Засгийн газар багш нарын цалинг нэмж, хуулиар хариуцлагыг нь чангатгасан ч ёс зүйгүй үйлдлийг нь хязгаарлахгүй бололтой.
Хэдхэн хоногийн өмнө нийслэлийн нэгэн цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багш нь 30 гаруй “сурагч”-аа анги засварын мөнгө өгөөгүй шалтгаанаар сандал өргүүлж зогсоосон байдаг. Сургууль, цэцэрлэг амрах болоогүй үед эцэг, эхийнх нь цалин буухыг хүлээж болмоор. Гэтэл эцэг, эхийнх нь хариуцлагагүй үйлдлийг хүүхдэд нь тохож, шийтгэсэн.
Ерөнхий боловсролын сургуулийн багш нартай холбоотой сурагчаа эцэг, эхийнх нь эрхэлдэг ажил, өмссөн зүүснээр нь ялгаварлан гадуурхдаг гомдол ч тасрахгүй байна. Тэр бүү хэл шавиа тооны машин алга болсон хэрэгт сэрдсэн асуудал ч гарсан. Хэрэг явдлыг тодруулбал, Хөвсгөл аймгийн Рашаант сумын дотуур байрны 11 настай Х өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлээр сураггүй болсон тухай мэдээлэл цацагдсан ч хоёр хоногийн дараа эсэн мэнд олдсон юм. Гэхдээ энэ хэрэг явдал болохын өмнө ангийн багш нь Х-г тооны машин алга болсон хэрэгт сэрдсэн байдаг.
Хулгайн хэрэгт сэрдэгдэнэ гэдэг хүүхдийн хувьд асар том шийтгэл. Тэр тусмаа үйлдээгүй хэргийнх нь төлөө хүүхдийг хулгайч болгоно гэдэг бол ноцтой буруутгал юм. Хэргийн учир начрыг үнэн зөвөөр олъё гэвэл сумын цагдаагаа ч болтугай дуудаад шалгуулж болно. Гэтэл өөрөө хэрэгтнийг илрүүлэх гээд шавиа насан турш санаж явах нэг муухай дурсамжтай үлдээж, өөрөө энэ асуудлаасаа болж, шалгагдаж байна.
Дараагийн кейс бол Өвөрхангай аймгийн I сургуулийн багш Ц нь гэрийн даалгавраа хийгээгүй гэх шалтгаанаар бага ангийн хоёр эрэгтэй, таван эмэгтэй сурагчийн чээжин хэсгийн хувцсыг тайлуулж, нүцгэлэн ангиудаар хэсүүлсэн ёс зүйгүй үйлдэл гаргаж байв. Ямар багшийн толгойд ийм шийтгэл бууж, бусад багш нар нь мөн энэ тэнэг үйлдлийг нь хүлээн зөвшөөрөөд сурагчдыг анги хэсүүлснийг төсөөлөхөд ч бэрх.
УИХ-аар саяхан хэлэлцсэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг сөхвөл аутизмтай хүүхдийн сурах эрх хэрхэн зөрчигдсөн тухай өр зүсэм тохиолдлыг Монголын Аутизмын холбооны удирдах зөвлөлийн гишүүн А-гийн ярилцлагаас иш татан өгүүлжээ.
Түүнд “Манайх хүүхдээ хувийн сургуульд хоёр долоо хоног явуулж үзсэн. Тэр үед хүү маань 10 настай, дөрөвдүгээр ангид орсон юм. Сургуулийн захиргаа дэмжиж, ямар нэгэн асуудалгүй хүлээгээд авсан. Хүүхдийнхээ онцлог байдлыг бусад хүүхдэд тайлбарлаж хэлье гэтэл “Тэгэх шаардлагагүй” гэлээ.
Гурав хоногийн дараа багш нь “Ер нь та нар хүүхдээ тусгай сургуульд өгөх ёстой юм биш үү, Танай хүүхэд хэт хөдөлгөөнтэй тул дэргэдэх хүүхдэдээ саад болж байна” гэв. Бид “Та нар дахиад ажиглаад үзээч, гурав хоногт ийм дүгнэлт хийж болохгүй байх” гэж гуйв. Хүү маань ч хичээлдээ явна гэж уйлав. Хүү хичээлдээ явж байсан ч хэд хоногоос багш нь “танай хүү хөдөлгөөнтэй учир хамгийн ард ганцааранг нь суулгасан” гэлээ. Мөн нэг өдөр ангийнхаа хүүхдүүдэд өгөөрэй гээд өгч явуулсан шоколадны цуглуулгыг тэр чигт нь буцаагаад авчирсан. Яагаад өгсөнгүй вэ гэтэл “Надаас хэн ч аваагүй” гэж хэлсэн юм.
Ангийн багш нь аутизмтай хүүхэдтэй ажиллах арга барил, туршлагагүй учраас манай хүүхдийг ялган хамгийн ард аваачиж суулгаж, хүүхдүүд ч багшийнхаа энэ хандлагаас сэдэл авч “энэ хүүхэд биднээс өөр, түүнтэй харилцаж болохгүй, шоколад авч болохгүй” гэсэн бодол төрсөн юм шиг байгаа юм. Тэгээд хүүгээ сэтгэл санааны дарамтад орж, ядрах юм байна гээд өөр сургуульд сургахаар сургуулиас нь гаргасан…” гэжээ.
Энэ бол зөвхөн нэг л сургууль дээр болсон тохиолдол. Хөгжлийн бэрхшээлтэй болон аутизмтай хэчнээн хүүхдийн сурах эрх багшийн харилцаанаас болж зөрчигдөж, анги хамт олон нь хүртэл дөлж буйг харуулсан нэгхэн жишээ юм.
Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн сурагчид өөр хоорондоо баян, тарган, сурлагатай, сурлагүйгээрээ хуваагдаж, ялгарахад ч багшийн ёс зүйгүй үйлдэл л нөлөөлсөн байх нь олонтаа.
Мөнгө төгрөг өгдөг, ажлыг нь бүтээж өгдөг аав, ээжийн хүүхдийг сурлага муутай ч өөд нь татна, аав, ээжийнх нь эрхэлдэг ажил хар бор бол сурлагатай байсан ч дарна.
НҮБ-ын Хүүхдийг ивээх сангаас хийсэн 2016-2017 оны судалгаанд оролцсон хүүхдүүдийн дунд боловсролын орчинд хамгийн их зовоодог зүйл нь ялгаварлан гадуурхалт, дарамт гэдгийг онцолжээ. Судалгааны үр дүнд хүүхдүүдийн 69.5 хувь нь сургуулийн орчинд дарамт хүчирхийлэлд өртсөн. Үүний 15 хувь нь багш, 5.6 хувь нь нийгмийн ажилтан ямар нэгэн байдлаар хүчирхийлэл үйлдсэн гэж хариулсан байдаг. Багш нар зарим хүүхдэд давуу байдлыг олгодог. Ингэхдээ эцэг эх, амьдралын нөхцөл байдал, эдийн засаг, багшид ямар нэг хэмжээгээр ашигтай байх талыг хардаг. Нэг хүүхдэд давуу байдлыг олгож эхлэхэд бусад хүүхдийн суралцах идэвхи, өөртөө итгэх итгэл буурдаг. Энэ нь сурах эрхийг хангахад зөрчил гаргаж байна” гэсэн байдаг.
Уг нь сургууль бол сурагчдын хоёр дахь гэр нь юм. Ихэнх цагаа сургуулийн орчинд өнгөрөөж байгаа ирээдүй үеэ эцэг, эх нь сургахаас гадна багшийн ёс зүй, хүмүүжил хамгаас чухал. Хэнтэй яаж харилцаж байгаагаас сурагч бүр суралцаж байдаг. Нэг жилийн өмнө цахим ертөнцөд ангийн даргад өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн хүү сурагч бүрт 1000 төгрөг тараасан тухай дуулиан дэгдэж, авлига, хээл хахууль энэ салбарынхны хүмүүжлийг хэрхэн эвдэж буйг дээр, дооргүй л гайхаж ярьсан. Гэтэл өнөөдөр аль сургалт сайтай гэсэн сургуульд эцэг, эхчүүд хүүхдээ сургахын тулд сургуулийн захиралд нь, багшид нь авлига өгч байна. Энэ тухай мэдээллийг авсан хүүхэд “Ингэх л ёстой” гэсэн ойлголттой болж төлөвшиж эхэлсэн нь нийгмийн эмгэнэл юм.
Дээр нь сурагчдаа олимпиад нэрээр уралдуулна. Зарим сургуулийн хувьд энэ нь мөнгөтэй болох арга ч болж хувирсан шиг байгаа юм.
Энэ асуудлаас гарах гарц нь ёс зүйтэй багш бэлтгэн, ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт хүний эрхийн хичээлийг ерөнхий мэдлэгийн суурь хичээл болгон үздэг, хөтөлбөртэй болохоос гадна нийгмийн ажилтнуудыг хүний эрхийн чиглэлээр сургаж, мэргэшүүлэх асуудал ч чухлаар тавигдаж байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд аа, 1-5 дугаар ангийн элсэгчдээс төлбөр авч шалгалт аван элсүүлдэг гэх асуудалтай тэмцэхээс илүүтэй ёс зүйтэй багш бэлтгэх, одоогийн багш нартаа ёс зүй, хүний эрхийн хичээл зааж, сургаж авахгүй бол ялгаварлан гадуурхалтыг өдөөгч нь багш болж хувирлаа.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ