Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам болов

Хуучирсан мэдээ: 2015.05.27-нд нийтлэгдсэн

Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн спортын наадам болов

Эрүүл мэнд, спортын яам, Монголын Дифспортын хороо, түүний гишүүн спортын холбоод, 29-р тусгай сургууль хамтран тавдугаар сарын 23-ны өдөр сонсголын бэрхшээлтэй хүүхдийн спортын наадмыг зохион байгуулав.

Хүүхдийн спортын V их наадмын тухай Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 11-р сарын 21-ний өдрийн 359 тоот тогтоолоор сонсголын бэрхшээлтэй хүүхдийн спортын наадмыг тусгай хөтөлбөрөөр анх удаа зохион байгуулахыг холбогдох газруудад даалгасан юм. Тиймээс дээрх тогтоолыг хэрэгжүүлэх, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн дунд Дифлимпэд багтдаг спортоор хичээллэх сонирхлыг дэмжих, спортын дүрмийн дагуу шударга тоглох ёс зүй, өрсөлдөгчөө хүндлэх соёл, тэвчээр, хамт олонч үзэл санаа, хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой энэхүү спортын наадмыг зохион байгуулжээ. Мөн тус наадмаас 2018 онд болох хүүхдийн Дифлимпийн анхдугаар наадамд оролцох өсвөр үеийн тамирчдыг тодруулж, бэлтгэх зорилготой аж.

Нийслэлийн 29-р сургууль дээр болсон энэхүү хүүхдийн наадам сагсан бөмбөг, ширээний теннис, хөнгөн атлетик гэсэн спортын гурван төрлөөр, 32 багц, нийт 96 медалийн төлөө өрсөлдсөн байна. Энэхүү хүүхдийн наадмын өмнө буюу тавдугаар сарын 7-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас паралимп, дифлимпийн хүүхдийн тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд эндээс шалгарсан хүүхдүүд шигшээ тэмцээнд оролцох эрхийг авчээ.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж