өгсөн. Өмнө нь тэрбээр намын даргад өрсөлдөөд С.Эрдэнэд өвдөг шороодсон байсан. Ахиад өрсөлдлөө гэхэд  АН-ын гишүүдээсээ намын дарга болгох дэмжлэг авах нь юу л бол. Өөрөөр хэлбэл, харьж яваа Н.Алтанхуяг, ирж яваа АН-ын дууг дуулахгүй гэсэн үг.   Тиймээс Ардчилсан намыг авч чадахгүй юмаа гэхнээ үймүүлж, хувааж, талцуулж байж Н. Алтанхуягийн санаа амрах болов уу.  Хэдийгээр АН-аас гарахгүй гэдгээ тэрбээр зарласан ч гэлээ  Нэгдмэл Монгол хөдөлгөөн төрийн бус байгууллагаа хувийн нам болгохоор сэм бэлтгэж эхэлсэн  гэх “мессеж”-ээс харвал ийм л дүгнэлтэд хүрч байна.  Хөдөлгөөн байгуулах болсон талаараа "Монголчууд өнгөрснөө дүгнэж, муу муухайг цэвэрлэх, эх орноо хөгжүүлэх гарц, шийдлийг ярих цаг болсон.  Монголын төрд шударга ёсыг сэргээх, байгалийн баялгийг нийтийн өмч болгох, чинээлэг дундаж давхаргыг бий болгохын төлөө ажиллана" хэмээн тайлбарлаж байв. Гэхдээ түүнд өнөөдөр биш өчигдөр Монголын төрд шударга ёсыг сэргээх, муу муухайг цэвэрлэх, эх орноо хөгжүүлэх боломж байсан уу гэвэл байсан. Улсын Ерөнхий сайд байсан хүний хувьд шүү дээ.

Өнөөдөр АТГ-д АН-ын харъяалалтай болгон  дуудагдаж, шалгагдаж байна. Өнгөрсөн 2012-2016 онд Ерөнхийлөгч Х.Баттулга Ардчилсан намын толгойтой болгоныг онилж байгаад бүтэн нэр, бүлээн зүсгүй болгосон. Х.Тэмүүжинг хар тамхичин, М.Батчимэгийг тагнуулчин, Л.Гантөмөрийг мүүнчин, С.Баярцогтыг оффшорчин болгосон Ерөнхийлөгч Х.Баттулга Ардын намынхантай нийлж АН-ын үнэмлэхтэй болгоныг АТГ-д шалгуулж эхэлсэн.

Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Э.Бат-Үүл,Н.Золжаргал гээд АТГ-т мэдүүлэг өгөөгүй, дуудагдаагүй хүн өдгөө Ардчилсан намд байхгүй болжээ. Ардчилсан нам муухай байх тусмаа Ардын намд, аль, аль нь муу байх тусмаа ганц хүнд бүр тодорхойгоор хэлбэл Ерөнхийлөгч Х.Баттулгад л  ашигтай. Байсхийгээд л хэний ч танихгүй хэсэг хүмүүс Ардчилсан намаас гарлаа гэх болсон нь Ерөнхийлөгчийн найруулсан сценарийн дагуу явагдаж буй улс төр.

Н.Алтанхуягт Ерөнхийлөгчийн үгээр хөдлөх хөдөлшгүй том “шалтгаан” байгаа учраас л өөрийг нь Ерөнхий сайдаас заналтайгаар чөлөөлсөн хүнийхээ үгээр явахаас өөр аргагүй болсон байж мэднэ.

Ямар ч байсан  Н.Алтанхуягийн улс төрөөр дамжуулан АН-ыг өвөртөө оруулах, АТГ-аар айлгаж С.Эрдэнийг дарж авах илүү том сонирхол Ерөнхийлөгчид байна. С.Эрдэнэ байгаа цагт Х.Баттулга 2021 онд АН-аас ахин нэр дэвшихэд хэцүү. Гэтэл Ерөнхийлөгч Монголын “хаан” болмоор байдаг! Тиймээс Н.Алтанхуягийг тэрбээр “могой алах мод” болгожээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ТэнэглэлТэнэглэл
16
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж